Гадаад мэдээДЭЛХИЙ

Хуситууд Саудын Арабын хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлнө

Иранаас дэмжлэг аван үйл ажиллагаа явуулдаг Йемен дэх хуситууд Улаан тэнгист Саудын Арабын хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хориглоно гэж мэдэгдлээ. Энэ нь Иран Ормузын хоолойг хаасны улмаас хэцүүхэн нөхцөл байдалд ороод буй дэлхийн эрчим хүчний зах зээлд ирэх дарамтыг улам нэмэгдүүлнэ. Хуситууд Саудын Арабын газрын тос тээвэрлэгч хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарласнаар Ираны дайн болон дэлхийн эрчим хүчний хямралд ямар үр дагавар авчрах вэ

Хуситууд гэж ямар бүлэг бэ?

Хуситууд нь 1990-ээд онд Йемений хойд хэсэгт цэрэг, улс төр, шашны чиг баримжаатай үүссэн бүлэглэл. Ливаны Хезболла, Иракийн шиит зэвсэгт бүлгийн хамтаар хуситууд нь Ойрх Дорнод дахь Ираны"Эсэргүүцлийн тэнхлэг"-ийн нэг хэсэг. Хезболла болон Иракийн шиит бүлгүүдээс ялгаатай нь хуситууд нар Ираны дээд удирдагчийг шашны тэргүүн гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хуситууд голчлон Йемений дотоод асуудалдаа анхаарч ажилладаг бол үзэл суртлын хувьд Ирантай ойролцоо юм.

АНУ-ын үзэж буйгаар Иран Хезболлагийн тусламжтайгаар хуситуудыг санхүүжүүлж, зэвсэглэн, сургаж иржээ. Харин Хути бүлэг өөрсдийгөө Ираны гар хөл биш, зэвсгээ өөрсдөө үйлдвэрлэдэг хэмээн мэдэгддэг. Тиймээс энэ шийдвэр нь өөрсдийн стратегийн зорилтоос үүдэлтэй юу, эсвэл Ираны өмнөөс явуулж буй бодлого уу гэдэг нь тодорхойгүй байна.

Тус бүлэг олон улсын хүлээн зөвшөөрдөг Йеменийн засгийн газрын эсрэг дайн хийж байсан юм. Олон улсын хүлээн зөвшөөрдөг засгийн газар нь Саудын Арабын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг. Хуситууд арав гаруй жилийн турш засгийн газрынхаа эсрэг иргэний дайн хийж, Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор цохилт өгч байжээ.

2022 онд талууд гал зогсоох хэлэлцээнд хүрсэн ч өнгөрсөн долоо хоногт тохиролцоо нуран унажээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар Ираны онгоцыг газардуулахгүйн тулд Санаагийн нисэх буудалд цохилт өгсөн гэж мэдэгдсэн юм.

Уг явдалд Саудын Араб хариуцлага хүлээх ёстой гэж хуситууд мэдэгдэн, Йемений улсын баруун өмнөд бүсэд орших Абха нисэх буудал руу пуужин харважээ. Пуужин харвасны дараа хуситуудын улс төрийн товчооны гишүүн Мохаммад аль-Фарах Ираны “Press TV”-д хэлэхдээ нөхцөл байдал хурцадвал Баб-эль-Мандебын хоолойг хаана хэмээн анхааруулсан байна.

Дэлхийн эрчим хүчний зах зээлд ямар эрсдэл учрах вэ?

Хуситууд Улаан тэнгис дэх Саудын Арабын онгоцнуудын хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах нь одоогоор тодорхойгүй байна. Йемен нь Улаан тэнгисийн өмнөд гарц болох Баб-эль-Мандебын хоолой дээр оршдог. Хэрэв уг хоолой хаагдвал дэлхийн эрчим хүчний хямрал гүнзгийрч, Иран, АНУ-ын дайн шинэ фронттой болно.

Зургийн эх сурвалж: IG Group

Ормузын хоолойн хөдөлгөөн алдагдсан байгаа энэ үед Персийн булангийн газрын тос болон бусад бүтээгдэхүүнийг экспортлох хамгийн чухал зам нь Улаан тэнгис болоод байгаа. Хэрэв энэ усан замын хөдөлгөөн ч мөн тасалдвал Ойрх Дорнодын газрын тос экспортлох гол хоёр зам зэрэг хаагдана гэсэн үг.

Израил болон АНУ хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгсний дараа Техран Ормузын хоолой дахь ихэнх хөдөлгөөнийг зогсоосон. Үүний улмаас Персийн булангийн газрын тос болон бусад бүтээгдэхүүний экспорт тасалдаж, газрын тосны үнэ өсөж дэлхийн эрчим хүчний зах зээлд томоохон цохилт учирсан.

Ормузын хоолой хаагдсан тул Саудын Араб өдөр бүр экспортолдог газрын тосныхоо 70 гаруй хувийг Улаан тэнгисийн Янбу боомт руу чиглүүлжээ. Янбугаас Европыг зорих хөлгүүд Суэцийн сувгаар дамждаг бол Азийг чиглэсэн нь Баб-эль-Мандебын хоолойгоор дамжин өнгөрдөг.

“Kpler” болон “Signal Ocean” фирмийн мэдээллээр сүүлийн долоо хоногуудад Янбу боомтоос өдөрт дунджаар 4 сая баррель газрын тос экспортолжээ. Өмнө жил энэ үзүүлэлт 973 мянган баррель байсан юм.

Мөн “Kpler”-ийн мэдээллээр бол зургаадугаар сард Баб-эль-Мандебын хоолойгоор өдөрт нийт 7.4 сая баррель газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн дамжин өнгөрчээ.Энэ нь дэлхийн нийт газрын тосны үйлдвэрлэлийн ойролцоогоор 7 хувьтай тэнцэх хэмжээ юм. Өнгөрсөн жил тус хоолойгоор өдөрт 4.2 сая баррель газрын тос экспортолдог байжээ.

Баб-эль-Мандебын хоолой одоогийн нөхцөл байдалд дэлхийн эрчим хүчний зах зээлд амин чухал үүрээг гүйцэтгэж, газрын тосны үнийг тогтвортой барихад тусалсан.

Хуситууд өмнө нь Улаан тэнгис дэх хөлгүүд рүү халдаж, хөдөлгөөнийг боож байсан

Газын зурвасын дайны улмаас хуситууд Израил руу пуужин харваж, Улаан тэнгисээр зорчиж байсан худалдааны хөлөг онгоцнуудыг онилж эхэлсэн. Хуситуудын халдлагын халдлагын улмаас дэлхийн далайн тээвэрт ноцтой саад учирч, “Maersk, “Hapag-Lloyd” зэрэг томоохон тээврийн компаниуд Африк тивийг тойрдог илүү урт, өндөр өртөгтэй маршрутыг ашиглахад хүрсэн билээ.

Тэр явдлаас хойш Улаан тэнгисийн тээвэр бүрэн сэргэж чадаагүй байгаа юм. Хуситуудын халдварын үеэр Суэцийн сувгаар дамжин өнгөрөх усан тээврийн хөдөлгөөн 2025 онд 2023 онтой харьцуулахад 52 хувиар буурч, сүүлийн 50 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байдаг.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button