УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме-тэй уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Хаитийн харилцаа, НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаа болон Хаити Улс дахь энхийг дэмжих ажиллагааны талаар санал солилцлоо. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол ба Хаити улс газар зүйн хувьд алслагдмал хэдий ч олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх нийтлэг зорилго, НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаанд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлов. 

Хаити Улсад явуулж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг тэмдэглэлээ. 

Мөн тус улсад үүрэг гүйцэтгэж буй монгол энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, энэ чиглэлээр Хаитийн талтай нягт хамтран ажиллахаа хэллээ.

Монгол Улс цэргийн багаа алс холын оронд, өөр тивээс өөр тивд илгээж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг зэвсэгт халдлагаас хамгаалах, гэмт бүлэглэлтэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. 

Манай цэргийн баг энэ сараас Эль Сальвадор, Гватемал, Чад, Ямайка, Шри-Ланка зэрэг улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн Хаити Улсын нийслэл Порт-о-Принс хот дахь ‘’Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.  

“Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат ажиллаж байна. 

Тэрбээр өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан. 2024-2026 онд НҮБ-ын Кипр дахь Энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генерал юм.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button