УЛС ТӨРУлс төрийн мэдээ

57 хоногийн өмнө өргөн баригдсан төсвийн тодотгол батлагдлаа | Энэ хугацаанд юу өрнөв

57 хоногийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг өнөөдөр эцэслэн баталлаа. Санал хураалтад 101 гишүүн оролцсоноос 84 гишүүн дэмжсэнээр зардлыг 33.9 их наяд болгож, алдагдлыг хоёр их наяд байхаар төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.

Энэ хугацаанд юу өрнөв?

Өргөн барихаас өмнө

  • Сангийн сайд З.Мэндсайхан эхний хагас жилд орлого 14.6 их наяд, зарлага 16.7 их наяд төгрөг болж, 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг, тодотгох гол шалтгаан нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэл гэдгийг хэлсэн. Улмаар наймдугаар сарын 13-нд Ардчилсан намаас УИХ-ыг яаралтай хуралдуулж, тодотголыг хэлэлцэхийг уриалсан байдаг.

2026.08.20 : Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барив

Ерөнхий сайдын хэлснээр долоодугаар сарын байдлаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас 2 дахин өссөн, орлого төлөвлөснөөс 1.4 их наядаар дутуу төвлөрсөн байна. Энэ нь төсвийн тодотголыг өргөн барих гол шалтгаан болсон гэж тайлбарлажээ.

Төсвийн тодотгол батлагдах процесст гацаа үүссэн шалтгаан, өрнөлүүд юу байв?

Төсвийн тодотгол хэлэлцэх агуулгаар товлогдсон ээлжит бус чуулган гол зорилгоо биелүүлсэнгүй, харин Н.Учралын хамаарал бүхий сургууль "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбумыг авах гэж байсан гэх асуудлыг Өргөдлийн байнгын хорооны хуралд суусан гишүүд ил болгож, дуулиан дэгдэв.

Л.Энх-Амгалан тухайн асуудлаас хуурай гарах гэсэндээ АТГ-т хандаж, Н.Учралын хамаарал бүхий сургууль хүсэлт ирүүлсэн гэж хэлсэн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өмнөхөөсөө өөр агуулгаар ярьж эхэлсэн нь хардлага төрүүлсэн.

3.5 тэрбумыг өөрийн хамаарал бүхий сургуульдаа авахыг завдлаа хэмээн Ерөнхий сайд Н.Учралын эсрэг суултыг УИХ дахь Ардчилсан намын ажлын хэсгийн дарга асан Б.Энхмөнх өрнүүлээд амжив.

Үүний дараа Н.Учрал Япон руу айлчлалд явахдаа намынхнаа, мөн олон тооны сэтгүүлч дагуулан явж, Фүжи уулын халуун рашаанд МАН-ын Бага хурлын эрхтэй гишүүдтэй уулзалт зохион байгуулж, хайрцаглах бодлого хэрэгжүүлсэн гэгдэж дуулиан дэгдээв.

Мөн энэ хугацаанд эрх баригч намын хуваагдал гүнзгийрч, ХЗДХ-ийн сайдаа огцруулж, шинээр томилох процесс өрнөсөн юм.

Ямартай ч төсвийн тодотгол өргөн баригдсанаас хойш 57, УИХ-ын ээлжит чуулган эхэлснээс хойших 31 хоногт батлагдав. Гэхдээ анх өргөн баригдсан зүйл заалт, төлөвлөгөөнд багагүй өөрчлөлт орсон.

Ганцхан жишээ дурдахад, 2026 оны төсвийн тодотголд хасагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөндсөөр ирсэн. Тэгвэл өнөөдрийн чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг төсвийн тодотголоор 40-168 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гаргаж, дэмжүүлсэн. Ингэснээр Эрчим хүч, ХХААХҮ-ийн сайдын багцаас 30 тэрбумыг хасаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэхээр болсон билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button