НийгмийнНИЙГЭМ

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд болно. Их эзэн Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр гаргасан билээ.

Хар зүрх уул орчим бол Эзэн богд Чингис хаан дайн тулаанд огт ялагдаагүй, эсгий туургатныг шулуутган, нэгэн төрийн дор хурааж, бүс нутаг, дэлхий дахинд монгол үндэстний манлайллыг бий болгож, Монголын амар амгаланг дэлхий дахинд тогтоох үндэс сууриа тавьсан нутаг юм.

Хар зүрх уул болон Хөх нуурын орчимд, ялангуяа Цэнхэрмандал сумын нутагт хийсэн археологийн судалгаа багагүй бий. Эдгээрээс үзэхэд одоогоос 3,500 орчим жилийн тэртээ буюу Хүрлийн үеэс нүүдэлчин үндэстэн амьдран сууж байсан нь харагддаг.

Монголчуудын өвөг дээдсийн дөрвөлжин булш ба түүний шууд өвөг болсон шоргоолжин булш олддог. Мөн XIII-XV зууны үеийн дурсгал, түүний дотор монгол хүн чулуу байдаг. Батхаан уулын хормой Таван толгой хэмээх газарт нутгийнхан “Чингисийн тулга” хэмээн нэрлэдэг цэцгэн хээ бүхий хавтант хашлага байдаг нь Чингис хааны үеэс эрт НТ VI-VIII зуунд хамаарах бололтой. Цаашид энэ бүс нутагт археологийн тусгайлсан нарийвчлал өндөртэй хайгуулыг хийх зайлшгүй шаардлагатай гэж түүхчид үздэг.

2009-2011 онд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт судалгаа явуулж, хүрэл, төмөр, хүннү, түрэг, Монголын үед холбогдох хэдэн арван дурсгалын цогцолборыг илрүүлэн, газар зүйн байршлыг тодорхойлон бүртгэн баримтжуулсан.

МУИС-ийн судалгааны баг 2011 онд энэ төслийн хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Жаргалантын хөндийд археологийн судалгаа хийж, Жаргалантын хөндий болон түүний орчмын нутаг Хавцал уул, Аваргын гуу зэрэг газарт 150 гаруй дурсгал олж, бүртгэжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо машиныхаа банкыг онгойлгоод тэнгэр өөд гараа сарвайцгаа, бензинээр бороо орно гэжугаа

Холбоотой мэдээ

Back to top button