Боксын дэлхийн аварга асан Золани буудуулж нас баржээ
Боксын дэлхийн аварга асан Золани Тете баасан гарагт /2026.08.21/ Өмнөд Африкт гэрийнхээ гадаа буудуулж нас баржээ. 38 настай Тэрээр Зүүн Кейп мужийн Мданцане сууринд байрлах гэртээ ирж байх үед нь маск өмссөн хоёр этгээд машинаас бууж, гал нээжээ. Золани газар дээрээ нас барсан байна. Түүнтэй хамт явсан 27 настай эмэгтэй мөн хэд хэдэн удаа буудуулж, эмнэлэгт хүргэгджээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Цагдаа нар олон нийтээс хэрэгт холбогдох мэдээлэл өгөхийг хүсжээ. Тете карьерынхаа турш 34 тулаан хийсэн байна. Тэрээр дэлхийн аваргын хоёр бүсний эзэн болж байжээ. 2014 онд IBF холбооны залуусын хөнгөн жингийн хоёрдугаар ангиллын аваргын бүсийг авч, 2017 онд хөнгөн жингийн аварга болсон юм. Мөн тэр аваргын төлөөх тулаанд хамгийн богино хугацаанд нокаутаар ялсан боксчны хувиар Гиннесийн дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байжээ.
Өмнөд Африк нь дэлхийд хүн амины хэргийн тохиолдлоор хамгийн өндөр улсуудын нэг. Сүүлийн жилүүдэд хүн амины хэргийн тохиолдол буурч байгаа ч гэсэн 2026 оны эхний дөрвөн сард өдөрт дунджаар 58 хүн амь насаараа хохирчээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.