Т.Шинэбаярыг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорихоор болжээ
Дэнс.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Т.Шинэбаярыг 2026.10.10-ны үүрээр саатуулсан. Уг 48 цагийн хугацаатай хойшлуулшгүй ажиллагааг өнгөрөгч амралтын өдөр шүүхээс хянаж үзээд, хүчинтэйд тооцсон юм. 48 цагийн хугацаа өнөөдөр |2026.10.12| үүрээр дуусах байсан ч өчигдөр |2026.10.11|-нд 30 хоног цагдан хорих шийдвэр шүүх дээр гарчээ.
Тодруулан хэлбэл, Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхэд прокурорын байгууллагаас Т.Шинэбаярыг 30 хоног цагдан хорих саналыг хүргүүлж, шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Цагдан хорих хугацааг |2026.10.11|-ний өдрөөс тоолох ба |2026.11.11|-нд цагдан хорих хугацаа дуусна.
Шүүхийн тоймд, "...хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн" гэж дурдсан байв. Ингэхдээ яг юуны ул мөр илэрсэн талаар тодотгож дурдаагүй бөгөөд Т.Шинэбаярын ээж "Гурван цагдаа ирж, гэр орныг маань нэгиж, хогийн сав хүртэл ухаж үзсэн" хэмээсэн юм.
Т.Шинэбаярт холбогдох гомдлыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг гаргасан бөгөөд,
- Томилолтод явуулж өгөхийг тулган шаардсан,
- "Хөдөлмөрийн баатар" цол тэмдэг олгож өгөхийг нэхсэн,
- "Редакц байгуулж өг" гэж санхүүгийн шаардлага тавьсан,
- "Ерөнхийлөгчтэй уулзуулж өг" гэж удаа дараа шахалт үзүүлсэн гэх шалтгаануудаар "шантаажилсан" гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж буйгаа нийтэд нээлттэй мэдээлсэн.
Уг процессоос өмнө сэтгүүлч Т.Шинэбаяр Дэнс.мн гэсэн хаяг бүхий пэйж хуудастаа өмнө нь "Херо" Б.Баатарын бичсэн гэх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаусууд, амралтын газрын бичлэгийг нийтэлсэн. Уг бичлэгийг гүтгэлэг гэдэг нь 2025 онд тогтоогдсон гэх бөгөөд Б.Баатарыг яллагдагчаар татсан үндэслэлд дурдагдсан нь анхаарал татаж буй. Улмаар Дэнс.мн пэйжид нийтлэгдсэн уг бичлэгүүд устгагдсан бөгөөд АТГ-т Ерөнхийлөгчийг шалгуулна гэдгээ Т.Шинэбаяр мэдэгдээд байсан юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн зөвлөх Ц.Ганзоригийг гомдол гаргаснаас хойш 24 цагийн дараа Цагдаагийн байгууллагаас Т.Шинэбаярыг саатуулсан. Т.Шинэбаяр саатуулагдахаасаа өмнө ЦЕГ-т очиж, шалгуулах хүсэлтээ илэрхийлээд байв.
Одоогоор Ерөнхийлөгчийн хэвлэлийн зөвлөх Ц.Ганзориг, сэтгүүлч Т.Шинэбаярын ар гэрээс албан ёсоор уг асуудлаар байр суурь илэрхийлээгүй байна.
Т.Шинэбаярыг Ерөнхийлөгчийн институцын гаргасан хүсэлтээр шөнө дөлөөр саатуулсан явдлыг буруушааж, "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл"-ээс мэдэгдэл гаргаж, нэр бүхий сэтгүүлчид талбайд тайван жагсаал хийж, байр сууриа илэрхийлсэн юм.
Г.ИТГЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос сэтгүүлч та нар хол байгаарай, дараа нь таны ээлж шүү!!!