Улсын төсөв санхүүг завь гэж үзвэл Засгийн газар энэ завийг цоолж, живүүлж байна

АН-ын зүгээс ээлжит (2026.09.24) 4/11 мэдээллийн цагаараа Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг өргөн барьж, чуулган дээр төсвийн бодлогоо авч гарахыг дахин шаардлаа.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Ардчилсан Намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв, Ардчилсан намын ХЭЕГ хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар намаа төлөөлөн оролцлоо.
АН-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн Г.Ганбаатар Оюу толгойн ногдол ашигтай холбоотойгоор:
"Ирэх онд Оюу толгойгоос орж ирэх 2 их наядыг авилгачид нь барих гээд бүтээгүй станцыг барьж дуусгах, 30%-иар нь VI цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлууд яригдаж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. 2024.04.19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар бол энэ ногдол ашиг нь зөвхөн хуримтлалын дансанд буюу иргэдийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Нэг иргэнд 835 мянга орчим төгрөг ногдох байтал үүгээр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байгаа нь увайгүй үйлдэл" хэмээгээд 10 аймгийн ДЦС-ийг явуулах нь зүйтэй боловч үүний тухайд иргэдээс санал авахгүйгээр дур мэдэн шийдэх нь хуулинд нийцэхгүй тухай дурдлаа.
АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв Н.Учралыг ард түмэндээ мөнгө өгөх гэтэл АН харамлаад байна гэх ойлголтыг түгээж буй ч үнэн хэрэгтээ АН ард түмний мөнгийг хамгаалж байгаа тухай тодотгоод Засгийн газрын төсвийн зарлага болон Ерөнхий сайд Н.Учралыг эсэргүүцэж буй таван үндэслэлийг танилцууллаа.
- "Нэгт, одоо байгаа хуулийн хүрээнд Оюу Толгой болоод бусад компаниас орж ирэх ногдол ашгийн мөнгийг хуримтлалын санд буюу иргэдийн дансанд зохих ёсоор нь байршуулахын оронд авилгачдын дампуурсан төслүүдийг санхүүжүүлэх гэж байна
- Хоёрт, энэ удаагийн төсвийн тодотгол дээр ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 200 хүрэхгүй тэрбум төгрөг нэмж буй ч, үүний цаана төсвийг 1.8 их наядаар нэмж байгаа нь хууль зөрчсөн асуудал бүхий төсвөө "гоё" харагдуулахын тулд хийж буй "увайгүй заль" гэж бид үзэж байна. 2027 онд цалин, тэтгэврийн нэмэгдэлд 2 их наяд орчим төгрөгийг зарцуулна. Үүний цаана мөн адил 10 их наядаар төсвийг өсгөж оруулж ирж байна.
- Гуравт, энэ бүх төсөв тэлэлтийн зардлыг дан ганц Оюу Толгойгоос орж ирэх ашгаар санхүүжүүлэх гээд байгаа юм уу гэхээр тийм биш. Төсөв тэлэлтээр Засгийн газрын өрийг нэмэх зорилго агуулаад байна. 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсөвт нийт 21 их наядаар өрийн хэмжээг нэмэгдүүлэх гээд байгаа юм. Үүнийг бид эсэргүүцэж байна.
- Дөрөвт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсөв, суурь тэнцэл ашигтай байх, ДНБ-ий 30%-иас хэтэрч болохгүй гэх зэрэг тусгай шаардлагуудыг алга болгох өөрчлөлтийг хийх гээд байна. Монгол улсын төсөв санхүүнийн систем гэх завин дээр бид явж буй гэж бодвол энэ завинд цоорхой гарчихсан байна алдагдлаа багасга гэхээр эсрэгээр нь энэ завийг сүйрүүлэхээр оролдож байна.
- Тавт, өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын холбоо хамаарал бүхий сургууль, цэцэрлэгүүд төсвөөс 8.3 тэрбум санхүүжилтийг авсан байна гэх баримт байна. Тодотгол дээр Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн эзэмшил бүхий сургуульд 3.5 тэрбумын санхүүжилт олгохоор тусгасан байсан гэх мэдээлэл байна. Няцаалт хийгдээгүй. Магадгүй энэ мөнгийг аль хэдийнэ хуулийн цоорхойгоор ашиглачхаад одоо зөвхөн тодотголоор албажуулж, баталгаажуулж гарын үсэг зуруулах гээд байгаа юм биш үү хэмээн хардаж байна. Энэ асуудлыг шийдэж, хуулийн дагуу эцсийн хариулт өг"
Ийнхүү АН-ын зүгээс "Ийм байхад бид яаж Ерөнхий сайдад итгэх вэ? Эхлээд Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир. Түүний дараа бид төсвийг хэлэлцэх саналтай байна" гэх байр суурин дээр хатуу зогсохоо мэдэгдлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.