НИЙГЭМНийгэм мэдээ

Бөхийн таамаг: Түрүүгээ батлах Э.Батмагнай юу олонтойгоо Увсын "өндөр аварга" уу

Ердөө гурван хоногийн дараа Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам болно. Улмаар 1024 бөх гурван өдөр барилдахаар болсон. Жил бүрийн наадмаар аль нутгаас төрийн наадмын түрүү бөх тодорч, хэний хүү индэр өөд алхах бол гэж ард олон чих тавин хүлээдэг.

Энэ жил 1024 бөх барилдах учир Монгол Улсын 26 дахь аварга цолтон төрөх боломжтой. 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийг ойг хамтатган тэмдэглэж 1024 бөх барилдахад Ховд аймгийн харьяат Улсын харцага О.Хангай түрүүлж Монгол Улсын 25 дахь аварга болсон. Хэрэв энэ жил Улсын аварга цолтой бөх түрүүлбэл дархан аварга болох юм.

-Түрүүгээ баталж мэдэх Э.Батмагнай-

Гэрэл зургийг О.Улсболд, Архивын зургийг ашиглав.

Улсын баяр наадмаар түрүүлэх бөхийн таамгийг хүргэж байна. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргадаг чансаа оноог Улсын цолтой бөхчүүдээс Улсын арслан Э.Батмагнай тэргүүлсэн. Тэргүүн Богд дэвжээний галын сорилго барилдаанд мөн түрүүлсэн. Түүнчлэн Э.Батмагнай "Алтан цом"ын төлөөх барилдаанд 34 барилдаж 32 давсан амжилтаар нийт бөхчүүдийг тэргүүлсэн юм. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх тэрбээр наадмаас хойш цөөн бөхөд өвдөг шороодсон. Тухайлбал бөхийн өргөөнд албан ёсоор зохион байгуулсан барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, Улсын начин Л.Энхсаруул, Аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар аймгийн харцага Б.Ренчинжүгдэр, сумын заан Б.Баасантогтох нарт тахим буулгаад буй.

Залуу арслан цолныхоо "бяраар" ам авч, долоо, наймын даваа хүртэл тунахгүй барилдана. Түүнд цол нь ч бий, хүч нь байгаа учир энэ жил аварга цол хүртэхийг үгүйсгэх араггүй юм. Улмаар энэ жилийн түрүү бөхийн тааварт арслан зүй ёсоор нэрлэгдэж байна.

-Гар амраах хүнгүй "ганцаардаж" мэдэх Б.Орхонбаяр-

Дараагийн бөх бол Улсын арслан Б.Орхонбаяр. Монголд төдийгүй олон улсад дэмжигчид олон түүнд энэ жил түрүүлэх боломж бий. Өнгөрсөн жил зургаагийн даваанд Дорнод аймгийн харьяат Улсын харцага Бэлгүтэйд тахим буулгасан. 2024, 2022 онуудад Улсын наадамд үзүүрлээд буй Б.Орхонбаяр энэ жил дутуугаа гүйцээж дундуураа дүүргэх боломжтой. Харин Увсын хоёр аварга болон О.Хангай нар дээш шахаж барилдвал Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар тунах магадлалтай юм. Гэхдээ Б.Орхонбаярын гарыг амрааж өгөх том цолтой бөх цөөн. Иймд тэрбээр дээгүүр даваанд тунах магадлалтай. Энэ жил түүнийг үзэхээр "Physical Asia" алдартай тамирчид олон ирнэ. Гэхдээ энэ нь Б.Орхонбаярт дэм болохоосоо илүүтэйгээр дарамт болж магад. Улсын наадмын үзүүр түрүүнд хоёр ч удаа барилдаж үзсэн Б.Орхонбаяр сандарч алдаа гаргах, ам мэхэнд орохгүй мэдээж.

Аймгийн цолтноос төрийн наадамд түрүүлж байсан П.Бүрэнтөгс аварга энэ жил түрүүлж мэднэ. "Увс нуур" дэвжээнийхэн багаар ажиллаж чадвал өндөр аварга дархан аварга болох боломжтой. Өнгөрсөн жилийн наадмаар багийн ажиллагаа маш чухал гэдгийг бид харсан. Увс нуур дэвжээний бөхчүүдэд цол эрэмбэ, ур ухаан аль аль нь бий. Гол нь тэдний эв нэгдэл хэр хүчтэй байхаас Увс нуур дуу төв цэнгэлдэх хүрээлэнд дуулагдах эсэх нь шалтгаална. Өнгөрсөн жилийн түрүү бөх Э.Батмагнай хэвлэлд өгсөн ярилцлагдаа П.Бүрэнтөгс аваргыг хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан хэмээн тодотгосон байдаг. Нэг явбал нэвт гүйж мэдэх "өндөр аварга" түрүү бөхийн тааварт нэрлэгдэж байна.

-Отгон аварга О.Хангай, отгон дархан аварга болох уу-

Отгон аварга О.Хангай энэ жил дархан аваргын төлөө дайралт хийх нь ойлгомтой. Аварга цолны эрэмбээр доогуур даваанд барилдаан таарах бөхчүүдээ авах нь мэдээж. Ховд аймгийн бөхчүүд хэзээнээс хоорондоо үнэн хүчийг үзэн барилдаж ирсэн учир түүнээр авхуулж цол хүртэх аймаг, улсын цолтон байхгүй. Тиймээс аварга зөв ам авч чадвал түрүү хүртэх бүрэн боломжтой.

Бөх сонирхогчид Завхан аймгийн яруу сумын харьяат МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл, Ховд аймгийн харьяат Улсын заан Б.Бат-Өлзий нарыг түрүү, үзүүрт нэрлээд байгаа. Том наадамд том цолтонууд шахаж бариллдаг. Тэр тусмаа улсын наадамд. Иймд хоёр заан зургаа, долоогийн даваанд хоорондоо тунах магадлал өндөр. Хоорондоо тунахгүй ч гэлээ зургаа, долоогийн даваанаас үзүүр, түрүү хүртэл тунах нь мэдээж.

Угтаа энэ жил Увсын хоёр аварга хэрхэн барилдахаас дээрх бөхчүүдийн аль түрүүлэх нь ойлгомжтой болно. Жил бүр шинээр улсын цолтон болох бөхчүүдийг үзэгчид хуруу даран хүлээдэг. Энэ жил 1024 бөх барилдах учраас даваа нэгээр нэмэгдэж, улсын цолтонуудын тоо нэмэгдэнэ. Бөхчүүдийн чансааг тэргүүлсэн 25 настай Ховд аймгийн арслан М.Баяржавхлан хамгийн залуу начин болж даага хөтлөж мэднэ. Түүнийг дөрвийн тунаанаас гаргаж өгөх бөхчүүд Ховд аймагт бий. Түүнчлэн тав давуулах ч ах нар байж мэднэ.

-Архангайн ах нар нь Хашаатын ханагар заан С.Сүхбатаа "зүтгүүлж" мэднэ-

Харин Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож энэ жил бүх цэргийн наадамд түрүүлж бадрангуй чимэг нэмсэн. Түүнчлэн галын сорилго барилдаандаа түрүүлсэн. Дөрвийн давааны нугараа аятайхан таарч тавын даваанд аймгийн арслан Н.Амгаланбаатар, Архангай аймгийн арслан Ө.Батсуурь зэрэг цолонд шахаж яваа арслангуудтай тунана. Түүнийг тунаанаас гаргах боломжтой бөх гэвэл Хэнтий аймгийн харьяат Улсын харцага Г.Бадарч, Улсын арслан Э.Оюунболд нар. Өнгөрсөн жил Ш.Отгонтөгсийг начин болгосон Э.Оюунболд арслан энэ жил хэрхэх нь эргэлзээтэй. Тэрбээр өөрөө ч зүтгэж мэднэ.

Ах нар олон Архангай аймгийн харьяат Улсын заан С.Сүхбатыг нутгийнхан нь түрүүлэх боломжтой бөх гэж хардаг. М.Бадарч гардиас хойш түрүү үзүүрт хүрээгүй Архангай аймаг энэ жил нэгийг бодон суугаа биз. Харин Б.Зоригтбаатар уу, С.Сүхбат уу. Эсвэл нэгнээ харалгүй барилдаж ч мэднэ. Энэ жил алтан цом өргөсөн "Бөх билэгт" дэвжээний сорилго барилдаанд үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлсэн. Өнгөрсөн жилийн түрүү бөхөд тахим буулгасан тэрбээр сүүлийн жилүүдэд сансандаа хүрч барилдаж чадахгүй байгаа. Энэ жил цахилгаан зоригоо цахилж мэднэ. Эсвэл Архангайнхан Хашаатын ханагар заан С.Сүхбатаа явуулж мэдэх юм.

Хөвсгөлийн "хөөрхөн" Хүрэлээ, хоёр Баасанжав нарын аль азтай нь Ц.Содномдорж арслангаар начин болж мэднэ. Харин таамаг эвдэж мэдэх бөхөөр Төв аймгийн харьяат Улсын заан Д.Хүдэрбулга нэрлэгдлээ. "Хүрж" Хүдэрээ заанаас олон бөхчүүд "зугтдаг". Тэрбээр чансаа оноогоор долоодугаар байрт бичигдсэн. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын арслан Ц.Бямба-Отгон мөн таавар эвдэж мэдэхээр байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиpн
Зочиpн

орхонбаяр хэтэрхии дарууу байж батсуурь хангай 2-т түрүүгээ өгцөн лдөө. одооо чадахгүй бхдаа.

Холбоотой мэдээ

Back to top button