Гадаад мэдээДЭЛХИЙ

Германы хоёр мужийн сонгуульд “AfD”, “Linke” нам ялалт байгуулсан нь эрх баригчдад дахин цохилт боллоо

Ням гарагт /2026.09.20/ Германы Мэклэнбург-Баруун Помэран болон Берлин мужийн хууль тогтоох байгууллагын сонгууль явагдлаа. Тус хоёр мужийн сонгуульд Германы канцлер Фридрих Мерцийн нам 1949 оноос хойш үзэгдээгүй муу үр дүнтэй өрсөлдсөн байна. Сонгууль өгсөн хүмүүсээс авсан санал асуулгын үр дүнг Мерц гамшиг хэмээн тодорхойлсон юм. Гэхдээ тэр канцлераар үргэлжлүүлэн ажиллаж, шинэчлэлийн хөтөлбөрөө явуулна гэх мессежийг өгчээ.

“ARD” телевиз мэдээлснээр хэт барууны үзэлтэй “AfD” нам Мэклэнбурге-Баруун Помэран мужид 38.3 хувь, “SPD” нам 35.4 хувийн санал авсан байна. Харин Мерцийн “CDU” 4.9 хувийн санал авснаар мужийн парламентад суудал авахад шаардлагатай 5 хувийн босгыг давахгүй нөхцөл байдал үүслээ. Тус мужид “AfD” гарснаар энэ сард мужийн түвшний сонгуульд ялалт байгуулсан хоёр дахь тохиолдол нь болов. “AfD” үндэсний хэмжээний санал асуулгуудад үргэлж тэргүүлдэг нам юм. Гэвч Германы бусад намууд тус намтай хамтран ажиллахаас татгалздаг байна.

Ням гарагт болсон өөр нэг санал хураалт нь Берлин мужийн парламентын гишүүдийг сонгох сонгууль байлаа. Тус мужийн сонгуульд хэт зүүний үзэлтэй “Linke” нам 25.3 хувь, Мерцийн “CDU” 19 хувийн санал авчээ. Улс төрийн зүүний үзэл давамгайлдаг тус мужид “AfD” нам өнгөрсөн сонгуулийн үзүүлэлтээ ахиулж 16.3 хувийн санал авсан байна. Энэ нь “Linke” нам Берлиний сонгуульд анх удаа ялсан тохиолдол болжээ.

Энэ сарын эхээр Саксони Анхальт мужийн сонгуульд "AfD" нам ялалт байгуулсан нь Мерцийн хувьд томоохон цохилт болсон. Тэгвэл Мэклэнбург-Баруун Помэран, Берлиний сонгууль түүний хувьд дахин нэг цохилт болж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button