Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай дуудлага мэдээлэл багасахгүй байгаа. Улмаар иргэдийн дунд баавгайнаас айх айдас ч их байгаа юм. Түүнчлэн баавгайтай холбоотой хуурамч мэдээлэл өгөх, хиймэл оюун ашиглан хуурамч зураг үүсгэж түүнийгээ цахим орчинд тавьж иргэдийг төөрөгдүүлэх тохиолдол ч цөөнгүй гарах болсон.
Тиймээс бид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас баавгайг унтуулах буу, яаралтай үед авах арга хэмжээ болон нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 10, 11-нд баавгайтай холбоотой 62 дуудлага ирсэн гэсэн мэдээлэл байна. Баавгайтай холбоотой дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байна уу?
-"Баавгай суурьшлын бүсэд орж ирлээ" гэх дуудлага иргэдээс их ирсэн. Ялангуяа амралтын өдрүүдэд иргэд зуслангийн бүс рүү их явдаг учраас дуудлага их байх шиг байна. Харин ажлын өдрүүдэд харьцангуй бага дуудлага мэдээлэл ирдэг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Улсын онцгой комисс, Засгийн газар, холбогдох байгууллагууд баавгайны асуудлаар хуралдсан. Улмаар иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах нэн шаардлага гарвал баавгайг мэргэжлийн байгууллагын хяналт дор аюулгүй болгох эрх олгосон. Улсын хэмжээнд баавгай элбэг буюу иргэдэд аюултай эрсдэл үүсгэсэн 11 аймаг, нийслэлд баавгайг устгах буюу аюулгүй болгох эрхийг олгосон. Өнөөдрийн байдлаар 20 гаруй баавгайг аюулгүй болгоод байна.
-Сүүлийн үед хиймэл оюун ашиглаж баавгайг суурьшлын бүсэд нэвтэрсэн мэт зураг гаргаж түүнийгээ цахим орчинд нийтлэх тохиолдол гарах боллоо. Хуурамч дуудлага хэр их ирж байна?
-Хиймэл оюунаар хийсэн бичлэг, зургийг цахим орчинд нийтлэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Тухайлбал, "Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо гэр хорооллын бүсэд баавгай явж байна" гэх бичлэг цацагдсан. Бичлэг гармагц нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдал, цагдаа, цэргийн албан хаагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр газар дээр нь очиж ажилласан. Бичлэгийг хиймэл оюунаар хийснийг тогтоосны дараа тухайн иргэнд хуулийн дагуу захиргааны хариуцлага тооцсон. Асуудал хариуцлагаар дуусахгүй. Ийм бичлэг олон хүний сэтгэл санааг түгшээдэг. Хамгийн эрсдэлтэй нь жинхэнэ баавгайн дуудлага ирэхэд зарим иргэн үүнийг ч хуурамч мэдээлэл гэж хүлээж авах эрсдэл бий. Тиймээс хиймэл оюунаар бичлэг хийж буй хүмүүс хүний амь нас, эрүүл мэнд эрсдэл учруулж буйгаа ойлгоосой гэж хүсэж байна.
-Богдхан ууланд иргэдийг алхахыг хориглосон гэх мэдээлэл байсан. Үнэн үү?
-Эрсдэлээс урьдчилан сэргийлж Богдхан уулын хамгаалалтын захиргаа одоогоор ууланд зорчихыг хориглоод байна. Шаардлагагүй бол ойн бүс рүү бүү ороорой гэсэн санамжийг бид өгч байгаа.
-Дуудлагын утас 24 цагаар ажиллаж байгаа юу. Яаралтай үед цаг алдалгүй мэдээлэл өгөх тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Орон нутгийн иргэд мэдээллээ тухайн харьяаны Засаг даргын Тамгын газарт өгнө. Тамгын газрууд 24 цагийн хуваарьтай ажиллаж байгаа. Нийслэлд болон улсын хэмжээнд яаралтай тохиолдолд БОУАӨЯ-ны 117 тусгай дугаарт мэдээлж болно.
-₮32 саяар баавгай унтуулах буу авахаар болсон. Хэзээнээс ашиглаж эхлэх вэ?
-Энэ сарын 16-нд тендерийн материалаа нээнэ. Гэрээ байгуулснаас хойш 21 хоногийн дотор баавгай унтуулах буугаа оруулж ирэхээр төлөвлөсөн. 32 сая төгрөг нь нэг бууны үнэ биш, нэг багцын үнэ. Багц дотроо том биетэй, дунд биетэй амьтанд зориулсан хоёр гол, дуран зэрэг дагалдах хэрэгсэл орсон. Бүгдийг нийлүүлээд 32 сая төгрөг болж байгаа юм.
-Яагаад 21 хоног хүлээх хэрэгтэй болсон юм. Энэ ажил юунаас болж удааширч байна вэ?
-Ийм төрлийн зэвсгийг Монгол Улсад худалдаалдаггүй. Гаалиар оруулж ирэхэд галт зэвсэгтэй адил журмаар тусгай зөвшөөрөл авна. Ийм төрлийн буу үйлдвэрлэдэг улс цөөн. Тэд бас буугаа хилээрээ гаргахдаа зориулалтыг нь харгалзан тусгай зөвшөөрөл олгодог. Энэ гурван шат дамжлагаас болж тодорхой хугацаа шаардагдаж байна. Яамнаас ажлын хэсэг гаргаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран аль болох хурдан шийдэхээр ажиллаж байгаа.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баавгайн хоол булаагсадыг бас аюулгүй болгох хэрэгтэй. Тэдний татварыг асар өндөр болгох замаар.