АН: Ээлжит бус чуулган зарлаж, төсвийг яаралтай тодотгож, ЗГ үрэлгэн зардлаа тана

УИХ дахь АН-ын бүлгээс үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын зүгээс " Инфляц цар тахлын үеийн түвшинд хүрлээ. Ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэж, иргэдийн орлогыг хамгаалах асуудлыг бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай. Засгийн газар өдөр хоног аргацаасан, гал унтраах байдлаар биш цогц бодлого хэрэгжүүлэх, тухайн төлөвлөгөө УИХ-д танилцуулах ёстой" гэв.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Ерөнхий инфляц 13 хувь, хүнсний инфляц 24 хувьд хүрлээ. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цаашид инфляцыг дараагийн давлагаа үүсэх, эдийн засагт шок үзүүлэхүйц эрсдэлтэй байна. Төсвийн алдагдал 2.1 их наяд. Харамсалтай нь энэ бол жилийн эцсийн биш хагас жилийн үзүүлэлт. Эдийн засгийн нөхцөлд байдал цар тахлын үеийн түвшинд хүрлээ. Засгийн газар өдөр хоногийг аргацаасан, гал унтраах байдлаар биш цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газарт ийм зүрх зориг байна уу. Иргэдийн орлогыг бодитоор хамгаалах төлөвлөгөө байна уу. Энэ бүх асуудлаа УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай. Иймд ээлжит бус чуулган зарлаж бодлогын түвшинд авч үзэх нь зүй тэй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар төсьвийн тодотголыг хэлэлцэж, үрэлгэн зардлуудыг танах ёстой. Засгийн газар сайд нарынхаа тоог бууруул" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "30 жилийн 70 гаруй хувьд, ялангуяа сүүлийн 10 жилд МАН тасралтгүй засаглаж байна. Үнийн өсөлт, инфляц ямар болсныг мах, талхан дээр авч үзье. 2006 онд мах 8000 төгрөг байсан бол өнөөдөр 36,6 мянган төгрөг болж 357 хувиар өссөн.Талх 1100 -аас 2800 төгрөг болж 161 хувиар өссөн байна. Цалинтай харьцуулах ямар боломжгүй өсөлт. Нийт төсвийн зарлага 6-7 хувиар өссөн байхад, иргэдийн орлого гурав хүрэхгүй хувиар өссөн байна.
Монгол Улсын орлого огт буугаагүй гагцхүү зарлага их байна. Экспортод гаргадаг бүтээгдэхүүний хэмжээ буураагүй. Өөрөөр хэлбэл, саалийн үнээ сүүгээ хангалтай өгч байгаа. Улс төрчид гарч байгаа сүүг нь хайр найргүй үрж, гарынхаа салаагаар асгаж урсгаж байна.
Гуравдугаар сард 7 хувь байсан инфляц өнөөдөр 13 хувь байна. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ дампуурсан байна. Бага, дунд орлоготой иргэд үүрнэ. МАН гурван Засгийн газар сольсон ч бодлого нь өөрчлөгдөөгүй. Иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж, хуваалцаж чадахгүй байна. Ард иргэд аль эрт төсвөө тодотгочихсон. Таван талх авдаг байсан бол гурвыг авахаар тооцоогоо хийчихээд сууж байна. Одоо Засгийн газар танх ёстой" гэв.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.