Трамп, Ши Жиньпин нарын уулзалт томоохон үр дүнд хүргэх магадлал бага
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Цагаан ордонд хүлээн авч уулзана төлөвтэй байна. Олон улс тус уулзалтыг анхааралтай ажиглана. Гэхдээ зарим ажиглагчид үзэж буйгаар тус уулзалт томоохон үр дүнд хүргэх магадлал бага байна.
Энэ удаагийн уулзалтаар Ираны дайн өмнөхөөсөө ч илүү чухал байр суурь эзэлж магадгүй боллоо. Учир нь АНУ Ирантай худалдаа хийдэг орнуудад хатуу хориг арга хэмжээ авна гэж мэдэгдээд байгаа. БНХАУ бол Ираны газрын тосны хамгийн том импортлогч юм.
Хоёр улсын удирдагч дөрвөн сарын өмнө Бээжинд уулзсан. Трамп болон түүнийг дагалдсан томоохон бизнес төлөөлөгчдийг Хятадын тал өндөр түвшинд угтан авч хэлэлцээ хийсэн юм. Гэвч хоёр тал цөөн тооны бизнес тохиролцоонд хүрч, Иран, Тайвань зэрэг хамгийн төвөгтэй геополитикийн асуудлууд дээр ахиц гаргаж чадаагүй.
Трамп өнгөрсөн жил ажлаа хүлээж аваад БНХАУ-тай худалдааны дайнаа дахин эхлүүлсэн. Талууд өнгөрсөн жил тохиролцоонд хүрч, гаалийн татвараа бууруулсан юм. Энэ удаагийн уулзалтаар Бээжин, Вашингтон худалдааны тохиролцоогоо нуран унагаах алхам хийхээс зайлсхийх сонирхолтой хэвээр байна.
“Foundation for Defense of Democracies”-ийн Хятадын асуудал хариуцсан ахлах захирал Крейг Синглтон “CNBC” агентлагт хэлэхдээ “Хоёр улсын харилцаа ямар нэгэн итгэлцэлгүйгээр тохиролцоо хийж, асуудлыг бүрэн шийдвэрлээгүй ч тогтвортой байдлыг хадгалах хэлбэр рүү шилжиж байна” гэжээ. Түүний үзэж буйгаар энэ удаагийн уулзалт асуудлыг шийдвэрлэхээс илүү одоо үүсээд буй зогсонги нөхцөл байдлыг зохицуулахад чиглэх аж.

Энэ долоо хоногт Хойд Каролина мужид Их 20 орны сангийн сайд нар уулзсан. Тус уулзалт АНУ, БНХАУ-ыг олно улсын худалдааны тал дээр өөр байр суурьтай байгааг тодорхой харууллаа. Уулзалтын төгсгөлд улс орнууд хамтарсан мэдэгдэл гаргахад ганц БНХАУ л эсрэг байр суурь илэрхийлсэн юм. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ олон улсын худалдааг гажуудуулах бодлогоо зогсоохыг 19 улс дэмжсэн гэсэн байна. Үүнийг ганц БНХАУ л эсэргүүцсэн юм.
Мөн БНХАУ Ираны дайнтай холбоотой мэдэгдлийн агуулгыг эсэргүүцжээ. Сангийн сайд Бессент хэлэхдээ Ираны асуудал дээр хоёр улс санал нийлэх зүйл их байгаа гэсэн юм. Гэхдээ үүн дээр шийдэл олох нь Бээжингийн үүрэг гэж тэр хэлсэн байна.
Цагаан ордон Ши Жиньпинд зориулан төрийн зоог зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Трамп өнгөрсөн жил ажлаа хүлээн авснаас хойш ийм түвшний хүндэтгэл үзүүлсэн цорын ганц гадаадын төрийн тэргүүн нь Их Британийн хаан Чарльз III байжээ.
“Atlantic Council”-ийн “Scowcroft Center for Strategy and Security” төвийн ахлах судлаач Мэттью Крониг хэлэхдээ, асуудлыг дээрээс доош чиглэлтэйгээр шийдвэрлэдэг Трампын арга барил хүлээлтийг бууруулж байна гэжээ. Тэр хэлэхдээ Трамп албан тушаалтуудын дипломат хэлэлцээнээс гадна удирдагч хоорондын шууд ярилцаа, тохиролцоог илүүд үздэг байна.
Трамп, Ши Жиньпни ямар нэгэн сэдвээр тохиролцоонд хүрлээ гэхэд ерөнхий агуулгатай байх болно гэж Мэттью үзэж байгаа юм. Дараа нь хоёр улсын засгийн газрын албан тушаалтнууд нарийн ширийн зүйлсийг хэлэлцэж тохиролцох хэрэгтэй болно гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: CNBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.