Судалгаа: Өндөр настай эмэгтэйчүүд кофе их хэмжээгээр хэрэглэх нь ясыг хэврэгшүүлж магадгүй
Флиндерсийн их сургуулийн судлаачид кофе болон цай нь өндөр настай эмэгтэйчүүдийн ясны эрүүл мэндэд ялгаатай байдлаар нөлөөлж магадгүйг харуулсан судалгаа хийжээ
“Nutrients” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа 65 ба түүнээс дээш насны 10 мянга орчим эмэгтэйг арван жилийн турш ажигласан байна. Судлаачид кофе, цай тогтмол хэрэглэх нь ясны эрдсийн нягтралд ямар нэг өөрчлөлт ажиглагдахтай холбоотой эсэхийг хянажээ. Ясны эрдсийн нягтрал нь яс сийрэгжилтийн эрсдэлийг үнэлэхэд ашигладаг чухал үзүүлэлт юм.
Ясны сийрэгжилт нь дэлхий дахинд тулгамдсан эрүүл мэндийн асуудлын нэг. Ойролцоогоор 50-иас дээш насны гурван эмэгтэй тутмын нэг нь уг энэ өвчнөөр оношлогддог юм. Дэлхийн хэмжээнд өдөр тутам олон тэрбум хүн кофе, цай хэрэглэдэг учраас эдгээр нь ясны эрүүл мэндэд бага ч гэсэн нөлөө үзүүлдэг бол олон хүнд хамаарах үр дагавартай байж магадгүй билээ. Гэхдээ энэ сэдвээр өмнө нь хийсэн судалгаануудын үр дүн харилцан адилгүй байсан юм. Мөн энэ удаагийн судалгаа шиг оролцогчдыг ийм урт хугацаанд ажигласан ажил харьцангуй цөөн байжээ.
Флиндерсийн их сургуулийн судлаачид “Ясны сийрэгжилтээс үүсэлтэй хугарлын судалгаа”-ны (Study of Osteoporotic Fractures) мэдээллийг ашиглан эрдэм шинжилгээний ажлаа хийсэн аж. Судалгаанд оролцогчдын ундны хэрэглээг тогтмол үнэлж, ясны эрдсийн нягтралыг дунд чөмгийн хоёр төгсгөл хэсэгт хэмжжээ. Энэ хоёр хэсгийн ясны бат бөх байдал нь хугарлын эрсдэлтэй нягт холбоотой байдаг.
Арван жилийн хугацаанд судалгаанд оролцсон эмэгтэйчүүд кофе болон цай хэр хэмжээгээр хэрэглэдгээ тогтмол мэдээлжээ. Судлаачид мөн дэвшилтэт дүрс оношилгооны арга ашиглан ясны нягтралд гарсан өөрчлөлтийг ажигласан юм.
Судалгааны үр дүнгээс харахад цай уудаг эмэгтэйчүүдийн дунд чөмгийн эрдсийн нягтрал цай хэрэглэдэггүй эмэгтэйчүүдээс бага зэрэг өндөр байжээ. Ялгаа нь бага байсан ч статистикийн хувьд ач холбогдолтой гарсан аж. Ийм учир нийт хүн амын хэмжээнд авч үзвэл энэ багахан ялгаа ч ач холбогдолтой байж болдог.
Флиндерсийн их сургуулийн Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэндийн коллежийн дэд профессор Энву Лю “Ясны нягтрал багахан хэмжээгээр нэмэгдэх нь ясны хугарлын тохиолдол багасахад нөлөөлж болно” гэжээ.
Харин кофены хувьд илүү нарийн төвөгтэй холбоо хамаарал ажиглагдсан байна. Өдөрт хоёроос гурван аяга орчим кофе уух нь ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн шинж тэмдэгтэй холбоогүй байжээ. Харин өдөрт таваас олон аяга кофе уудаг эмэгтэйчүүдийн ясны эрдсийн нягтрал бага гарсан аж. Энэ үр дүнгээс харвал кофег хэт их хэмжээгээр хэрэглэх нь ясны эрүүл сөрөг нөлөөтэй байж магадгүй байна.
Энэхүү хамаарал нь хүний бусад эрүүл мэнд, амьдралын хэв маягийн хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байсан юм. Амьдралынхаа туршид согтууруулах ундаа их хэрэглэсэн эмэгтэйчүүдийн хувьд кофетой холбоотой сөрөг нөлөө илүү хүчтэй ажиглагджээ. Харин цайны эерэг нөлөө илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн дунд илүү тод илэрсэн юм.

Судалгааны хамтран ахалж бичсэн Райан Лю цайнд катехин нэртэй нэгдлүүд их хэмжээгээр агуулагддаг нь ясны эд үүсэх үйл явцыг дэмжиж, ясны задралыг удаашруулж байж магадгүй гэж судалгааны үр дүнгийн талаар ярьжээ.
Кофенд агуулагддаг кафейн нь кальцийн шимэгдэлт болон ясны бодисын солилцоонд нөлөөлдөг болохыг лабораторийн судалгаанууд харуулсан байдаг. Гэхдээ энэ нөлөө харьцангуй бага учир кофенд сүү нэмснээр саармагжуулах боломжтой гэж тэр хэлсэн байна.
Флиндерсийн их сургуулийн дэд профессор Энву Люгийн хэлэхдээ, судалгааны үр дүнгээс харахад цайг тогтмол хэрэглэх нь нас ахих үед ясны эрүүл мэндээ дэмжих энгийн нэг арга байж болох аж гэжээ.
Тэрбээр “Кофег зохистой хэмжээгээр хэрэглэх нь аюулгүй мэт харагдаж байгаа ч маш их хэмжээгээр хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш байж магадгүй. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийн хувьд” гэсэн юм.
Гэхдээ судлаачид ажигласан ялгаа нь харьцангуй дунд зэргийнх гэдгийг онцолсон байна. Үр дүн статистикийн хувьд ач холбогдолтой ч гэсэн хувь хүний өдөр тутмын зуршилд томоохон өөрчлөлт хийх үндэслэл болохоор хэмжээнд хүрээгүй юм. Дэд профессор Энву “Бидний үр дүн кофе уухаа болих эсвэл цайг их хэмжээгээр ууж эхлэх хэрэгтэй гэсэн үг биш” гэж хэлжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Гэхдээ цайг зохих хэмжээгээр хэрэглэх нь ясны эрүүл мэндийг дэмжих энгийн нэг арга болж, мөн кофег хэт их хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш байж болохыг судалгаа харуулж байна. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ нь анхаарах зүйл юм. Кальци болон витамин Д нь ясны эрүүл мэндийн үндсэн тулгуур хэвээр. Гэхдээ ууж буй зүйл ч бас тодорхой хэмжээгээр нөлөөлж болно. Өндөр настай эмэгтэйчүүдийн хувьд өдөр бүр аяга цай уух нь зүгээр нэг тайвшруулах зуршил биш, харин ясаа бэхжүүлэхэд чиглэсэн жижиг алхам ч болж магадгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Science Daily








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.