Ойрх Дорнод дахь цөмийн зэвсэгтэй ганц орон болох Израил Саудын Арабын цөмийн хөтөлбөрт санаа зовж байна
АНУ Саудын Арабын иргэний цөмийн салбарт хөрөнгө оруулах гэрээ байгууллаа. Энэ гэрээ Ойрх Дорнод дахь цөмийн зэвсэгтэй цор ганц улс болох Израилын түгшээх болов. Тодруулбал Саудын Араб иргэний цөмийн хөтөлбөрөө зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж магадгүй гэж Израил болгоомжилж байгаа юм.
Израил цөмийн зэвсэгтэй эсэхээ албан ёсоор баталж эсвэл үгүйсгэж байгаагүй. Гэсэн хэдий ч АНУ болон Израилын өндөр албан тушаалтнууд цөмийн зэвсэгтэй гэдгийг батлах мэдэгдэл гаргасаар ирсэн.
Өнгөрсөн жил Израил, Ираны хооронд 12 хоног үргэлжилсэн дайн эхлэхийн өмнөхөн АНУ, Саудын Арабын цөмийн хамтын ажиллагааны яриа идэвхэжжээ. Тухайн үед Израилын албан тушаалтнууд тус хэлэлцээ нь Ойрх Дорнодод цөмийн зэвсэг хөгжүүлэх өрсөлдөөн үүсгэж магадгүй гэж анхааруулж байв. Харин одоо Ираны дайн хурцадсан ийм хүнд үед АНУ, Саудын тал тохиролцоонд хүрлээ.
Израилын Цөмийн энергийн комиссын дарга асан Ариэль Левите хэлэхдээ, Ерөнхийлөгч Жо Байдены үед энэ яриа анх эхлэхэд л Саудын Арабт уран баяжуулах үйлдвэр барихыг Израил зөвшөөрөх үү гэдэг нь маш том маргаантай, сэтгэл түгшээсэн асуудал байсан гэжээ.
Тухайн үед Израил Саудын Арабтай дипломат харилцаагаа хэвийн болгох замаар энэ эрсдэлийг бууруулахыг зорьж байв. Гэвч 2023 оны аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээр дипломат хэлэлцээ зогссон байна.
Левите “Newsweek” агентлагт хэлэхдээ "Израилын засгийн газар дипломат харилцаагаа хэвийн болгох нөхцөлтэйгөөр энэ асуудлыг зөвшөөрөхөд бэлэн байсан. Гэвч одоо харилцаа хэвийн болох боломжгүй болсон нь эхний асуудал” гэжээ.

Тэр нэмж хэлэхдээ "Хоёрдугаарт, Нетаньяху Трампт үгүй гэж хэлэх боломжгүй нөхцөлд орсон. Тиймээс Израилын засгийн газар үүнд тун сэтгэл дундуур байгаа ч ямар ч арга хэмжээ авч чадахгүй" гэсэн байна.
2018 онд Трамп эхний бүрэн хугацааныхаа үеэр Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарахаар шийдвэрлэж байв. Тухайн үед Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман “CBS News” телевизэд “Саудын Араб цөмийн бөмбөгтэй болохыг хүсдэггүй. Гэхдээ Иран цөмийн бөмбөгтэй болбол бид аль болох хурдан бөмбөг хөгжүүлнэ” гэж хэлж байсан юм.
Иран улс цөмийн хөтөлбөрөө иргэний зорилготой, цөмийн бөмбөг хөгжүүлэх зорилго байхгүй гэж мэдэгдсээр ирсэн. Харин АНУ болон Израил Иран өндөр түвшинд уран баяжуулж байгааг цөмийн зэвсэгтэй болох далд ажиллагаа гэж үзэж байгаа юм. Энэ цөмийн хөтөлбөрөөс болж өнгөрсөн жилийн зургаадугаар сард өрнөсөн 12 өдрийн дайн болон Ираны дайн эхэлсэн билээ.
Дайны улмаас Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй амь үрэгдсэн нь Ираны эрх баригчид дунд нь шинэ мэтгэлцээн үүсгэжээ. Учир нь Али Хамэнэй цөмийн зэвсэг хөгжүүлэхийг хориглосон албан ёсны шийдвэр гаргасан байсан юм. Одоо тус улсыг түүний хүү, Дээд удирдагч Аятолла Можтаба Хамэнэй болон Исламын хувьсгалт гвард удирдаж байна.
Одоогоор Исламын шашинтай орнуудаас зөвхөн Пакистан л цөмийн зэвсэгтэй. Саудын Араб тус улстай удаан хугацаанд ойр дотно харилцаатай байсаар ирсэн. Өнгөрсөн есдүгээр сард Израил улс Катар дахь ХАМАС-ын уулзалтад агаарын цохилт өгсний дараа Саудын Араб, Пакистан хоёр батлан хамгаалах гэрээ байгуулж, харилцаагаа улам бэхжүүлсэн юм. Саудын Араб, Пакистан хоёр батлан хамгаалахын салбарт ойр харилцаатай тул цөмийн зэвсэгтэй болоход тусалж магадгүй гэж Левите үзэж байгаа аж.
Мөн тэр Саудын Араб дахь уран баяжуулах үйлдвэрүүдийг АНУ-ын ажилтнууд хянана гэж байгааг шүүмжилжээ. Ирээдүйд Ойрх Дорнодын хурцадмал байдал нэмэгдвэл Вашингтон ажилтнуудаа татаж, хяналтыг зөвхөн Саудын Арабд үлдээж магадгүйг тэр үзэж байна.
Левите "Нэгт цөмийн хөтөлбөр АНУ-ын хяналтад байх тухай яриа маш эргэлзээтэй сонсогдож байна. Хоёрт, энэ улс дотоодын аюулгүй байдлын хувьд олон асуудалтай. Засгийн газар нь өөрчлөгдвөл илүү дайсагнасан эрх баригчид гарч ирж магадгүй юм" гэжээ.
Гэхдээ хамгийн аюултай нь олон улс шалгалт хийхийг зөвшөөрдөг Нэмэлт протокол болон "Алтны стандарт"-ыг энэ удаагийн хэлэлцээрээс хассан явдал юм гэж тэр хэлсэн байна. Эдгээр заалтууд нь АНУ-аас бусад оронтой байгуулсан иргэний цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх гэрээнд байдаг аж.
Тэр "Саудын Араб иргэний зорилготой юм бол АНУ яагаад Нэмэлт протоколыг зөвшөөрөхгүй гэсэн тэдний шаардлагыг хүлээн авсан юм бэ. Цөмийн зэвсэгтэй болох боломжоо нээлттэй үлдээхээс өөр ямар логик үүний ард байгаа вэ" гэжээ. Левите мөн "Ийм дутуу зохицуулалттай гэрээг зөвшөөрөх нь бусад холбоотон орнуудын цөмийн амбиц, мөн БНХАУ, ОХУ холбоотнуудтайгаа ижил алхам хийх жишиг тогтооход хэрхэн нөлөөлөх вэ" гэсэн байна.
“Saudi Elite Group”-ийн үүсгэн байгуулагч Мохаммед Альхамед мэдэгдэл хийхдээ, тус улсын Ойрх Дорнодод цөмийн зэвсэг тархахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг тууштай дэмжсээр ирсэн гэжээ.
Альхамед “Newsweek” агентлагт хэлэхдээ "Саудын Арабт өмнө нь цэргийн зориулалттай цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байсан ч өөрсдөө татгалзсан. Манай улсын зорилго бол цөмийн зэвсэг бүтээх биш. Харин эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн төрөлжилт, технологийн дэвшлийг дэмжих, иргэний зориулалттай энх тайван цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх явдал юм" хэмээсэн байна.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “АНУ цөмийн зэвсэг тархах эрсдэл дагуулах ямар ч хэлэлцээрийг дэлхийн нэг ч улстай байгуулахгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: Newsweek












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.