НИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ-ын төр, хувийн хэвшлийн оновчтой хамтын ажиллагаа

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён 6 сарын 29-ний өдөр тус улсын хувийн хэвшлийн Самсунг, Эскей зэрэг корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нартай хамтран “Гурван мега төсөл” танилцууллаа. БНСУ-ын засгийн газар энэхүү төслүүдийг хиймэл оюун ухаан, эрчим хүч, бүс нутгийн хөгжлийг нэгтгэсэн улс орны хөгжлийн стратеги төлөвлөгөөний нэг хэсэг болохыг онцлон тэмдэглэлээ.

БНСУ нь эдүгээ дэлхийн технологиор тэргүүлэгчдийн нэг билээ. Тус улс эдийн засгийн гол ачааг үүрч ирсэн хүнд аж үйлдвэрийн салбарт БНХАУ, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудтай өрсөлдөх чадвар хумигдаж байгаа учир ирээдүйн хөгжлийн гарцаар хагас дамжуулагч, санах ой, дэлгэц, цэнэг хураагуур зэрэг салбарийг сонгож, төрийн бодлого хөтөлбөрүүд нь эдгээр салбарын технологийн хөгжилд илүү анхаарах болсон юм. Уг төслөөр дамжуулан тус улсын засгийн газар технологиор дэлхийд тэргүүлэх байр сууриа бэхжүүлэх, улс орны ирээдүйн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төвлөрлийг сааруулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих зэрэг хэд хэдэн зорилго тавьжээ.

Төслийн хүрээнд Самсунг, Эскей корпорацууд 800 ихнаяд воны өртөг бүхий хагас дамжуулагчийн 4 үйлдвэр, 81 ихнаяд воны өртөг бүхий өндөр хурдны санах ойн нэг үйлдвэр байгуулахаар болсон байна. Хиймэл оюун ухааны дэд бүтцийн салбарт тус улсын Эскей, Жиэс, Нэйвер зэрэг корпорацууд хамтран 550 ихнаяд воны хөрөнгө оруулж 2029 он хүртэл 8.4 гегаватт эрчим хүчний хэрэглээ бүхий хиймэл оюун ухааны дата төв байгуулахаар болжээ. Эскей корпорац 1000 ихнаяд воны хөрөнгө оруулж 10 гегаватт эрчим хүчний хэрэглээ бүхий хиймэл оюун ухааны дата төв байгуулах, мөн хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэхэд 1100 ихнаяд воны хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдлээ.

Хиймэл оюун ухааны дата төвүүд нь асар их хэмжээний эрчим хүч, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь асар их хэмжээний усны нөөц шаарддаг онцлогтой. БНСУ нь далайгаар хүрээлэгдсэн учир усны эх үүсвэр харьцангуй арвин улсын нэг юм. Төслүүдийн хүрээнд 18.4 гегаватт эрчим хүчний эх үүсвэр бий болгох асуудал яригдаж байна. Энэ нь Монгол Улсын суурилагдсан цахилгаан үйлдвэрлэлийн нийт хүчин чадлаас (1.6 гегаватт) даруй 11.5 дахин өндөр үзүүлэлт аж. Энэхүү хэрэглээг тус улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 3350 орчим ихнаяд вон байх юм байна. Энэ нь өнөөгийн ханшаар 2.2 ихнаяд орчим ам.доллар болох юм. Эдгээр тоон үзүүлэлт нь уг төслүүдийн цар хүрээ хир өргөн, ямар том хэмжээтэй болохыг харуулж байна.

Энэхүү төслүүдээр дамжуулан тус улсын засгийн газар Сөүл хот болон Кёнги аймаг дахь хүн амын хэт төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго тавьжээ. Иргэдийн дунд засгийн газар орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хувийн хэвшлийнхэнд дарамт шахалт үзүүлж байна уу гэх хардлага байгаа аж. Үүнд ерөнхийлөгч И Жэ Мён “Засгийн газар хувийн хэвшлийнхэнд дарамт үзүүлэх бус ус болон сэргээгдэх эрчим хүчний хангалттай эх үүсвэр, хямд өртөг бүхий орон нутгийн байршилд газар олгох замаар илүү өргөн боломж бүхий хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж өгч байгаа юм” гэсэн тайлбар өгчээ. Эндээс харахад засгийн газрын зүгээс газар олгох, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд холбогдох зөвшөөрлийг гаргаж өгөх зэргээр хувийн хэвшлийнхнийг дэмжиж хамтран ажиллаж байгаа нь харагдаж байна.

Төр, хувийн хэвшлийн энэхүү хамтын ажиллагаа БНСУ-ын хувьд нь анхных биш юм. 1970-аад онд төрийн зүгээс хүнд болон химийн аж үйлдвэрийг дэмжих зорилгоор Гёнсан болон Чүнчон аймгуудын нутагт Хёндэ, Поско зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдэд газар олгох, бизнес, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох зөвшөөрөл, лицензийг саадгүй олгох, хөнгөлөлттэй зээл олгох, хувийн хэвшлийн гадаад зээлийн эх үүсвэрт баталгаа гаргах, татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх зэргээр үр ашигтай хамтран ажиллаж байсан түүхтэй. Төр болон хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийн энэхүү үр ашигтай хамтын ажиллагаа нь тус улсын эдийн засгийн хөгжлийн нэг чухал хүчин зүйл юм.

ОУСХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button