Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын захиргаа он гарснаас хойш сонгуулийн санал хураалттай холбоотой асуудлаар 21 удаа шүүхэд ялагдаад байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа мужуудын сонгогчдын бүртгэлийн мэдээллийг холбооны засгийн газарт авах гэсэн оролдлого хийж эхэлснээс хойш шүүх дээр ялагдал хүлээсээр байна. Энэ он гарсаар Трампын захиргаа тус асуудлаар 21 дэх удаагаа шүүх дээр ялагдал хүлээжээ. Өнгөрсөн долоо хоногт нэгэн шүүгч мужууд сонгогчдын бүртгэлийн мэдээллээ холбооны засгийн газарт заавал өгөх үүрэггүй гэж шийдвэрлэсэн байна.

Трампын Бүгд найрамдах намынхан Конгрессын хоёр танхимд маш бага суудлын зөрүүтэй олонхын статустай байгаа. Тиймээс Трампын захиргаа арваннэгдүгээр сарын 3-нд болох завсрын сонгуулийн өмнө холбооны засгийн газрын сонгуульд тавих хяналтыг нэмэгдүүлэхийн тулд эрчимтэй арга хэмжээ авах болжээ.

Хууль зүйн яам сонгогчдын төрсөн он сар, нийгмийн даатгалын дугаарын зарим хэсэг зэрэг мэдээллийг агуулсан бүртгэлээ өгөхөөс татгалзсан 20 гаруй мужийг шүүхэд өгөөд байна.

Мөн Трампын засаг захиргаа сонгогчдын иргэншлийг шалгах холбооны засгийн газрын систем ашигладаггүй мужуудын гамшгийн үеийн зарим санхүүжилтийг зогсооно гэж сүрдүүлжээ. Хууль зүйн яам мөн шуудангаар санал өгөх боломжтой сонгогчдыг хязгаарлахыг оролдож байгаа аж.

АНУ-ын сонгуульд иргэншилгүй хүмүүс олон тоогоор оролцож байгаа нь Ардчилсан намд ашигтай байдал үүсгэдэг гэж Трампын захиргаа үздэг. Ийм учир сонгогчдын бүртгэлийн мэдээллийг холбооны засгийн газарт авах хүсэлтэй байгаа юм.

Зургийн эх сурвалж: BBC

Энэ оролдлого болгоныг нь шүүгч нар няцааж, АНУ-ын Үндсэн хуулиар холбооны сонгуулийг зохион байгуулах үндсэн эрх, үүрэг мужуудад олгогдсон гэх шийдвэр гаргасаар байна. Мөн холбооны сонгуулийн тухай хууль мужуудыг ийм бүртгэлийн мэдээллээ холбооны засгийн газарт шилжүүлэхийг шаарддаггүй гэж шүүгч нар үзжээ.

Тодруулбал Ерөнхийлөгч Барак Обамагийн үед томилогдсон АНУ-ын дүүргийн шүүгч Рэндолф Мосс өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.08.06/ Трампын захиргааны нэгэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал Хууль зүйн яам Вашингтон хотын сонгогчдын бүртгэлийн нууцлалгүй мэдээллийг гаргуулах  хүсэлт гаргаад байсан юм. Үүнийг нь шүүгч Рэндолф хүлээж аваагүй байна.

Рэндолф шийдвэр гаргахдаа “Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн талаарх Конгрессын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бол Хууль зүйн яам энэ талаар Конгресст эсэргүүцлээ илэрхийлэх ёстой” гэж бичжээ.

Хууль зүйн яамны Иргэний эрхийн асуудал хариуцсан туслах ерөнхий прокурор Хармит Диллон даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Зөвхөн сонгуульд оролцох эрхтэй иргэд санал өгч байгаа эсэхийг шалгах нь төрийн үндсэн чиг үүргийн нэг. Мужууд сонгогчдын бүртгэлийг үнэн зөв байлгах үүрэгтэй” гэсэн байна.

АНУ-ын Хууль зүйн яам давж заалдаж байгаа

Одоогийн байдлаар Хууль зүйн яамны гаргасан есөн өөр нэхэмжлэл шийдэгдээгүй байгаа учир тэдэнд ялалт байгуулах боломжтой байгаа юм. Он гарснаас хойш 21 удаа ялагдал хүлээсэн Хууль зүйн яам 16-г нь давж заалджээ. Тэд давж заалдсан хэргүүдийнхээ нэгт нь ялагдсан байна.

Зургийн эх сурвалж: Politico

Зургаадугаар сарын 24-нд Синсиннатигийн давж заалдах шатны шүүх Трампын захиргаанаас Мичиган мужийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тус яам уг хэргийг шүүхийн бүх идэвхтэй шүүгчийн бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргасан аж.

Давж заалдах шатны шүүхэд ялагдсан хэргүүдээ Трампын захиргаа АНУ-ын Дээд шүүхээр хэлэлцүүлэхийг хүсэж магадгүй. Дээд шүүхэд консерватив үзэлтэй шүүгчид 6-3 харьцаатай олонх байдаг.

Трампын захиргаа шүүхэд нэхэмжлэл гаргахаас гадна санал өгөх эрхгүй хүмүүс сонгууль өгөхөөс сэргийлэх гэсэн өөр хэд хэдэн арга хэмжээ авчээ. Ардчилсан намын гишүүд тэдгээр арга хэмжээг албадлагын шинжтэй гэж шүүмжилсэн байна.

Долоодугаар сарын эхээр туслах ерөнхий прокурор Хармит 50 мужийн сонгуулийн албан тушаалтанд захидал илгээж, иргэншилгүй хүмүүсийг сонгогчдын бүртгэлд байгааг нь мэдсээр байж хасахгүй үлдээвэл эрүүгийн хэрэгт холбогдож болзошгүйг анхааруулжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам холбооны засгийн газрын цагаачлалын мэдээллийн сан болох “SAVE” системээр сонгогчдын бүртгэлээ шалгадаггүй мужуудын гамшгийн үеийн зарим тусламжийг зогсоохоо мэдэгдсэн юм.

Мөн Хууль зүйн яам АНУ-ын Дээд шүүхээс Трампын зарлигийг хэрэгжүүлэх зөвшөөрөл хүссэн байна. Уг зарлигаар Дотоодын аюулгүй байдлын яам муж бүрд санал өгөх эрхтэй АНУ-ын иргэдийн жагсаалт гаргаж, шуудангаар санал өгөх эрхийг зөвхөн уг жагсаалтад багтсан сонгогчдод олгоно.

Нэгэн шүүгч уг зарлигийг хэд хэдэн мужид хэрэгжүүлэхийг хориглосон юм. Учир нь холбооны байгууллагууд ийм жагсаалтыг үнэн зөв гаргах боломжгүй гэж тус шүүгч үзжээ. Харин Дээд шүүх энэ асуудлаар одоогоор шийдвэр гаргаагүй байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button