НИЙГЭМНийгэм мэдээ

Өлгийтэй байхдаа айлд өргөгдөн холдсон ч өсвөр наснаасаа ижилдэн, хамтдаа өтөлж буй өвлөн уламжлагч ихрүүд Р.Хандсүрэн, Т.Шануу

Тэмээн сүргийн магтаалыг хоолой нийлэн уянгалуулах ногоон торгон дээлээр ижилдэн гоёсон эрхмүүд бол Р.Хандсүрэн Т.Шануу. Тэд ховорхон заяанд төрсөн ихрүүд. Эхээс мэндлээд 22 хоногтой байх үед нэгийг нь айлд өргүүлснээр бие биеэсээ алсхан өссөн ч өдгөө товшуур хөгжим дарж, хамтдаа дуулж хуурдан нэгнээ түшин амьдарч буй нь энэ. 

Тэд “Өдий 70 гаруй насандаа дуу хадаах зэрэгтэй яваа маань хүүхэд наснаас бие, сэтгэлийн тэнхээ суулгасан монгол ахуй, өв соёл, дуу хуурын ач гэж боддог. Нас нэмэх тусмаа л нэгнээ санадаг. Ойр байх гэж тэмүүлдэг болчихдог юм байна. Хүмүүс бид хоёрыг хараад ямар хөөрхөн юм бэ гэлцдэг. Олны ерөөл буянаар сайн сайхан явна даа” хэмээн амны бэлгэ дүүрэн өгүүлнэ.

Ихрүүдийн нэрийн өмнө эцэг эхийнх нь алдраас гадна зээ таталтын өвлөн уламжлагч, ардын авьяастан, удам дамжсан уртын дуучид гээд уртаа гэгчийн тодотгол хөвөрнө. Хоёр талд өссөн ч авьяас, хүсэл сонирхол нь ижил. Тэр ч бүү хэл хоёул зургаан хүүхэд төрүүлж өсгөсний тав нь чацуу ажээ. Ийм нэгэн сонирхолтой хувь тавилангийн эзэд, соёлын өв тээгч, түгээн дэлгэрүүлэгч эгч дүүстэй ярилцсанаа хүргэе.


-Сайхан зусацгааж байна уу. Монгол ёсоор нутаг усных нь тухай яриагаа эхэлье. Та хоёр маань аль нутгийн хүмүүс вэ. Тэмээн сүргийн магтаалыг дуудахыг бодоход говь зүгийнх болов уу гэж таамаглалаа?

-Бид дуу хуурын өлгийн Дундговь нутгийн улс. Манай Баянжаргалан сум говь хээрийн бүс хосолсон сайхан нутаг бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гуайн зохиол, н.Чулуундоржийн хөгжим "Тэмээн сүргийн магтаал" гэх энэ сайхан магтаалыг манай Дундговийн өвлөн уламжлагчид жил болгоны "Нүүдэлчин монгол" фестивальд оролцдог юм.

-Товшуур хөгжим дараад, магтаал хэлэх нь тун сайхан сонсогдож байна. Хэзээнээс эхэлж магтаал дуудах болов. Ер нь урлагийн хүмүүс үү?

-Бид мэргэжлийн хүмүүс биш ардын авьяастнууд. Манай Дундговийнхон тэмээн сүргийн магтаалыг их уншдаг. Түүнээс гадна бид хоёр уулын тахилгын магтаал зохиосон. Өөрсдөө үгийг нь зохиож, манай найз аяыг нь хийсэн. Одоогоор хоёр ч уулын магтаалтай болоод байна. Баянжаргаланд бараа бараагаа харсан тахилгатай уулс бий.

Нас явахаар дуу хоолой жаахан суугаад ирэх юм. Гэхдээ яахав урлагт дуртай, хайртай болохоор явж л байна. Сүүлийн үед магтаал сонирхоод, 70 хүрч байхдаа товшуур хөгжим хийлгэж, тоглож сурсан даа. Ер нь бол бид малын хөөс, тойг зэрэг уриа дуудлага, одоо гийнгоо гэж ярих болсон умар зээ нам таталтыг таван настайгаасаа хойш өвлөн уламжилж яваа. Боржгон дэгийн уртын дуу дуулдаг.

-Тэгэхээр та хоёрын өссөн орчин урлаг соёл, өв уламжлал бүрдсэн сайхан монгол ахуй байж таарах нь ээ. Удам дамжсан авьяастнууд бололтой?

-Тэгэлгүй яах вэ. Бид дууч удамтай хүмүүс. Ээж маань сайхан дуулдаг хүн байсан. Ээжийн ээж маань дуучин хүн байсан юм гэнэ билээ, биднийг багад өнгөрсөн болохоор мэддэггүй. Аавын аав Сэрчин Жунай гэж алдартай уртын дуучин байсан. Алах ял сонсохчихоод өөрийнхөө дуу хоолойгоор амь нь аврагдсан түүхтэй. Сэрүүн сайхан хангай гэдэг дууг дуулдаг хүн байсан.

-Өөрсдөө уран бүтээл туурвих, өвлөн уламжлахын зэрэгцээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд гар бие оролцож яваа юм байна. Уртын дууны сургалтынхаа талаар яривал?

-Р.Хандсүрэн: Өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдэд зааж сургаж байна. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Соёлын яамнаас уртын дууны багш нар бэлтгэсэн. Бид хоёр тэр сургалтад сууж уртын дууны сургагч багшаар төгссөн. БИ хотод, ихэр маань Говьсүмбэр аймагт сургалт явуулдаг.

-Т.Шануу: Манай сум Говьсүмбэр аймагт ойрхон. Тийм учраас тэнд уртын дууны сургалт явуулж байна. Манай шавь нараас Энхмаа, Лхагва-Эрдэнэ, Энхжаргал, Алтанцэцэг, Мөнхболд гээд түрүүчээсээ төгсөөд сургуульд орж, улс, аймгийн уралдаанд оролцоод явж байна.

-Сүүлийн үед хүмүүс үндэсний урлаг, өв уламжлалаа их сонирхдог, таньж мэдэхийг зорьдог болжээ. Ганц сайхан уртын дуу аялаад сурчихсан ч гэж бодддог хүн ч бий байх. Солгой хоолойтой хүнд уртын дуу дуулж сурах боломж хэр байдаг юм бол?

-Ер нь хүмүүс их асуудаг. Солгойтой хоолойтой бол дуулж сурах болов уу гээд. Солгой хоолой гэдэг бол нэлээд засаж, ажиллаж байж "тэгшрэх" хоолой юм л даа. Сонирхол нь байвал хоолойн дасгал хийгээд засрах боломжтой. Гэхдээ нэлээд хугацаа шаардлагатай. Монголчууд уртын дуугаа их сонирхдог болж. Гэр бүлээрээ дуу суръя, найранд ганц дуутай болъё гээд зориод ирэхэд их баярладаг. Өөрсдийнхөө хэрээр, зохих хэмжээнд зааж сургаад явж байна.

-Та хоёр маань ихэр заяанд мэндэлсэн хувьтай хүмүүс аж. Их багадаа нэг нь айлд өргөгдсөн гэж дуулсан. Хэдэн настайгаасаа бие биеэ мэддэг болж, хэзээнээс дотносов?

-Р.Хандсүрэн: Биднийг гэдсэнд байхад ээж маань найз үе тэнгийн сургуулийн багш нь "Чиний гэдсэн ихэр хүүхэд байна даа" гэж л дээ. Тэгсэн ээж маань " Хэрэв ихэр байвал чи нэгийг нь өргөж аваарай" гээд тоглоом шоглоом болгосон гэдэг. Тэгтэл үнэхээр ихэр хүүхэд мэндэлж, ээж минь ч хэлсэн амандаа хүрсэн юм билээ. Тэр үед хүүхэд ховор. Хүнд үр хүүхдээ өгнө гэдэг буянтай, нэр төртэй зүйл байсан. Тэгээд ихэр маань 22 хоногтойдоо нь зэргэлдээ сум руу айлд өргөгдсөн түүхтэй. Таван настайд энэ маань айлчилж ирж, ээж аав маань биднийг уулзуулж байсан. Тэрнээс хойш арав гаруй настайдаа аймгийн төвийн ойн баяр дээр хоёр биенээ анх харж байсан даа. Тавтайд бол нэгнээ төсөөлөхөөс төдийгүй л байсан байх.

-Т.Шануу: Сургуулийн захирал ихрийн өрөөсөн байсан. Тэгээд зэргэлдээ Говь-Угтаал суманд байгаа ихрийнхээ өрөөсөнд намайг өргөж өгсөн. Миний өргөсөн ээж ихэр, өргөж авсан аав маань бас ихрийн өрөөсөн. Тийм сонин түүхтэй.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button