НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүнийг өмгөөлж, хаацайлсан мэдэгдэл гаргах чиг үүрэг ХХЕГ-т байхгүй

Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртчихлөө. Цурамд оруулсан ч бүрэн унтрааж чадаагүй, ан амьтад цөм Хятад руу дайжсан нөхцөл байдалтай байна. Нийт хохирлын хэмжээ, хэн хариуцлага хүлээхийг түймрийг бүрэн унтраасны дараа тодорхой болгоно. Нөмрөгийн дархан цаазат газар 587,744 га буюу ойролцоогоор 5,880 км² талбайтай. Үүний 80 хувь гэдэг бол 470,195 га буюу ойролцоогоор 4,702 км² гэсэн үг. Энэ хэмжээний экосистем түймэрт автчихаад байна.

Түймэр тавьсан хэргийн эзэд хэнгэргийн дохиур "Мобиком"-ынхон таг чиг. Түймрийн мэдээлэл газар авангуут гаргасан мэдэгдэлд нь "Монголын алслагдсан бүс нутаг, хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээг сайжруулах газар оронтой танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тус бүс нутагт түймэр гарсан харамсалтай явдал болсон" гэдэг ганц өгүүлбэр доторх хэдхэн үг ёс болгож тавьснаас нь ямар ч гэмшил, хариуцлага үнэртсэнгүй.

"Мобиком"-ынхонтой хамт явсан гэх УИХ-ын гишүүн У.Отгонбаяр өчигдөр Төрийн ордонд мэдээлэл өгсөн. Ингэхдээ түймэр гарсан |2026.10.06|-ны өдөр Улаанбаатар хотод байсан хэмээн чуулганы хурлын ирцэд орсон баримтаа үзүүлсэн. Мөн Нөмрөгийн дархан цаазат газарт амьдралдаа очиж байгаагүй, Мобикомынхонтой нэр арга хэмжээнд оролцсон нь үнэн, гэхдээ зөвшөөрөл авах процесст нь оролцоогүйгээ мэдэгдсэн юм. Ер хувь гишүүн өөрийгөө тэнд байгаагүйгээ ийн батлахад л хангалттай байсан.

Гэтэл өчигдөр ХХЕГ-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийн эхний хэсэгт түймрийн нөхцөл байдлыг дурдаж, Хурандаа Б.Гантөгс Мобиком корпорацын удирдлагууд болон орон нутгийн 13 хүнд хуулийн дагуу зөвшөөрөл өгсөн тухай дурдав. Харин хоёрдугаар хэсэгт УИХ-ын гишүүн У.Отгонбаяр түймэр гарах үед тэнд байгаагүй гэж онцлоод, цахим орчинд тарсан "архидан согтуурсан, авлига авсан, зодолдсон, ан агнасан" гэх мэдээллийг "үнэн бус, ташаа" гэж мэдэгджээ.

Угтаа Хил хамгаалах ерөнхий газар Улсын хилийг хамгаалах, дэглэм сахиулах, боомтын хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй. УИХ-ын гишүүнийг өмгөөлсөн агуулгыг мэдэгдэлдээ тусгах тэдний ажил биш л баймаар. Харин нэр дурдагдсан хүмүүсийн согтуу байсан эсэх, авлига авсан үгүйг тогтоох, мэдээлэх нь тагнуул, цагдаа, Авлигатай тэмцэх газар, шүүхийн ажил.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн Бат
Иргэн Бат

Мобикомын удирдлагуудыг цээрлүүлбэл таарна

Холбоотой мэдээ

Back to top button