Аравхан настай ч 28 кино уран бүтээлд дүр бүтээсэн бяцхан жүжигчин Б.Батмандах

Таван настайдаа “Баавгай болохсон” МУСК-ны бага хүүгийн дүрээр кино урлагт хөл тавьж, өдгөө 10-хан настай ч 28 дахь уран бүтээлдээ ажиллаж буй авьяаслаг бяцхан жүжигчин Б.Батмандахтай ярилцлаа. Тэрээр хүүхдийн дүрээс гадна эсрэг дүр зэрэг өөр өөрийн онцлогтой дүрүүдийг бүтээж, уран бүтээлийн туршлага хуримтлуулж яваа юм.
– Сайн байна уу? Кино урлагт анх хэдэн настайдаа хөл тавьж байсан бэ?
– Сайн байна уу. Би одоо 10 настай. Анх таван настайдаа “Баавгай болохсон” кинонд тоглож эхэлсэн. Тэр киноны бага хүүгийн дүрд тоглосон юм. Тэгээд түүнээс хойш кино, дэлгэцийн олон уран бүтээлд тоглосоор одоо 28 дахь уран бүтээл дээрээ ажиллаж байна.
– Таван настай хүүхэд анх удаа камерын өмнө зогсоод дүр бүтээхэд ямар байдаг бол? Анхны зураг авалтаа хэр тод санадаг вэ?
– Анхандаа их сонирхолтой байсан. Камер, зураг авалтын талбай гээд бүх зүйл шинэ санагдаж байсан. Заримдаа жаахан сандардаг байсан байх. Гэхдээ кинонд тоглох надад их таалагдсан болохоор дараа дараагийн уран бүтээлд тоглох тусам дассан.
– “Баавгай болохсон” киноны бага хүүгийн дүрээр үзэгчид чамайг анх таньсан. Анхны дүр чинь одоо эргээд бодоход ямар дурсамж үлдээсэн байдаг вэ?
– Тэр дүр надад их дурсамжтай. Яагаад гэвэл миний хамгийн анхны дүр байсан. Таван настайдаа тоглож байсан болохоор одоо бодоход их жижигхэн байсан. Тэр кино миний жүжигчний замыг эхлүүлсэн учраас их сайхан уран бүтээл гэж боддог.
– Чи 28 уран бүтээлд тоглосон байна. Тэдгээрээс өөрийнхөө тоглосон дүрүүдээс хамгийн их сэтгэлд үлдсэн, “энэ дүрийг би дахин тогломоор байна” гэж боддог дүр бий юу?
– “Хүлээх өрөө”, “Галбингаа” киноны дүрүүд маань сэтгэлд тод үлдсэн. Мөн өргөмөл хүүхдийн дүрд сайн тоглосондоо баяртай байдаг. Дүр бүр өөр өөр болохоор бүгдээс нь жүжигчний ур чадвараа сайжруулах зүйлс сурдаг.
– Өргөмөл хүүхдийн дүр бол жирийн нэг хүүхдийн дүрээс илүү сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж шаардсан байх. Тэр дүрийг бүтээхдээ юун дээр хамгийн их анхаарч ажилласан бэ?
– Дүрийнхээ сэтгэл санааг ойлгохыг хичээсэн. Яагаад ийм байгаа юм бол, ямар мэдрэмжтэй байгаа бол гэж бодож байгаад тоглосон. Дүрээ сайн ойлгож байж тоглох хэрэгтэй гэж боддог.
– Харин “Татар” кинонд эсрэг дүр бүтээсэн. Өмнөх хүүхдийн дүрүүдээсээ өөр, эсрэг талын дүрд тоглоход ямар санагдсан бэ?
– Надад их сонирхолтой, адал явдалтай санагдсан. Өмнө нь тоглож байгаагүй төрлийн дүр болохоор өөрийгөө сорьж үзсэн. Эсрэг дүр тоглох нь надад таалагдсан.
– Киноны зураг авалтын үеэр олны танил хүмүүстэй их танилцдаг байх. Тэдгээр хүмүүсээс сурсан хамгийн үнэ цэнтэй зүйл чинь юу байсан бэ?
– Хүнийг хүндэлж харилцах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Том хүн ч бай, хүүхэд ч бай нэг нэгнээ хүндлэх хэрэгтэй. Зураг авалтын талбай дээр хамт ажиллаж байгаа хүмүүсээ хүндэлж, зөв харилцах нь чухал гэдгийг сурсан.
– Чи маш олон уран бүтээлд тоглосон ч ердөө 10 настай. Зураг авалтын үеэр хичээл, тоглох, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх цагаа хэрхэн зохицуулдаг вэ?
– Заримдаа зураг авалт ихтэй байдаг. Зарим өдөр бүр шөнөжингөө зураг авалттай байх үе байдаг болохоор ядрах тохиолдол бий. Гэхдээ завтай үедээ хичээлээ хийж, найзуудтайгаа тоглохыг хичээдэг.

– Үеийн найзууд чинь чиний тоглосон киног үздэг байх. Найзууд нь чамд хандаж юу сэтгэгдэл хэлж байна вэ?
– Гоё сонирхолтрй кино болсон байна. Кинонд тоглох ямар байдаг талаар их асуудаг. Найзууд маань намайг дэмждэг.
– Сонсох дуртай артистуудаасаа сонирхцулбал?
– Young Mo’G, BLU, Young Sub зэрэг артистуудыг сонсдог.
– Олон уран бүтээлд тоглож, өөрийн хөдөлмөрөөр орлого олж эхэлсэн байна. Олсон мөнгөө өөрөө зарцуулдаг уу, эсвэл хадгалдаг уу? Ирээдүйд юунд зарцуулах мөрөөдөлтэй вэ?
– Олсон орлогоо хадгаламжиндаа хадгалдаг. Ирээдүйд байр авах мөрөөдөлтэй. Тийм болохоор одооноос хадгалж байгаа.
– 10 настай хүүхэд “байртай болно” гэж мөрөөдөж байгаа нь их хөөрхөн сонсогдож байна. Харин жүжигчин болох мөрөөдөл чинь хэзээнээс илүү тод болсон бэ?
– Анх кинонд тоглож эхэлснээс хойш жүжигчин болох сонирхолтой болсон. Одоо том болоод жүжигчин мэргэжлээр суралцаж, илүү сайн жүжигчин болохыг хүсдэг. Том болоод жүжигчин мэргэжлээрээ суралцаад, олон сайхан дүр бүтээсэн, сайн жүжигчин болсон байгаасай гэж хүсэж байна. Өөр өөр дүрд тоглож, хүмүүсийн сэтгэлд үлдэх уран бүтээл хийхийг мөрөөддөг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.