Төсвийн тодотголд аудит юу гэв #1: 126 төсөл, арга хэмжээний 40% нь санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй
Монгол Улсын 2026 оны улсын төсвийн тодотголыг Ерөнхий сайд Н.Учрал өргөн барьж, улмаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хэлэлцүүлэхээр болоод буй.
Төсвийн тодотголд Аудитын ерөнхий газар ямар үнэлэлт, дүгнэлт өгсөнийг задлан харвал,
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
76 төсөл, арга хэмжээг 1,878.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэж тусгасан ч нийт 126 төсөл, арга хэмжээний 40 хувийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байна.
Урсгал зардлаас санхүүжих 113 арга хэмжээний 89 арга хэмжээг 1,032.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцоолсон нь урсгал зардлыг төсөвлөхдөө арга хэмжээ тус бүрээр нарийвчлан тооцоогүй, салбарын хэмжээнд хэрэгжих хөтөлбөрийн нийт дүнгээр тооцсон байгаа нь улсын төсөв нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх гэсэн хуулийн шаардлагыг хангасан эсэхийг дүгнэхэд хүндрэлтэй байна.
Тухайлбал,
- Боловсролын яамнаас 66.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний 2.2.1.3-т заасан “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан боловч нэгдсэн төсвийн төсөлд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн дүн нь арга хэмжээнийхээ нэрээр тусгагдаагүй.
- Харин урсгал зардлаас санхүүжих Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал болон Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны зардалд төсөвлөсөн 263.7 тэрбум төгрөгөөс “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Төсвийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын салбар хоорондын уялдаа хангалтгүй,тооцоо судалгаа, мэдээллийн эх сурвалж зөрүүтэй байгаа нь төсвийн төсөл бодлогын баримт бичгүүдтэй бүрэн нийцэж байгаа эсэхийг нэгтгэн дүгнэхэд хүндрэлтэй, хөгжлийн бодлогын баримт бичгийн нийцэл бүрэн хангагдахгүй, холбогдох хууль бүрэн хэрэгжихгүй байх эрсдэлтэй.
Төсвийн төсөл нь Төсвийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан байх”, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.3-т “улсын төсөв нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх” гэсэн шаардлагуудыг хангаагүйгээс улсын төсвөөс санхүүжих төсөл, арга хэмжээнүүд зорилтот үр дүндээ хүрэхгүй байх эрсдэлтэй байна" гэжээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.