“FIFA” ДАШТ-ийг хөрөнгө оруулагчдад зарвал Европын орнууд бойкотолно
“FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино “FFE” нэртэй охин компани үүсгэж, хөлбөмбөгийн ДАШТ, клубуудын аварга шалгаруулах тэмцээн зэрэг наадмыг зохион байгуулах эрх олгохоор төлөвлөж байгаа. Тэрхүү компанийг хөрөнгө оруулагчид эзэмшинэ. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерын дүү Жошуа Кушнер гэх мэт хүн хөрөнгө оруулах төлөвтэй байгаа юм.
Европын хөлбөмбөгийн холбоодын холбоо буюу “UEFA” уг санааг шүүмжилж, хөлбөмбөгийг хэн нэгэн худалдах ёсгүй гэсэн билээ. Мөн тус холбоо пүрэв гарагт /2026.07.30/ санал хурааж, “FIFA” тус төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл ирээдүйд зохион байгуулах бүх тэмцээнд оролцохгүй байх шийдвэрт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Европын бүх шигшээ хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохгүй гэсэн үг. Эх сурвалжууд мэдээлснээр 55 гишүүн бүгд бойкотолхыг дэмжжээ.
Хойд, Өмнөд Америк болон Карибын хөлбөмбөгийн холбоо “CONCANAF” пүрэв гарагт хуралдахдаа “FIFA”-гийн шийдвэрийг эсэргүүцсэн байна. Азийн хөлбөмбөгийн холбоо гишүүн орнууддаа захидал илгээхдээ “FIFA”-гийн төлөвлөгөө бүс нутгийн холбоодын дэмжлэггүйгээр хэзээ ч амжилтад хүрэхгүй гэсэн юм.
Бүс нутгийн холбоодоос “UEFA”-ийн анхааруулга хамгийн хүчтэй нь байв. Учир нь ирэх жил Бразилд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ явагдана. Мөн 2030 оны ДАШТ-ийг Испани, Португал улс Мороккотой хамтран зохион байгуулах билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.