Шүүмжлэлд өртөөд буй Инфантиногийн оронд хэн "FIFA"-гийн ерөнхийлөгчөөр сонгогдож магадгүй вэ
“FIFA”-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино дахин сонгогдох хүсэлтэй байгаа ч зорилгодоо хүрэх зам нь хэцүүхэн харагдаж байна. Учир нь хөлбөмбөгийн ДАШТ-ийн тодорхой хувийг хөрөнгө оруулагчдад зарах санал нь бүтэлгүйтсэний дараа Серби, Швед, Уэльсийн хөлбөмбөгийн холбоод түүнд үзүүлж байсан дэмжлэгээ татсан юм
2027-2031 онд “FIFA”-гийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалт ирэх жилийн гуравдугаар сарын 18-нд Мороккод болох юм. Инфантиногийн оронд “FIFA”-г удирдах магадлалтай гэж яригдаж буй хүмүүсийг харцгаая.
“CONCACAF”-ын ерөнхийлөгч Виктор Монтаглиани

Хойд, Төв Америк болон Карибын бүсийн хөлбөмбөгийн холбооны (CONCACAF)-тэргүүн, Канадын бизнес эрхлэгч Виктор Монтаглиани “FIFA”-гийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг судалж байгаа талаар баасан гарагт /2026.07.31/ мэдэгджээ.
“CONCACAF” Инфантиногийн ДАШТ-ийг худалдах гэсэн төлөвлөгөөг эрс эсэргүүцсэн юм. Гэхдээ Европын хөлбөмбөгийн холбоотой (UEFA) адил бүрэн бойкотлохыг уриалаагүй байсан билээ.
“UEFA”-гийн ерөнхийлөгч Александер Чеферин

“UEFA”-ийн ерөнхийлөгчоора жилладаг Александер Чеферин өнгөрсөн сард болсон ДАШТ-ийн шигшээ тоглолтыг өнжсөн юм. Энэ нь “UEFA” болон “FIFA”-гийн хооронд удаан үргэлжилсэн санал зөрөлдөөний илрэл байв. “UEFA” сүүлийн үед Инфантиног хамгийн хүчтэй шүүмжилсэн байгууллагуудын нэг болсон. Тус холбоо ДАШТ-ийг худалдах төлөвлөгөөг эрс эсэргүүцэж, хэрвээ энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл “FIFA”-гаас зохион байгуулдаг тэмцээнүүдэд Европын шигшээ багууд оролцохгүй болно гэж анхааруулсан юм.
Азийн хөлбөмбөгийн холбооны (AFC) ерөнхийлөгч Салман бин Ибрахим Аль Халифа

“FIFA”-гийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч, Бахрейны шейх Салман бин Ибрахим Аль Халифа ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай хүмүүсийн нэгээр яригдаж байна. Энэ жилээс “FIFA” хөлбөмбөгийн ДАШТ-д 64 баг оролцуулах болсон. Харин Аль Халифа ДАШТ-д оролцох багийн тоог 64 болгон нэмэгдүүлэх санаачилгыг эсэргүүцдэг хүмүүсийн нэг юм.
Мөн “AFC” Инфантиногийн ДАШТ-ийн тодорхой хувийг хөрөнгө оруулагчдад зарах төлөвлөгөөг шүүмжилсэн. Тус холбоо мэдэгдэл гаргахдаа "Энэ төлөвлөгөө нь “FIFA”-гийн зөвлөлдөх болон шийдвэр гаргах үйл явцад ноцтой сул тал байгааг ил болголоо. Одоо эдгээр асуудлыг засах шаардлагатай" гэж онцолсон байна.
“Paris Saint-Germain” клубийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи

“Politico” агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр Европын хөлбөмбөгийн удирдлагууд Катарын спортын удирдах ажилтан, “Paris Saint-Germain” клубийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифиг Инфантиног орлох хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэж үзэж эхэлжээ.
Норвегийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Лизе Клавенесс

Дэлхийн хөлбөмбөгийн салбарын хамгийн нөлөө бүхий эмэгтэй удирдагчдын нэг болох Лизе Клавенесс мөн Инфантиногийн төлөвлөгөөг хамгийн хүчтэй эсэргүүцсэн хүмүүсийн нэг байв.
ДАШТ-ийг худалдах асуудлаас өмнө Норвеги “FIFA”-д ёс зүйн гомдол гаргах боломжийг хүртэл хэлэлцэж байсан. Учир нь АНУ-ын довтлогч Фоларин Балогуны авсан улаан хуудсыг ДАШТ-ий үеэр цуцалсан шийдвэр “FIFA” гаргасан нь маргаан дагуулсан юм. Энэ шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нөлөөтэй холбоотой гэж шүүмжлэгчид үзэж байжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.