Индонезийн Анак Кракатау галт уул дэлбэрсний улмаас олон зуун нислэг цуцлагджээ
Индонезийн Анак Кракатау галт уул өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас /2026.09.04/ хойш идэвхжиж, дэлбэрч байгаа юм. Идэвхжилтийн улмаас агаар мандалд 15 мянган метрийн өндөрт галт уулын үнс цацагджээ. Анак Кракатау уул нь Индонезийн Жава, Суматра арлын хооронд оршдог юм. Дэлбэрэлтийн улмаас Жава арал дээр оршдог Индонезийн нийслэл Жакартад олон зуун нислэг хойшлогдож, сургуулийн үйл ажиллагаа, загасчлалыг зогсоосон байна.
Жакартагийн гол олон улсын нисэх онгоцны буудал 964 нислэг цуцлагдаж эсвэл хойшлогджээ. “Singapore Airlines”, “Malaysia Airlines”, “AirAsia” болон “Lion Air Group” бүгд ням гарагт Жакартагаас хөөрөх, газардах нислэгүүдээ цуцалсан байна. Индонезийн Зам тээврийн яам мэдэгдэл хийснээр Жакарта дахь найман нисэх онгоцны буудалд нийтдээ 170 мянган хүнийг тээвэрлэх байсан 1,500 гаруй нислэг цуцлагджээ.
Индонезийн гамшгийн хор хөнөөлийг бууруулах агентлаг ням гарагт мэдэгдэл хийхдээ, үүл буудах гэх мэт техник ашиглан цаг уурыг өөрчлөх арга хэмжээ авна хэмээсэн юм. Тус агентлагийн дарга Сухарянто “Хангалттай хэмжээнд бороо орвол галт уулын үнс хурдан арилах болно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.