Гадаад мэдээДЭЛХИЙ

Макрон бүгд найрамдах улсыг унагаах гэж оролдсон хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдлээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гарагт /2026.10.18/ мэдэгдэл хийхдээ жагсаалын үеэр үймээн дэгдээн, аж ахуйн нэгжүүдийг тонон дээрэмдэж бүгд найрамдах улсыг унагаах гэж оролдсон хүмүүст хариуцлага тооцно гэжээ. Тус улсад сурагч нар боловсролын салбарын нөхцөл байдалд дургүйцэн эхлүүлсэн жагсаал үймээн болж хувирч, хүмүүс хотын захиргааны барилгуудыг шатаан тансаг эдлэл болон хүнсний дэлгүүрүүддийг тонож байна . Мөн үймээн дэгдээгчид Францын төв бүсэд оршдог Лимож хотын 143 жилийн настай захиргааны барилгыг шатаасан юм.

Зургийн эх сурвалж: AFP

Макрон нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийхдээ “Дээрэм тонуул хийсэн хүмүүс учруулсан хохирлоо барагдуулах ёстой. Бүгд найрамдах улсыг унагаахыг оролдсон этгээдүүд хариуцлагаа хүлээнэ. Хэт зүүний үзэлтэй бүлэглэлүүд бослогыг өдөөж, олон тооны гэмт хэрэгтэн тэдэн дээр нэмэгдэн хязгааргүй хүчирхийлэл өрнөж байна” гэжээ.

Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес Парис, Марсель, Лион, Бордо зэрэг хотуудад олон зуун аж ахуйн нэгж, дэлгүүрийг тоносон хэргүүдийн талаар бичихдээ “Эсэргүүцлээ илэрхийлэн жагсах нь үндсэн эрх мөн. Харин хүч ашиглан, санаатайгаар, бүлэглэн эмх замбараагүй байдал үүсгэх нь тийм эрхэд хамаарахгүй” гэсэн байна.

Ням гарагт Парис дахь Бүгд найрамдах улсын талбайн орчим хуулж орхисон замын чулуун хучлага, дэлгүүрүүдийн хагарсан цонхны шилний хэлтэрхийгээр дүүрсэн байжээ. Тус хотын дарга Эммануэль Грегуар мэдэгдэл хийхдээ “Учирсан хохирлын хэмжээ урьд өмнө нь үзэгдээгүй түвшинд хүрлээ. Парис бол эрх чөлөө, хэлэлцүүлэг, жагсаалын хот. Энэ хэвээрээ ч байх ёстой. Гэхдээ хүн бүр аюулгүйгээр ажиллаж, бизнес эрхлэх боломжтой хот байх хэрэгтэй” гэжээ. Төрийн алба хаагч, 57 настай Мари Пейрейн “Парист үзэгдэж буй хохирол, хүчирхийллийн хэмжээг хараад би үнэхээр цочирдлоо” гэсэн байна.

Францын улс төрийн удирдагчид үүсээд буй үймээн самууны улмаас эрх баригчдыг шүүмжилжээ. Хэт барууны үзэлтэй гэгддэг намын тэргүүн Марин Ле Пэн “Макроны төвийг сахисан үзэлтэй нам юу ч хийж чадахгүй байна гэдгээ хэлэхээс өөр зүйл хийж чаддаггүй, чиг баримжаагаа алдсан байна” гэж шүүмжилсэн юм.

Хэт зүүний үзэлтэй гэгддэг намын тэргүүн Жан-Люк Меланшон Францын Ерөнхий сайд Себастьян Лекорнуг “Та нөхцөл байдлыг улам дордуулснаараа залуус, үйлдвэрчний эвлэлүүдийг нэгтгэхэд л хүргэлээ” гэжээ.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Mgl eej
Mgl eej

Gomo ,tsagaach 2soo france suirlee....

Холбоотой мэдээ

Back to top button