Энтертайнмент

"Inspiring Asia 2026" наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох бүтээлүүд шалгарлаа

Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалдаг "Inspiring Asia" бичил кино наадмын Монгол дахь үндэсний шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж, олон улсад өрсөлдөх шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил “Community Empowerment” буюу “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” сэдвийн дор Азийн найман бүс нутагт зэрэг өрнөж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа үндэсний шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан нь энэ юм.

Энэ жилийн наадмын гол зорилго нь хүмүүс өөрсдийн гэрэлт ирээдүйг хамтын хүчээр хэрхэн бүтээж буйг харуулах явдал байв. Оролцогчид хүүхэд хамгаалал, байгаль орчин, боловсрол, залуусын оролцоо, тэгш хүртээмж зэрэг сэдвээр нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй төсөл, хөтөлбөрүүдээ кино урлагаар дамжуулан харуулсан бөгөөд оюутан залуус, уран бүтээлчид, иргэний нийгэм, сошиал энтерпрайзын төлөөллүүд идэвхтэй оролцлоо.

Үндэсний шалгаруулалтад нийт 26 бүтээл ирснээс “Шилдэг бичил кино” болон “Шилдэг төсөл” ангилалд давхардсан тоогоор 9 бүтээл шалгарч, Монгол Улсаа төлөөлөн БНХАУ, Индонез, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонг Конгийн шилдэг бүтээлүүдтэй олон улсын шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

"Inspiring Asia" наадмыг Монгол Улсад зохион байгуулахад Лоринэт сан бүс нутгийн албан ёсны хамтрагчаар ажиллаж, Голомт сан дэмжигч байгууллагаар оролцлоо. Мөн олон улсын түвшинд Азийн бүсийн олон байгууллагууд платформ түншээр нэгдэж, манай уран бүтээлчдийн дуу хоолойг олон улсад хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

ШАЛГАРСАН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД:

Шилдэг төсөл ангилалд:

  • Ялагч: “Ой өвийн өртөө” байгууллагын төсөл шилдгээр шалгарч, 40 сая төгрөгийн шагнал хүртэв.
  • Финалист: Илгээлтийн багш НҮТББ-ын хэрэгжүүлдэг “Teach for Mongolia” фелловшип хөтөлбөр болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гэрээр айлчлагч аргачлал” төслүүд шалгарч, тус бүр 5 сая төгрөгийн шагнал хүртэж, олон улсад өрсөлдөх эрхээ авлаа.

Шилдэг бичил кино ангилалд:

  • Ялагч: Кристина Ноблийн Хүүхдийн Сан, найруулагч Б.Түвшинзаяагийн бүтээл “Dandelion: It Takes a Village to Raise a Child” бичил кино тодорч, 20 сая төгрөгийн шагнал хүртлээ.
  • Финалист:
  • Монгол Экологи Төв, найруулагч О.Тэмүүжин – “An Ordinary Story of Batmunkh” бичил кино
  • Teach For Mongolia, найруулагч Г.Ганцэцэг – “The Choice to Serve” бичил кино
  • Гэр өргөө ТББ, найруулагч Ц.Билгүүн, Э.Мөнхжин – “Looking for Us” бичил кино
  • Ойн өртөө, найруулагч Б.Цэрэнбат – “Flight Home” бичил кино
  • Найруулагч Ч.Хулан, М.Мөнхгэрэл – “Өнөр бүл” бичил кино тус бүр 3 сая төгрөгийн шагнал, олон улсад өрсөлдөх эрхээ авлаа.

Тусгай шагналын эзэд:

  • Тус олон улсын уралдааныг Монгол Улсад зохион байгуулагч, бүс нутгийн хамтрагч Лоринэт сангийн нэрэмжит “Залуучуудын хэрэгжүүлж буй шилдэг санаачилга” тусгай шагналын эзнээр Нэгүдэлч зуслан НҮТББ-ын “Нүүдэлч зуслан” төсөл шалгарч, 10 сая төгрөгийн шагналыг хүртсэн юм.
  • Кино наадмын дэмжигч Голомт сангийн нэрэмжит “Шилдэг төсөл” шагналыг “Nomad Ink” байгууллагын “Ink in Motion: The Story We Built Together” бүтээл хүртэж, 5 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.

Кино наадамд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг ЭНД дарж үзэх боломжтой.

Лоринэт сангийн тухай:

Лоринэт сан нь Монгол Улсад туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа хүүхэд, залуусын амьдралд тогтвортой, эерэг өөрчлөлтийг бий болгох үндсэн зорилготой. Сан нь хүүхэд, залуучуудын сайн сайхан байдлыг сайжруулах шийдлүүдийг санхүүжүүлж, дэмжихийн зэрэгцээ тэдний эргэн тойрон дахь тогтолцоог бэхжүүлэхэд анхааран ажилладаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button