Хавтаст хэрэг

“Галаа олигтой түлсэнгүй” гэх шалтгаанаар хамт ажилладаг хүнээ зодож хөнөөсөн хэрэг гарчээ

40 настай эрэгтэй хамт ажилладаг хүмүүстэйгээ архи согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ 35 настай эрэгтэйг “галаа олигтой түлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газарт цохиж, зодож хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх үүднээс хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх процесст өрнөсөн мэдүүлэг, шүүхийн шийдвэр зэргийг тоймлон хүргэе.

Тус хэрэг |2025.10.29|-нөөс 30-ныг шилжих шөнө Дорноговь аймагт гарсан байна.

Хэрэгтэн: “би өөрөө галчийг иртэл галаа яаж түлэхээ мэдэж байна, танд хамаагүй” гээд босож ирээд гараа зангидаад дайраад байхаар нь би дээрээс нь толгой руу нь цохиод өрөө рүүгээ ороод ороо засаад хэвтсэн

Хэрэгтэн шүүхэд "...Талийгаач нэлээд согтоод ширээ дэрлээд хэвтсэн. Би Б.Н-т “ахын дүү галаа сайн түлэхгүй бол одоо хүйтэн болоод паар чинь хөлдөнө” гэсэн чинь миний өөдөөс “би өөрөө галчийг иртэл галаа яаж түлэхээ мэдэж байна, танд хамаагүй” гээд босож ирээд гараа зангидаад дайраад байхаар нь би босож ирээд дээрээс нь толгой руу нь цохиод өрөө рүүгээ ороод ороо засаад хэвтэхэд Ж гуай буруу хараад хэвтэж байсан. Тэгээд унтаж байсан чинь хөнжил гараас татаад амандаа үглээд байхаар нь “унтаач” гээд дахин нүүрэн хэсэгт нь цохисон чинь цаашаа явж байгаа харагдсан.

Тэгээд үүрийн 4 өнгөрч байхад би бие засах гэж босоод эхнэрийн нуруу өвдөөд байна гээд байсан болохоор нь яаж байгаа юм бол гэж бодоод утсаар залгаж асуусан. Өглөө 6 өнгөрч байхад өрөө хүйтэн оргиод байхаар нь Б.Н-ын араас нь угзарч “галаа түлээч ээ хүйтэн байна шүү дээ” гэхэд дуугарахгүй хурхираад унтаад байхаар нь нэгэнт өөрөө сэрсэн юм чинь гэж бодоод босож галлаад гал тогоонд орж цай угаад эргэж унтаад 8 өнгөрч байхад босож бие засаад гал тогоо руу орж цайгаа уугаад ажилдаа явсан. Тухайн үед миний баруун гарын чигчий хуруу хөндүүр оргиод тэрүүхэн тэндээ хавдсан байсан. Лантуугаар шон зоож байх үед лантуу гар дээрээ унагаад гар хавдсан байсан. Тэгээд өдөр хоолондоо орчхоод Б.Н боссон уу гэсэн чинь босохгүй хурхираад унтаад байна гэхээр нь өрөөндөө ороод босохгүй юм уу гээд араас нь нэг татчихаад ажил руугаа явсан. 15 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь Ж гуай дуудаад Б.Н эвгүй болчихлоо амьсгалахгүй байх шиг байна гэсэн. Тэгээд очоод үзсэн чинь амьсгалахгүй байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан. Би юуг ч нууж хаахгүй үнэн зөвөөр нь мэдүүлж байна...” хэмээсэн байна.

Хохирогчийн ээж: Миний хүүг тархийг нь хагалсан, дух нь зулгарсан, хөхөрсөн, бие нь хөхрөлт, няцралт гэмтэлтэй гэж гарсан байсан. Нэг хоёр цохиход тийм болох уу, нэлээд олон цохисон байх гэж бодож байна

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Миний хүү 1991 оны 10 сарын 18-ны өдөр төрсөн. 18 нас хүрээд ковшийн операторчин мэргэжлээр сургалтад суугаад ажил хийгээд явдаг байсан. Ер нь их намхан, туранхай 55 хил хүрэхтэй үгүй жинтэй, тэрнээсээ болоод цэрэгт ч тэнцдэггүй. Ажил хөдөлмөртөө сайн, хүн болгоны урдуур ахаа эгчээ гээд л түрүүлж хөдөлдөг хүүхэд байсан гэдэг. 2025 оны 12 сарын 30-ны өдөр манай хүргэн над руу залгаад “Насаа эвгүй болчхож гэнэ” гэхээр нь би ажлынх нь хүний дугаарыг аваад ярьсан чинь “танай хүүхэд орой унтаад өглөө сэрээгүй эвгүй болчихлоо” гэсэн. Би 8 цагийн үед энэ талаар сонсчхоод сандраад шууд наашаа унаа олж яваад үүрийн 4 цагт ирсэн. Ирээд цагдаагийн гадна машиндаа байж байгаад өглөө болгосон. Өглөө задлан хийх гээд эмч нар ирсэн байсан би задлан битгий хийгээрэй гэсэн.

Намайг харахад нүүр нь хөхрөлттэй, толгой нь зулгарсан, шалдлаад тавьсан байсан. Би хараад жаахан хачин болоод ухаан алдаж унасан. Тэгээд эмч тайвруулах тариа хийгээд, би эмнэлэгт 30 минут сууж байгаад гарч ирээд хүүхдээ харсан. Эхлээд харахад нүүр нь хөхөрсөн, дух нь зулгарсан байсан. Сүүлд шинжээчийн дүгнэлт гараад, хэрэгтэй танилцах гэж нэлээд нааш цаашаа явсан. Хэргийн материалтай танилцахад Д.Б. гэж хүн эхлээд унтлагын өрөөнд нэг цохисон гэсэн байсан. Дараа нь гал тогоонд нэг цохисон гэж мэдүүлсэн байсан. Би шинжээчийн дүгнэлтийг бүгдийг нь уншсан. Миний хүүгийн тархийг нь хагалсан, дух нь зулгарсан, хөхөрсөн, бие нь хөхрөлт, няцралт гэмтэлтэй гэж гарсан байсан. Нэг, хоёр цохиход тийм болох уу, нэлээд олон цохисон байх гэж бодож байна. Нэлээд гомдолтой байна, гурван дүү, ээж нь мөн гомдолтой байгаа. Энэ талаар мөн хэлээрэй гэсэн. Би ажилдаа явж чадахгүй, гэртээ ганцаараа байгаа. Миний хамгийн том хүүхэд, сэтгэл санааны хохирлоо гаргуулмаар байна...” гэжээ.

Улмаар шүүх шинжилгээний байгууллага, гэрчийн мэдүүлэг, цагдаагийн газрын мөрдлөг, прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хохирогчийн ар гэрт 32 сая төгрөгийг гаргуулж өгөхийг даалгажээ.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button