Эрдэмтэд хар нүхэн од гэж хэлж болох шинэ биет илрүүлсэн хэмээн мэдэгдэв
Одон орон судлаачид нарны аймаг шиг том хэмжээтэй, хар нүхэн од гэж нэрлэж болох шинэ сансрын биет илрүүлсэн байж магадгүй гэж мэдэгджээ. Судлаачид “NASA”-гийн “James Webb” телескопоор авсан зургийг ажиглах явцдаа үл мэдэгдэх гаралтай, улаан өнгийн биет илрүүлсэн байна.
“MoM-BH*-1” нэртэй тус биет дэлхийгээс олон тэрбум гэрлийн жилийн зайд, Сэтус одны ордод оршдог аж. Одон орон судлаачид үзэж буйгаар тус биет их тэсрэлтээс 660 сая жилийн дараа бүрэлджээ. Эрдэмтэд тэрхүү объектыг хэмжиж үзэхэд асар том одтой төстэй хэмжээтэй ч одноос 100 тэрбум дахин их энерги ялгаруулж байсан аж. Өөрөөр хэлбэл ялгаруулж буй энергийн хэмжээ нь одноос илүү хар нүхтэй ойролцоо хэмжилт үзүүлжээ.
Массачусетсийн Технологийн их сургуулийн дэргэдэх Кавлигийн астрофизик, сансар судлалын хүрээлэнгийн доктор Рохан Найду энэ ажиглалтын талаар ярихдаа “Бид хар нүхэн од гэж нэрлэж болох астрофизикийн шинэ төрлийн биет илрүүллээ” гэж хэлжээ.
Астрономичид тус биетэд дүн шинжилгээ хийсэн ажлаа “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн байна. “MoM-BH*-1” нь “James Webb”-ийн авсан зургуудын архив доторх хамгийн тод улаан өнгөтэй объект юм. Рохан “Энэ биетийн цацруулж буй гэрэл бараг бүхэлдээ улаан. Бусад ямар ч төрлийн биеттэй адилгүй ер бусын шинж чанартай объект” гэж хэлсэн байна.
Эрдэмтэд компьютерын загварчлал хийж үзэхэд “MoM-BH*-1” нь цөмийн нэгдлийн урвалаар эрчим хүч ялгаруулдаг асар том хэмжээтэй од биш болох нь илэрчээ. Харин маш нягт хийн үүлээр бүхэлдээ бүрхэгдсэн, тэрхүү хийн бүрхүүл нь од шиг гэрэлтэж буй хар нүх аж.
“James Webb”-ийн авсан бараг бүх зураг дээр “Бяцхан улаан цэгүүд” (LRD) нэртэй учир битүүлэг биетүүд байдаг. Хэрэв энэ судалгааг бичсэн эрдэмтдийн таамаг зөв бол тэр улаан цэгүүд бүгд хар нүхэн од байж магадгүй.
Рохан галактик болон одны хувьслын явцад хар нүх чухал үүрэг гүйцэтгэдэг байж магадгүй гэж үздэг юм. Хар нүхэн од гэж нэрлээд буй биетүүд одоогийн асар их масстай хар нүхнүүдийн эх үүсвэр байж магадгүй аж. Манай галактикийн төвд “Sagitarrius A*” нэртэй асар их масстай хар нүх байдаг билээ.
Бараг бүх галактикийн төвд “Sagitarrius A*”-тэй адил асар их масстай хар нүх байдаг. Эдгээр хар нүх нь галактикуудын цаашдын хөгжлийг тодорхойлоход чухал үүрэгтэй гэж эрдэмтэд үздэг.
Рохан “Хар нүх нь тухайн галактик од үүсэх болон үүсэхээ зогсоход хүртэл нөлөөлж, од үүссэнээс хойших бүх үйл явцын чиглэлийг тогтоодог байж магадгүй. Үүнд гараг эрхсийн үүсэл, амьдралын хөгжил, биологийн төрөл зүйлүүд бий болох үйл явц ч багтана” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.