Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Түгээмэл хэрэглэдэг нөөшлөгч бодисууд даралт ихсэх, зүрх судасны эмгэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг

Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд өргөн хэрэглэдэг зарим нөөшлөгч бодис нь цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдэхтэй холбоотой байж магадгүй “European Heart Journal” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа харуулжээ.

Судалгааг Францын Эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний хүрээлэнгийн (INSERM) судалгаа хариуцсан захирал, доктор Матильд Тувье болон докторант Анаис Хазенбёлер нар удирдан явуулсан байна.

Хүнсний бүтээгдэхүүнд нөөшлөгч бодисыг хэд хэдэн зорилгоор нэмдэг. Тухайлбал, бактери, хөгц үржихээс сэргийлэх, муудах явцыг удаашруулах, бүтээгдэхүүний өнгө, амт, шинэлэг байдлыг удаан хадгалахад ашигладаг. Ийм бодисууд маш өргөн хэрэглэгддэг тул судлаачид урт хугацааны хэрэглээ нь зүрх судасны эрүүл мэндтэй ямар нэгэн холбоотой болохыг ойлгохыг зорьжээ.

Судалгааг хоол тэжээл болон эрүүл мэндийн хамаарлыг судалдаг “NutriNet-Santé” нэртэй төслийн хүрээнд хийсэн байна. Тус эрдэм шинжилгээний ажилд Францад амьдардаг 112,395 сайн дураараа оролцсон аж.

Оролцогчид зургаан сар тутамд гурван өдрийн турш идэж, уусан бүх зүйлээ бүртгэжээ. Ингэснээр судлаачид хүмүүсийн хооллолтын талаар харьцангуй нарийвчилсан мэдээлэл цуглуулсан байна.

Зургийн эх сурвалж: Max Healthcare

Дараагаар нь эрдэмтэд оролцогчдын хэрэглэсэн хоол, ундны найрлага, тэр дундаа нөөшлөгч бодис агуулсан эсэхийг шинжилжээ. Судлаачид оролцогчдыг дунджаар долоогоос найман жилийн турш ажиглаж, цусны даралт ихсэх эсвэл зүрхний шигдээс, харвалт, зүрхний бах зэрэг өвчин туссан эсэхийг бүртгэсэн аж.

Судалгаанд оролцсон эхний хоёр жилийн хугацаанд оролцогчдын 99.5 хувь нь дор хаяж нэг төрлийн нөөшлөгч бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн байна.

Дүн шинжилгээний үр дүнд хэд хэдэн нөөшлөгч бодис хамгийн их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн дунд эрсдэлийн хамаарал хамгийн өндөр ажиглагджээ. Антиоксидант бус нөөшлөгч бодисыг хамгийн их хэрэглэсэн оролцогчдын даралт ихсэх эрсдэл нь хамгийн бага хэмжээгээр хэрэглэсэн хүмүүсийнхээс 29 хувиар өндөр байв. Мөн зүрхний шигдээс, харвалт, зүрхний бах зэрэг зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 16 хувиар өндөр байсан юм.

Антиоксидант төрлийн нөөшлөгч бодисыг хамгийн их хэрэглэсэн хүмүүсийн даралт ихсэх эрсдэл нөгөө бүлэгтэй харьцуулахад 22 хувиар өндөрсжээ.

Эдгээр хоёр төрлийн нөөшлөгч бодис нь хүнсний бүтээгдэхүүнд өөр өөр үйлчлэл үзүүлдэг. Жишээлбэл антиоксидант бус нөөшлөгч бодисыг бактери, хөгц зэрэг хортой байж болзошгүй бичил биетнүүд үржихээс сэргийлэхэд ашигладаг. Харин антиоксидант нөөшлөгч бодис нь исэлдэх үйл явцыг удаашруулдаг. Исэлдэлт нь хүнсний бүтээгдэхүүний өнгө борлох, тааламжгүй амт үүсэх, муудаж, гашлах зэрэг өөрчлөлтөд хүргэдэг химийн процесс юм.

Мөн судлаачид оролцогчдын хамгийн түгээмэл хэрэглэсэн 17 төрлийн хадгалалтын бодисыг шинжилжээ. Тэдгээрээс найман төрлийн бодис нь даралт ихсэх эрсдэлтэй холбоотой байв. Үүнд калийн сорбат (E202), калийн метабисульфит (E224), натрийн нитрит (E250), аскорбины хүчил (E300), натрийн аскорбат (E301), натрийн эриторбат (E316), нимбэгийн хүчил (E330) болон розмариний ханд (E392) багтжээ. Мөн аскорбины хүчил (E300) нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй тусгайлан холбоотой гэж гарсан байна.

Гэхдээ эдгээр бодисын аль нэгийг хэрэглэх нь заавал даралт ихсэх эсвэл зүрхний өвчин үүсгэнэ гэсэн үг биш юм. Учир нь уг судалгаа ажиглалтын шинжтэй байсан. Өөрөөр хэлбэл эрдэмтэд нөөшлөгч бодис болон эдгээр өвчин хоорондын статистик хамааралтай гэдгийг харуулсан болохоос бодис өөрөө эрсдэлийг шууд нэмэгдүүлдгийг нотлоогүй юм.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэлгүүрийн бэлэн боловсруулсан хоол хүнснээс аль болох татгалзаж, байгалийн цэвэр хүнс хэрэглэх нь хамгийн чухал байна

Зочин
Зочин

E тодотголтой баахан химийн бодисоор пиг дүүрсэн юм идэж байхаар гэртээ хоолоо хийж идсэн нь дээр юм байна даа

Зочин
Зочин

Даралт ихсээд, зүрх өвдөөд байдаг нь ийм л учиртай байж ээ

Зочин
Зочин

Хүүхдүүддээ чипс, бэлэн годон, захаас авсан мууданги юм авч өгөхөө бүр болих хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Заавал нэг өвчин тусаж байж ухаарах албагүй, одооноос хоолны дэглэмдээ анхааръя

Зочин
Зочин

Европын судалгаа гээд байгаа ч манайд орж ирж байгаа импортын бараанд ийм бодис бүр их байгаа байх даа

Зочин
Зочин

Нимбэгийн хүчил (E330), аскорбины хүчил (E300) хүртэл даралт ихсэхэд нөлөөлдөг гэж бодсонгүй

Зочин
Зочин

Боловсруулсан хүнс бага хэрэглэж, цэвэр жимс ногоо ахиухан идье

Зочин
Зочин

Урт хугацаандаа хүний биед яаж нөлөөлж байгааг сайн судалж мэдэж авмаар юм байна

Зочин
Зочин

Манайхан шошгыг нь ч харахгүй худалдаж авдаг, найрлагыг нь уншиж сурах хэрэгтэй

Зочин
Зочин

Хугацаа нь дуусдаггүй, хэдэн сараар мууддаггүй хоол хүнс гэдэг чинь өөрөө хор шүү дээ

Зочин
Зочин

Эрүүл мэнддээ анхаарахгүй бол дараа нь эмнэлэгт баахан мөнгө үрэх болно

Зочин
Зочин

Дэлгүүрийн бэлэн сүмс, лаазалсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзацгаая

Зочин
Зочин

NutriNet-Santé төслийн 110 мянган хүний судалгаа гэхээр нэлээд итгэж болохоор тоо байна

Зочин
Зочин

Одооноос эхлээд дэлгүүрээс юм авахдаа ар талын E дугаарыг нь заавал хардаг болох нь

Зочин
Зочин

Бактери үржүүлдэггүй мууддаггүй бодис чинь бидний ходоод, зүрхийг ч гэсэн хордуулж байгаа

үгүйээ
үгүйээ

гол аюул нь бүх төрлийн тос, амьтаны бүх төрлийн бүтээгдэхүүн ба элсэн чихэр, цагаан будаа, цагаан гурил нар юм. хуурга буюу 2-р хоол бидэнд үе мөчний өвчин, зүрхний өвчин, хорт хавдар тусгадаг нь 100 жилийн өмнө нотлогдсон. гэвч ДЭМБ-н бүгд мэддэг ч тараахыг хүсдэггүй. бүгд эрүүл болвол эмч нар юу бид нар юу хийх вэ гээд л,,,,, 2-р хоол идэхээ зогсоож, зөвхөн шөл, тосгүй салат, жигнэсэн бүтээгдэхүүн идвэл таны зүрх хэвийн л ажиллана.

Холбоотой мэдээ

Back to top button