М.Бадарчийг барилдуулахгүй байх ШАЛТГААНУУД
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч 2023 оны үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн. Харин 10 даваа буюу "Допингийн даваа"-нд бүдэрч түүний бүх цаг үед хориглодог метенолон гэх бодис илэрсэн.
Тухайн үеийн процесийг эргэн сануулбал, М.Бадарчийн хэрэглэсэн метенолон нь булчингийн масс, биеийн хүч болон цусны улаан эсийн тоо нэмэгдүүлэх үйлчилгээтэй бодис юм. Харин М.Бадарч хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд "В" сорьцоо өгсөн ч хариу ижил ирсэн байдаг. Улмаар Спортын арбитрын шүүхэд хандаж асуудал цааш үргэлжилсэн бөгөөд давж заалдах шатны шүүх "Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувсьгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдаж ес давсан тамирчин (үндэсний бөх) М.Бадарчийн барилдах эрхийг Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.2.1 дэх заалтыг үндэслэн 4 жил (2023.07.12-2027.07.12)-ийн хугацаагаар хассан шийдвэрийг хэвээр үлдээсэн.


Давж заалдах шатны шүүхийг шийдвэрийн зургийг хавсаргав 
Улсын гарди М.Бадарч олон улсын шүүх, спортын арбитр зэрэг олон байгууллагат хандсан ч тусыг эс олсон юм. Ингэснээр М.Бадарчийн барилдах эрх 2027 оны долоодугаар сарын 12-нд сэргэнэ. Хэрэвзээ М.Бадарч хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрч тухайн бодис авсан хүн болон хэрэглэсэн тунг хэлж хамтран ажилласан бол эрх хасах хугацааг багасгах боломжтой байсан юм.
Түүний барилдах эсэх асуудал нийгэмд "хүч"-ээ авсан нь Барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн барилдаантай холбоотой. Учир тэрбээр тус барилдаанд зодоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлж "Үндэсний бөхийн холбооны тэргүүнээс би барилдаж болох уу гэхэд "Допингийн холбооноос тодруулаарай" гэсэн хариу өглөө. Допингийн холбоо "өөрөө мэд" гэж байна. Тиймээс энэ сарын 5-нд болох Барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд очно" хэмээсэн юм.
Тэгвэл энэ асуудлаар МҮБХ-ний тэргүүн Ц.Магалжав "Бөхийн холбоо 2023 оноос хойш бөхийн эрх хасах, сэргээх эрхгүй болсон. М.Бадарчийг улс төрөөс шалтгаалж барилдуулахгүй байна гэдэг. Гэтэл төрийн тэргүүн хүртэл зөвхөн М.Бадарчийн асуудлаар намайг дуудаж уулзан, барилдах боломжийг нь олгох нээх талаар судалж үзэхийг зөвлөсөн. Ингэж өндөр түвшинд анхаарч байхад улс төр орно гэж байхгүй. Хэрэв барилдах эрх нь сэргээгүй байхад дэвжээнд гарвал найман жил болох ч эрсдэл бий. Тухайлбал, сумын заан, Дорнод аймгийн арслан хоёрын тухайд спортын арга хэмжээнд дасгалжуулагчаар оролцсоныг ОУ-ын допингийн эсрэг байгууллага |WADA| Монгол руу чиглэл өгч, эрхийг нь хасуулж байсан удаатай" гэлээ.
М.Бадарчийг бусад хориотой бодис илэрсэн бөхчүүдтэй харьцуулж барилдуулахыг нийгэм шаардаж эхэлсэн. Тухайлбал түүнтэй ижил допингтой холбогдсон олон бөхчүүд бий. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Б.Бат-Орших, Э.Чойням гэх мэт нэр хөвөрнө. Тэгвэл дээрх бөхчүүд бүгд Спортын арбитрын болон шүүхийн шийдвэрээр барилдах эрх нь сэргэсэн байна. Энгийнээр хэлбэл, дээрх бөхчүүдийг шүүх хориотой бодис хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй учир барилдах эрхийг нь сэргээж аж.
Харин М.Бадарчийг шүүх "хориотой бодис хэрэглэсэн" гэж үзсэн учраас хугацаанаас нь өмнө эрх сэргээх боломжгүй болж буй юм. М.Бадарч энэ жилийн наадмын өмнө Шадар сайдад албан бичиг хүргүүлсэн аж. Шадар сайд албан бичгийн хариуд нь "Эрх сэргээх ямар нэгэн хууль эрх зүйн орчин байхгүй" гэсэн хариу өгдөг.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.