Өвөлд бэлэн үү | Өрхийн эмнэлгүүд амралтын өдрөөр ч ачааллаа дийлэхгүй байна
Нийслэл хотод агаарын температур дунджаар шөнөдөө -10...-15 хэм , өдөртөө -5...-10 хэм болж хүйтэрлээ. Угтаа намрын адаг сар ч аль хэдийнээ өвөл иржээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Улаанбаатарт өвөл 5-6 сар үргэлжилж, утаа, түгжрэл, түлш, шатахуун, ханиад гэх мэт толгой өвтгөх асуудлууд цөөнгүй.
Үүнээс гэр бүлийн сэтгэл зүй, санхүүг хамгийн ихээр хохироодог зүйл бол томуу, томуу төст өвчин. Тэгвэл өвлийн сар гараагүй байхад ханиад томуу ихсэж өнгөрсөн амралтын хоёр өдөр өрхийн эмнэлгүүдийн коридор хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдээр дүүрлээ.
Томуу, томуу төст өвчний улирлын идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд ажиллахаар болсон байна. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 17-18, ирэх амралтын өдрүүд буюу 24-25-нд нийслэлийн 150 Өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв 11:00-16:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр болсон.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд өрхийн эмнэлгийн ачаалал эрс ихэссэн учир эмчийн өрөөний үүдэнд урт дараалал үүсжээ. Тиймээс иргэд эмчид үзүүлэх гэж хүлээх зуураа шинэ төрлийн амьсгалын замын вирус авах эрсдэлтэй учир хүүхдээ эмчид үзүүлж чадалгүй буцаж байв. Монголд томуугийн улирлын өвчлөл ихэвчлэн 11-12 дугаар саруудад эхэлж, хаврын эхэн хүртэл үргэлжилдэг. Гэтэл энэ жил аравдугаар сарын дунд үеэс эхэлж өрхийн эмнэлэг ачааллаа дийлэхээ болив.
Удахгүй утаа ихсэж, улам хүйтэн болно. Өнгөрсөн амралтын өдрүүдийн өрхийн эмнэлгийн нөхцөл байдлаас манай эрүүл мэндийн салбар өвөлд бэлэн биш байгаа нь харагдлаа. Энэ сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн вакцинжуулалтад 337,659 хүн хамрагджээ. Вакцинжуулалт Улаанбаатар хотод 73.4 хувь, орон нутагт 59.3 хувьтай байна гэсэн албан мэдээ гарсан.
Ташрамд дурдахад, энэ жил томуугийн эсрэг вакциныг 500,000 хүнд үнэ төлбөргүй хийхээр төлөвлөөд буй юм. Үүнд зургаан сараас зургаан нас хүртэлх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, боловсролын байгууллагын багш, ажилтан зэрэг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийх аж. Вакцины өртөгийг Засгийн газраас гаргах юм байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.