УИХ-ын гишүүдийн дурсамж: Хүүхэд насны наадам хамгийн сайхан нь байж
Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс наадмын үеийн дурсамж, хэрхэн тэмдэглэдэг болохыг тодрууллаа.
-Жил жилийн наадам сайхан. Тэр дундаа аавтайгаа хамт очиж үзсэн наадам бүхэн сайхан. Наадам дөхөөд ирэхээр аавыгаа их санадаг-

Г.Дамдинням: Миний өвөө бөх хүн байсан. Мөн аав минь аймгийн заан цолтой бөх байлаа, Дархан-Уул аймгийнхан сайн мэднэ. Миний төрсөн ах ч мөн адил бөх, аймгийн арслан Г.Дамдинхүү гэж хүн бий. Би Монгол бөхийн гэр бүлд төрж өссөн учир наадамд тун ач холбогдол өгч тэмдэглэдэг. Жил жилийн наадам сайхан. Тэр дундаа аавтайгаа хамт очиж үзсэн наадам бүхэн сайхан. Наадам дөхөөд ирэхээр аавыгаа их санадаг.
Наадамтай холбоотой хөгжилтэй дурсамж гэвэл Дархан-Уул аймгийнхаа наадамд хүүхэд байхдаа барилдсан. Нэгийн даваанд дэвж гараад л, нэг хүүхэдтэй золгож барилдаж байсан юм. Нэг мэдэхэд тэнгэр харагдаж байсан. Яах аргагүй бөхийн гэр бүлд өссөн учир барилдаад үзье гэж санасан юм тэр. Гэхдээ бөх бол миний хийж чадах зүйл биш гэдгийг тэгж ойлгосон.
Цэнгэлдэхэд очиж наадмынхаа нээлтийг үзнэ. УИХ, Засгийн газарт төр төлөөлж ажиллаж байгаа хүн учир баярлах гэхээс илүү бидний ажил юм.
-Хүүхэд насны наадам хамгийн сайхан. Би Архангай аймагт төрж өссөн. Наадам үзэхээр бүгд морьтой хөдөлнө. Би морь муу унадаг учир хониныхоо морийг унуулчихна. Тэр нь газар хороохгүй, маш удаан явна, тэгснээ буцахдаа их хурдан-

Х.Булгантуяа: Хүүхэд насны наадам хамгийн сайхан. Би Архангай аймагт төрж өссөн. Наадам үзэхээр бүгд морьтой хөдөлнө. Би морь муу унадаг учир хониныхоо морийг унуулчихна. Тэр нь газар хороохгүй, маш удаан явна. Хүүхдүүд наадмын талбай дээр түрүүлээд оччихсон байдаг байж билээ. Харин морь маань харих болохоороо их хурдан. Тухайн цагт наадмын талбай дээр очиж, улаан ус ууж хуушуур авч идэх л хамгийн сайхан санагддаг байсан.
Нэг жилийн наадмаар би сэтгүүлч та бүхний ажлыг хийсэн юм. National geographic Монгол наадмын тухай том нэвтрүүлэг хийх гээд ирсэн байлаа. Би оюутан, 18, 19 настай л байсан санагдаж байна. Гадаад хэлний түвшин сайн тул орчуулагчаар гэрээлж ажиллахаар болсон юм. Наадмын талбай дээрээс бөхийн барилдаан сурвалжлахад би орчуулгыг нь хийв. Тухайн үед Б.Бат-Эрдэнэ аварга барилдаж байсан. Даяар дурсагдах дархан аварга гээд л бөхийн олон цол, гуншныг нь дуудахад би сайн орчуулж чадаагүй. Мөн Монголын өв соёл, бөхийн барилдаантай холбоотой асуулт асуухад би төдийлөн сайн мэдэхгүй байсан. Тэр үед маш их санаа зовж, ичиж байсан. Хүүхэд байсан учир хариуцлага муутай л байж гэж боддог. Маш том хэвлэл мэдээллийн байгууллага манайд ирж сурвалжилга бэлтгэхэд нь би маш сайн судалгаатай байх байжээ гэж шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Энэ жилийн наадмаар цэнгэлдэх орж амжихгүй байх. Гэр бүлийнхэнтэйгээ хөдөө явахаар төлөвлөсөн. Мөн триатлоны УАШТ-д оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа. Яаж нуурандаа очоод живчихгүйхэн шиг сэлэх вэ гэдэгтээ санаа зовж, стресстэж байна.
-Миний морь Улсын баяр наадамд түрүүлэх, айрагдах, Ховд нутгийн маань сайхан бөхчүүд түрүүлэх, дээгүүр даваанд барилдахад сайхан санагддаг аа-

З.Мэндсайхан: Монголчуудын минь бахархал, дархлаа болсон Үндэсний баяр наадам болох гэж байна. Монгол хүн бүр сэтгэл догдолж буй байх. Засгийн газрын зүгээс наадмын өмнө ард түмэндээ сайхан мэдээ дуулгалаа. Энэ бол 17 жилийн туршид цэг тавигдаагүй байсан Оюу Толгойн гэрээ байлаа.
Бүх наадам сайхан байдаг. Хүүхэд байхаасаа аавынхаа өвөр дээр суугаад наадамд үзэж байсан цаг нүдэнд харагдаж байна. Наймдугаар ангидаа өөрөө морь уяж, сумынхаа наадамд айрагдуулж байсан цаг сайхан санагдаж байна. Ер нь хүүхэд насны баяр наадмууд их сайхан л даа. Тэр цагаас хойш миний морь Улсын баяр наадамд түрүүлэх, айрагдах, Ховд нутгийн маань сайхан бөхчүүд түрүүлэх, дээгүүр даваанд барилдахад сайхан санагддаг аа.
Энэ жил Хүй долоон худагтаа гэрээ барьж, морьдоо тосно. Мөн цэнгэлдэх орж нээлтээ үзнэ. Нутгийнхаа бөхчүүдийг дэмжинэ. Энэ жил манай Ховдын бөхчүүд тун өнгөтэй байгаа. Сайхан мэдээ дуулгах байх.
-Цэнгэлдэхийн гадна, бор цаасан дээр бөөрөнхий хуушуур тавьчхаад бариад гүйж байсан хүүхэд насны наадмын дурсамжууд сайхан санагддаг аа-

О.Саранчулуун: Цэнгэлдэхийн гадна, бор цаасан дээр бөөрөнхий хуушуур тавьчхаад бариад гүйж байсан хүүхэд насны наадмын дурсамжууд сайхан санагддаг аа. Энэ жилийн наадмаар ээжийгээ цэнгэлдэх хүрээлэн оруулж наадам үзүүлье гэж бодож байгаа. Манай ээж цэнгэлдэхэд наадам үзэж байгаагүй юм билээ.
Наадмын зохион байгуулалт дээр сэтгэл хангалуун байгаа зүйлээ хэлье гэж бодлоо. Цэнгэлдэхийн хаалгаас хоёрыг нь хүртээмжтэй болгож тохижуулж байгаа юм билээ. Мөн багагүй олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт наадам үзэх болсондоо баяртай байгаа.
-Морь барианд орж ирэхэд хамар нь шархирдаггүй Монгол хүн гэж байхгүй биз дээ. Гэхдээ хүний морь хараад суух бус би нэг морь мордуулж, ард түмнээ баясгая гэсэн итгэл үнэмшлээр олон жил морь уралдуулж байна. Олигтой айрагдаж, түрүүлдэггүй л болохоос биш. Чадахаараа л хичээдэг юм-

Л.Гантөмөр: Ө.Тулга зааныг Монгол Улсын начин цол хүртлээ гэдгийг радиогоор сонсож байлаа. Тэр маш баяртай, сайхан наадам болж байсан санагдаж байна. Мөн хүүхэд байхад наадмын хуушуур, чихэртэй ус хамгийн амттай байж билээ.
Харин ойрын үеийн наадмын сонин, сайхан дурсамж гэвэл морьтой холбоотой. Уяж, сойсон морь сайн давхих үед маш их баярладаг. 2016 онд миний даага долоогоор давхихад мөн их баярласан. Үүнээс гадна азарга зургаалсан юм. Уг нь таваар давхиж байсан ч хамрын зөрүү гарснаар зургаад жагссан. Айрагдаагүйд нь гонсойж байсан хэдий ч зургаагаар давхисанд нь ихэд баярласан.
Тэр жил Б.Ганбат арслан түрүүлсэн. Бид үеийнхэн дотроосоо Б.Ганбат арсланг хамгийн том цолонд хүрнэ гэж итгэж харж байсан юм. Гэтэл заан цолонд хүрээд гацах янзтай удсан. Харин харьж явахдаа наадмын түрүүг авсан. Ингэж би тэр наадмын орой хагартлаа баярлаж байсан юм.
Наадмын нээлт үзэж амжихгүй байх. Төрийн ёслол тул эхнэр хүүхдийн шахалтаар олон жилийн өмнө хэдэн удаа л очиж байсан. Чадвал 12-ны өдрийн хаалтын барилдааныг үзэх дуртай. Даан ч морь уралдуулдаг болохоор амждаггүй. Хүй долоон худаг Төв цэнгэлдэх хооронд явах төвөгтэй шүү дээ. Өнгөрсөн жил даага, соёолон мордуулаагүй болохоор хаалтын барилдаан үзэж амжсан. Энэ жил аль алийг нь сойж буй тул хаалтын барилдаан үзэх цаг надад гарахгүй байх. Телевизээрээ л үзэж таарах байх.
Өдөр нь хурал чуулгандаа сууж, орой үдшээр мориныхоо ажлыг хийж байгаа. Чуулган завсарлаж, наадмын амралтын өдрүүд эхэлмэгц морь дээрээ очно.
Ер Монгол эр хүн бол морио уралдуулж байх нь зөв. Бид хоёр том үүрэгтэй. Нэг нь үр хүүхдээ сайн сайн өсгөх, нөгөө нь өв соёлоо тэдэндээ хүлээлгэн өгөх. Тэгэхгүй бол хотын залуус Монгол ахуйгаас холдож байна. Миний үр хүүхдүүд л гэхэд морь, малаас хол. Иймд өөрөө гардан оролцож, тэдэндээ сургаж, дурлуулах ёстой гэж хувьдаа ухамсарладаг. Нөгөө талаас харахад Монгол эр хүний л сонирхол.
Морь барианд орж ирэхэд хамар нь шархирдаггүй Монгол хүн гэж байхгүй биз дээ. Гэхдээ хүний морь хараад суух бус би нэг морь мордуулж, ард түмнээ баясгая гэсэн итгэл үнэмшлээр олон жил морь уралдуулж байна. Олигтой айрагдаж, түрүүлдэггүй л болохоос биш. Чадахаараа л хичээдэг юм. Энэ жил ч ялгаагүй чадлаараа сойж байна. Их нас, даага, соёолон уяж байгаа. Тэднийгээ мордуулж хийморио үзнэ дээ гэсэн хүлээлттэй байна.
-Наадмын урт амралтын өдрүүдээр гэр бүлдээ цаг зав гаргаж, гэр орноо цэвэрлэж, төвхнүүлэх бодол байна. Санаачилсан хуулиа батлуулах гээд ажлын хэсэг, найруулга зэрэгт ажиллаад маш завгүй хэдэн сар өнгөрсөн байна-

М.Мандхай: Наадмын өдрүүдээр гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх хамгийн сайхан байдаг. Мөн цэнгэлдэхэд наадмынхаа нээлтийг үзэх сайхан байдаг. Жил бүр л элдэв шүүмжлэл дагуулж ирсэн. Мэдээж хүн бүрт таалагдах албагүй шүү дээ.
Миний хувьд наадмын урт амралтын өдрүүдээр гэр бүлдээ цаг зав гаргаж, гэр орноо цэвэрлэж, төвхнүүлэх бодол байна. Санаачилсан хуулиа батлуулах гээд ажлын хэсэг, найруулга зэрэгт ажиллаад маш завгүй хэдэн сар өнгөрсөн байна. Ээжийнхээ үүргийг маш сайн гүйцэтгэнэ дээ гэж бодож байна.
-Аав минь надад "миний хүү барилдчих юм биш үү" гээд өсвөрийн барилдаанд бүртгүүлчихсэн. Нэгийн даваанд өвдөг шороодоод эргээд иртэл аав харьчихсан байсан. "Та яагаад хаяад явчхав аа" гэж асуухад аав над руу эргэж харахгүйгээр "Миний хүү барилдахгүй юм байна аа" гэсэн. Аав хүн үнэнийг л хэлсэн нь тэр-

Ч.Лодойсамбуу: Хамгийн тод үлдсэн дурсамжтай наадам гэвэл, 2022 оны наадам. Барилдсан гэж хэлж чаддаггүй юм. Бөхийн бэлтгэлийг зориуд хийж, 1024 бөхийн барилдаанд бүртгүүлж төрийн наадмын торгон дэвжээнд гарсан хэсэг маань хамгийн тод дурсамжтай наадам байна. Угтаа таван минут барилдана гэж ярьсан, бодсон. Худлаа л юм билээ л дээ. 1:30 минут л барилдсан. Улсын заан Д.Амгаланбаатартай таарсан. Амгаа заан намайг зөөлөн тавьсан, түүнд нь их баярладаг даа.
Хүүхэд насны наадамтай холбоотой хөгжилтэй дурсамж гэвэл, Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой гэж санаж байна. Долоодугаар анги байсан санаж байна. Өсгөлүүн, том биетэй хүү байлаа л даа. Аав минь надад "миний хүү барилдчих юм биш үү" гээд өсвөрийн барилдаанд бүртгүүлчихсэн. Надад зодог шуудаг байдаггүй, аавд ч байхгүй. Аав найзынхаа зодог шуудгийг гуйж надад өмсүүлж байлаа. Гэтэл шуудаг нь надад багадаж байсныг санаж байна.
Тэр үед ямар ч бэлтгэл хийгээгүй. Барилдах гэж өрөөд л, нэгийн даваа дээр давхар хамуулаад л унасан юм. Уг нь аавтайгаа цуг явсан. Гэтэл уначхаад үзэгчдийн суудал руу яваад очтол миний хувцас үлдчихсэн, аав явчихсан байх нь тэр. Гэртээ яваад иртэл аав зурагтаар бөхөө үзээд сууж байна. "Та яагаад хаяад явчхав аа" гэж асуухад аав над руу эргэж харахгүйгээр "Миний хүү барилдахгүй юм байна аа" гэсэн. Аав хүн үнэнийг л хэлсэн нь тэр.
-Өмнө нь гишүүд урилгаа хамаатан садан, найз нөхдөдөө дамжуулчихдаг байсныг энэ жилээс таслан зогсоож зөвхөн та болон танай гэр бүлийн хүн нэвтэрнэ гэх хязгаарлалт тогтоож буй юм билээ. Төрөө хүндэтгээд наадмынхаа нээлтийг очиж сонирхоно-

А.Ариунзаяа: Гишүүд наадам үзэж болох эсэх дээр бөөн маргаан үүслээ. Угтаа цэнгэлдэхдээ очоод наадмаа үзэн гэр бүлтэйгээ өнгөрүүлэх хамгийн сайхан. УИХ-ын гишүүдийн хувьд сайд нараас хамаагүй бага ачаалалтай ажилладаг. Би өмнө нь сайдаар ажиллаж байхдаа наадмын 7 хоногт л амарч амждаг байсан, ээлжийн амралт байдаггүй. Харин одоо гишүүн тул намрын чуулган хүртэл зав зайтай байх тул хүүхдүүддээ цагаа зарцуулна, агаар салхинд гарна гэж бодож байгаа.
Гишүүдийн урилгатай холбоотой үүссэн асуудлыг аль болох эергээр хүлээж авч байгаа. Учир нь хүндэтгэлийн асарт хэн дуртай нь суудаггүй, мөн нээлттэй худалдаалдаггүй. Өмнө нь гишүүд урилгаа хамаатан садан, найз нөхдөдөө дамжуулчихдаг байсныг энэ жилээс таслан зогсоож зөвхөн та болон танай гэр бүлийн хүн нэвтэрнэ гэх хязгаарлалт тогтоож буй юм билээ. Төрөө хүндэтгээд наадмынхаа нээлтийг очиж сонирхоно.
-Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөр нэг өдөр л дүгнэгддэг. Бид олуулаа нийлж, галж болж уяа сойлгоо хийдэг. 200-300 морьд уяж байгаа, уяа эвлэг сайхан болж буй-

П.Мөнхтулга: Хүүхэд байхдаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумынхаа наадамд азарга унаж түрүүлж байсан тэр наадамд сэтгэлд хамгийн тод үлдсэн байна. Мөн Есөнзүйлийн даншигт 1995 онд хээр азаргаа унаж оролцож байсан нь хамгийн сайхан байсан.
Уясан морь минь хурдан эсэх нь наадмаар л хэмжигдэнэ. Бүх хүмүүс найдлага тавиад уяа сойлгоо хийж буй байх. Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөр нэг өдөр л дүгнэгддэг. Бид олуулаа нийлж, галж болж уяа сойлгоо хийдэг. 200-300 морьд уяж байгаа. Уяа эвлэг сайхан болж буй.
Энэ жил Архангай аймгийнхаа наадамд оролцоно. Амжвал Төрийнхөө наадмын нээлтийг үзэж сонирхоно гэж бодож байгаа. Урилгаа 300 мянгаар худалдаж авсан.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.