Түгжрэлд түүртэхгүй байх боломжийг “Мотоциклийн такси” үйлчилгээ бүрдүүлжээ
Түгжрэл иргэдийн цаг хугацаа, өдөр тутмын амьдралд сөрөгөөр нөлөөлдөг. Зорьсон газартаа хурдан, аюулгүй хүрэх өөр шийдлүүдийг хүмүүс эрэлхийлэх болсон. Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй нэгэн сонирхолтой үйлчилгээ бол мотоциклийн такси юм. Мотоциклийн такси нь хүмүүсийн хүсэлд нийцсэн боломжийг бий болгосноороо давуу талтай аж. Энэ удаа бид мотоциклийн такси үйлчилгээ эрхэлж буй Б.Баяртулгатай ярилцлаа.
-Мотоциклийн такси үйлчилгээ эрхлээд хэр удаж байна вэ? Үйлчилүүлэгчдийн хандлага хэрхэн мэдрэгдэж байна вэ?
-Мотоциклийн такси үйлчилгээг эхлүүлээд удаагүй байгаа. Эхэндээ энэ үйлчилгээг хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж их боддог байлаа. Харин эхэлж үзэхэд манай үеийн залуус их найрсаг, эерэг хүлээж авч байгаа нь сайхан санагдсан. Өнөөдрийн Улаанбаатарын түгжрэлийн хажуугаар мотоциклийн такси эрэлт их байгаа.Манай таксигаар үйлчилүүлэгчид түгжрэлд 30 минут зарцуулж очих газар 10 минутын дотор хүрдэг. Цагаа хэмнэж чадвал амьдрал улам л баялаг болно шүү дээ.
-Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх шийдсэн бэ?
-Би анх жижиг мотоцикль унаж сурч байсан. Дараагийн мотоциклоо унаж байхдаа “Такси үйлчилгээнд явж үзвэл ямар бол, чадах болов уу?” гэж их боддог байсан. Харин одоогийн шинэ мотоциклоо авсныхаа дараа өмнө нь бодож явсан санаагаа хэрэгжүүлэхээр шийдсэн. Ингээд мотоциклийн такси үйлчилгээг эхлүүлсэн. Хувиараа цахим худалдаа эрхэлдэг учраас өдөртөө ганц, хоёр хүргэлтээ хийж дуусгаад үлдсэн цагаараа зорчигчдод үйлчилдэг. Мотоциклийн такси нь зөвхөн түгжрэлийг тойрох арга биш, цаг хугацааг хэмнэх боломжтой нэгэн төрлийн шинэ үйлчилгээ гэж боддог.
-Зорчигчид энэ үйлчилгээг анх хэрхэн хүлээн авсан бэ? Айж, болгоомжлох хандлага гаргаж байгаа байх. Тэдгээр хүмүүсд хэрхэн итгэл төрүүлдэг вэ?
-Эхэндээ гараа өргөөд зогсож байгаа хүмүүсийн дэргэд очиход их гайхаж байсан. Зарим хүмүүс мотоцикль унаж үзээгүй ч байдаг. Хүмүүсийн хандлага нэлээд эерэг байгаа. Цахим орчинд ч ёстой хэрэгтэй үйлчилгээ байна, таарвал үйлчлүүлнэ гэсэн сэтгэгдэл үлдээсэн харагдсан. Эерэг сэтгэгдлүүд надад их урам өгч байгаа.
-Таны үйлчилгээг авсан хүмүүсээс хамгийн их сэтгэгдэл үлдээсэн, энэхүү үйлчилгээ үнэхээр хэрэгтэй юм байна гэсэн сонирхолтой үйл явдлаас хуваалцвал?
-Нэг удаа дуудлага ирээд утсаа автал “Маск продакшн”-ы жүжигчин Ц.Ганзориг хуримын хүлээн авалтад явах гээд цагтаа очиж амжихгүйд хүрчээд байгаагаа хэлсэн. Надаас такси үйлчилгээ аваад, болзсон газарт нь саадгүй хүргэж өгсөндөө баяртай байгаа. Хэрэв машинаар явсан бол цаг алдах байснаа, зорьсон газраа саадгүй хүрч чадсандаа баярлаж, талархсанаа илэрхийлээд буусан. Иймэрхүү тохиолдолд энэ үйлчилгээ үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг илүү мэдэрдэг.
-Энгийн такситай харьцуулахад мотоциклийн такси ямар давуу талтай вэ?
-Хамгийн том давуу тал нь мэдээж цаг хугацаа хэмнэдэг. Бидний амьдралд хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа шүү дээ. Тиймээс манай таксигаар үйлчлүүлж байгаа хүмүүс хамгийн хэрэгтэй зүйлсийнхээ нэг болох цаг хугацаанд мөнгөө зарцуулж, нөгөө талаар аюулгүй, шуурхай үйлчилгээг авч байгаа гэсэн үг. Үнийн хувьд ч боломжийн. Ялангуяа өнөөгийн түгжрэлтэй, стресс ихтэй үед зорьсон газартаа шуурхай саадгүй хүрэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Машинтай харьцуулахад олон давуу талтай. Зогсоолд тавихад асуудал бага, зогсоолын олдоц ч сайн. Мотоцикль дугаарын хязгаарлалтад ордоггүй учраас түгжрэлтэй үед, үйлчилгээ үзүүлэхэд давуу талтай.

-Мотоциклийн такси үйлчилгээ цаашид тогтвортой хөгжихийн тулд юуг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдал хамгийн чухал. Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, зорчигчийн аюулгүй байдалд анхаарч, аль болох болгоомжтой, хянуур явахыг хичээдэг. Машины зарим жолооч мотоциклийг тольндоо харахгүй шахах, гэнэт огцом хөдөлгөөн хийх тохиолдол цөөнгүй. Тиймээс жолооч нар мотоцикльд бага ч гэсэн зай гаргаж, дохиогоо өгч, анхааралтай оролцоосой гэж уриалж байна. Харин надтай адил мотоцикль унадаг хүмүүс бие биедээ илүү хүлээцтэй хандаж, ойлголцдог. Нэг ёсондоо мотоцикльчдын дунд бичигдээгүй нэгэн соёл тогтсон гэж хэлж болно.
-Мотоциклийн таксигаар үйлчлүүлэхдээ хүмүүс аюулгүй байдлын талаар санаа зовдог байх?
-Зарим хүн анх удаа мотоцикль дээр сууж үзэж байгаа учраас биеэ чангалж, тухгүй явах тохиолдол байдаг. Тэр үед нь би тайлбарлаж, надад итгээд тайван үйлчлүүлж болно гэдгийг хэлдэг. Зорчигч суух үед аюулгүй байдлын зааварчилгаа өгч, хамгаалалтын хэрэгслийг нь бүрэн хангаж ажиллахыг хичээдэг. Үйлчилгээнд явж байх үедээ огт утсаар ярьдаггүй. Чихэвчээр ярьж болох ч анхаарлаа сарниулах, зорчигчдоо тавгүй байдалд оруулахгүйн тулд аль болох анхаарал болгоомжтой явдаг.
-Цаашид орлого нэмэгдвэл юунд зарцуулахыг хүсэж байна вэ?
-Одоогоор надад нэг камер байгаа. Гурав жар камер авч, үйлчилгээгээ илүү аюулгүй, найдвартай, сонирхолтой болгохыг хүсэж байна. Мөн орлогоо нэмэгдүүлж чадвал үйлчилгээндээ зориулж шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалалтын хэрэгслүүдээ сайжруулах зорилготой.
-Эцэст нь, мотоциклийн таксигаар үйлчлүүлж үзэхийг хүсэж байгаа ч эргэлзэж буй хүмүүст та юу гэж хэлэх вэ? Мөн цаашид үйлчлүүлэгчдэдээ ямар үйлчилгээ хүргэхийг зорьж байна вэ?
-Надад итгэж, мотоциклийн такси үйлчилгээг маань дэмжиж, үйлчлүүлж байгаад баярлалаа. Та бүхнийг аюул осолгүйгээр, зорьсон газарт тань саадгүй хүргэхийн төлөө хичээж ажиллах болно. Цаг хугацаагаа хэмнэж, хэрэгтэй үедээ найдвартай үйлчилгээг сонгоорой гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа
Б.АЛТАНГЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.