Трамп Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаа ч Хойд Солонгос хүйтэн хариу өгч байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оны сүүлээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Харин Хойд Солонгосын зүгээс Вашингтоны хүчин чармайлтад хүйтэн хандаж байна.
Трамп энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг гэнэт хумих шийдвэр гаргасан. Ийм хэмжээний сургуулилалт хийх нь Хойд Солонгост дайсагнасан гэж Трамп хэлсэн юм. Үүнийхээ дараа тэр Ким Жон Унтай энэ оны сүүлээр уулзана гэж найдаж байгаагаа хэлжээ.
АНУ болон Өмнөд Солонгосын албаныхны хоорондын хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалжийн хэлэхдээ, Трамп Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээж, олон улсын тавцанд дипломат амжилт байгуулахыг эрмэлзэж байна гэсэн юм.
Тэр эх сурвалж хэлснээр, Өмнөд Солонгос Трампын стратегийг эергээр хүлээн авч байгаа ч АНУ-тай хамтран явуулдаг цэргийн сургуулилалтыг хумих асуудалд эргэлзэж байсан аж.
Трамп энэ оны сүүлээр Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож магадгүй байгаа. Хэрэв Хойд Солонгос яриа хэлэлцээ хийхэд нааштай хандвал хоёр улсын удирдагч уулзах боломж бүрдэж магадгүй.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Трамп, Ким Жон Ун уулзах тухайд “АНУ Хойд Солонгостой ямар нэгэн нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байна. Ерөнхийлөгч болон Ким Жон Ун нар тохиромжтой цаг үед дахин уулзана” гэж хэлжээ.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам энэ талаар мэдэгдэл гаргахдаа, Трампын мэдэгдэл Пёньянтай бодитой яриа хэлэлцээ эхлүүлэхэд хүргэнэ гэж найдаж байна гэсэн юм.
Хойд Солонгос Ким Жон Ун болон Трампын хувийн харилцааг сайшаадаг. Гэхдээ хувийн харилцаа нь АНУ-тай яриа хэлэлцээнээс тусдаа зүйл гэх мессеж өгч байна хэмээн Кённамын их сургуулийн Алс Дорнодын судалгааны хүрээлэнгийн профессор Им Ыл Чол хэлжээ.
Тэр “Хойд Солонгос хоёр удирдагчийн хувийн харилцааг үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол болон цэргийн чадавхаа бэхжүүлэх зорилгод нөлөөлөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, Пёньян хувийн дипломат харилцаа тодорхой хязгаартай, стратегийн тэргүүлэх зорилтуудыг өөрчилж чадахгүй гэдгийг илэрхийлж байна” гэж хэлжээ.
Ким Жон Уны дүү Ким Ё Жон АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгасан шийдвэрийг үл тоон хүүлэн авсан байна. Сургуулилалтыг үргэлжлүүлж байгаа нь өөрөө түрэмгий үйлдэл, АНУ-ын Хойд Солонгост баримталж буй бодлого ч мөн дайсагнасан хэвээр байна гэж тэр хэлсэн юм.
Мөн Трамп, Ким Жон Ун нар ямар нэгэн байдлаар холбоо тогтоосон гэх мэдээллийг Ким Ё Жон үгүйсгэсэн байна. Гэхдээ тэр хоёр улсын удирдагчийн хувийн харилцааг маш сайн хэмээн тодорхойлсон юм.
Пүрэв гарагт Хойд Солонгос арав гаруй баллистик пуужин тэнгис рүү харважээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтыг эсэргүүцсэн дохио байх магадлалтай байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.