ЭДИЙН ЗАСАГ

Статистик: 2026 оны II улиралд өрхийн орлого 4.8 хувиар буурч, бүх төрлийн татварууд өсөж, нас баралт, гэмт хэрэг нэмэгджээ

Өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос 2026 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хоёр улирал болон 7 дугаар сарын голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Инфляц 2026 оны 7 дугаар сарын байдлаар жилийн 13 хувьд хүрч өссөн. Үүнд хүнсний инфляц 25.5 хувьд хүрч өсөөд зогсохгүй үүнд шатахуун тасалдсан шок голлох нөлөө үзүүлсэн байна. Мөн өрхийн бодит орлого, зарлага өнгөрсөн онтой харьцуулахад 4.8 хувиар буурчээ.

2026 оны 2 дугаар улиралд өрхийн нэрлэсэн орлого өмнөх улирлаас 0.2 хувиар өссөн боловч хэрэглээ 3.5 хувиар буурсан байгаа нь хэрэглээ талдаа эдийн засгийн идэвхжил бодитой суларч байгааг харуулж буй юм.

Мөнгөний нийлүүлэлт 7 дугаар сарын байдлаар 53.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 25.2 хувиар өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт өснө гэдэг нь арилжааны банкны зээл олголт нэмэгдсэн, Засгийн газрын зардал нэмэгдсэн гэсэн үг. Нөгөө талд мөнгөний нийлүүлэлт өсөх нь өөрөө инфляцын өсөлтөд тодорхой нөлөө үзүүлээд зогсохгүй төгрөгийн ханшид дарамт өгдөг тал бий.

Түүнчлэн зээлийн үлдэгдэл 48.2 их наяд төгрөг болж 13.0 хувиар өссөн байна. Энэ нь зээлийн эргэн төлөлт муу байна гэсэн үг.

Эдийн засгийн өсөлт 7.7 хувьд өсч, ковидоос хойших өсөлтийн түвшинг хадгалж байгаа боловч, Үүний 3.9 нэгж хувийг нь уул уурхай бүрдүүлж, худалдааны салбарын бодит өсөлт үндсэндээ 0 болов.  Ажиллах хүчний оролцооны түвшин хоёрдугаар улирлын байдлаар 61.5 хувь , ажилгүйдлын түвшин 5.5 хувь болсон байна.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний 7 сард 17.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөг буюу 11.0 хувиар өссөн бол зарлага 19.5 их наяд төгрөг болж 2.6 их наяд төгрөг буюу +5.5 хувиар өсжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл түүхэн дээд хэмжээндээ буюу 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хүрсэн.

 Харин төсвийн орлогыг бүрдүүлэхэд ААНОАТ 241 тэрбум, ХХОАТ 205 тэрбум, НДШ-ийн орлого 479 тэрбум, НӨАТ 401 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл иргэд, ААН-үүдээс бүрдүүлж буй татварын орлогууд өссөн төсөв орлогод жин дарсан байна.

Гэтэл зарлага 2.6 их наядаар нэмэгдэхэд цалингийн зардал 995 тэрбум төгрөг буюу 26.6 хувиар нэмэгдэж, урсгал шилжүүлэг 551 тэрбум буюу 8.0 хувиар өсч, хөрөнгийн зардал 859 тэрбум буюу 31.8 хувь нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Зах зээлд орон сууцны үнэ өнгөрсөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн дүнтэй гарсан бөгөөд орон сууцны дундаж үнэ Улаанбаатар хотод мкв нь хамгийн багадаа 4.7 сая төгрөг байна.

Эдийн засгийн энэ нөхцөл байдал дунд хамгийн анхаарал татсан нэг статистик бол оны эхний 7 сарын байдлаар төрөлт 30471 болж 3.9 хувиар буурч, нас баралт 10358 болж 1.4 хувиар өссөн байна. Мөн бүртгэгдсэн гэмт хэрэг 31233 болж 1.2 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Энэ нь эдийн засгийн өсөлт нэмэгдсэн ч иргэд, ААН-ийн бодит худалдан авах чадвар буурсан байхад төр татварын орлогоо нэмэгдүүлж, төсвөө зузаатгасан дүр зураг харагдана. Нийгмийн энэ үзэгдлүүдийн дунд төрөлт жил бүр буурч, нас баралт, гэмт хэрэг өссөн дүнтэй гарсныг ҮСХ-ны өнөөдрийн тайлангаас бэлхэн харж болж байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн шоолж шоглосний хариуд тусгай албаэд элсүүлнэ гэж худ хуураад нэлээн хэдэн жил өннөрчээ

Холбоотой мэдээ

Back to top button