Сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун, нэмүү өртөг шингээх уул уурхай, ХАА, аялал жуулчлал гэсэн 5 чиглэлийг бодлогоор дэмжинэ

Засгийн газрын өнөөдрийн (2026.09.23) хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.
Энэ талаар Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өгөхдөө гадаадын нийт хөрөнгө оруулалтын 74.4 хувийг уул уурхайн салбар эзэлж байгааг онцлов.
Засгийн газрын зүгээс цаашид үүнийг төрөлжүүлэх хүрээнд Сэргээгдэх эрчим хүч, Хиймэл оюун буюу дата төв, Нэмүү өртөг шингээх уул уурхай, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлал гэсэн таван чиглэлээрх хөрөнгө оруулалтыг бодлогын түвшинд дэмжихээр болжээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлэх үүднээс дээрх таван чиглэлээр шууд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд гаалийн тарифгүй байх, НӨАТ-аас дөрвөн жил чөлөөлөгдөх буюу төсөл хэрэгжиж дуустал төлөхгүй байхаас гадна үнийн дүнгээс хамаараад тухайлбал, ₮100 тэрбумаас дээш дүнгээр хөрөнгө оруулбал 20 жилийн тогтворжуулалтын гэрчилгээ гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Говийн бүсэд эрчим хүчний аукцион зохиох гэж байгаатай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Шадар сайд Т.Доржханд “Эрчим хүчний хүртээмжтэй, найдвартай байдлыг хангахад өнөөдөр зөвхөн нүүрс биш, цэвэр эх үүсвэрээр шийдэх, зөвхөн тендер шалгаруулалт биш, нээлттэй дуудлага худалдааны зарчмаар явуулдаг олон улсын жишиг бий. Энэ дагуу маргааш бүх нийтэд нээлттэй аукцион зохион байгуулна. Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг хувийн секторт шууд хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гагцхүү дуудлага худалдаагаа нээлттэй, ил тод шударгаар зохион байгуулах хэрэгтэй гэдэг шаардлага тавьсан. Одоогоор үүнд 10 байгууллага саналаа ирүүлээд байгаа” хэмээн хариуллаа.
Г.САНСАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.