ЭДИЙН ЗАСАГ

50 сая ам.долларын мөрөөр: 50 компанид зээл олгосон ч эргэн төлөлтийг хоёрхон банканд төвлөрүүлсэн зөрчил

Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийг 2016-2021 онд хэрэгжүүлсэн ч зээлийн эргэн төлөлтийг шаардлага хангаагүй банканд төвлөрүүлсэн асуудал аудитын анхааралд өртжээ.

Тухайн үед Сангийн яам зургаан арилжааны банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан боловч зээлийн эргэн төлөлтийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн гэж аудитын тайланд дурдсан байх юм.  

Баримт хөөвөл, Үндэсний аудитын газрын шалгалтаар 2022 оны эцсийн байдлаар 50 аж ахуйн нэгжид 128.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэж, 45 дэд төсөлд 106.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Харин зээлийн эргэн төлөлтийг шаардлага хангаагүй хоёр банканд төвлөрүүлсэн асуудал аудитын анхааралд орсон ч тэгсхийгээд өнгөрүүлж. 

50 сая ам.долларын цаадах зорилго 

АХБ-ны нэмэлт санхүүжилт нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, агробизнесийн чиглэлээрх хувийн хэвшлийг дэмжих замаар ажлын байр бий болгох, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой байв. Тэдний мэдээллээр уг нэмэлт санхүүжилт нь 35 сая ам.долларын ердийн эх үүсвэрийн зээл, 15 сая ам.долларын Азийн хөгжлийн сангийн зээл буюу нийт 50 сая ам.долларын санхүүжилтээс бүрджээ. 

Төслийн гол механизм нь төр өөрөө бүх хөрөнгийг зарцуулах бус, арилжааны банкаар дамжуулан агробизнесийн компаниудад хөрөнгө оруулалтын зээл олгох хэлбэртэй байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, АХБ төслийн хүрээнд хувийн компаниудын өртгийн сүлжээнд хөрөнгө оруулалтыг дэмжихээр төлөвлөж. Үндэсний аудитын газрын мэдээллээр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 50 ААН-д 128.776 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Салбарын бүтцийг харахад, ноос, ноолуур 32 хувь, мах, махан бүтээгдэхүүн 16, сүү, сүүн бүтээгдэхүүн мөн 16,эрчимжсэн аж ахуй 10, арьс шир зургаа, нарийн ногоо дөрөв, үхэр болон зөгийн аж ахуй үйлдвэрлэл, жимс, жимсгэнэ тус бүр дөрөв, оёдол, тэжээлийн аж ахуйн салбар тус бүр хоёр хувь байжээ. Эндээс харахад санхүүжилтийн гол урсгал нь ноос, ноолуур, мах, сүүний өртгийн сүлжээнд төвлөрч байж. 

45 дэд төсөл, ₮106.8 тэрбумын гэрээ 

Аудитын баримтаар 2016 онд АХБ-ны хоёр зээлийн эх үүсвэрээс нийт 45 дэд төсөлд 106.757 тэрбум төгрөгийн дамжуулан олгох зээлийн гэрээ байгуулсан байна. Үндсэн гэрээний хэрэгжилт 2021 оны зургаадугаар сарын 30-нд дууссан боловч эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх хэлбэрээр 2021-2022 онд таван ААН-д нэмэлтээр 22.019 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ баталжээ. 

2023 оны тавдугаар сарын 29-ний байдлаарх мэдээллээр, “Монгол Каттл” ХХК 375 сая төгрөгийн үндсэн санхүүжилттэй, хүүтэйгээ 443.5 сая төгрөгийн гэрээтэй байсан бөгөөд 395.6 сая төгрөгийг төлж, 47.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. “Ноос Ирээдүй” ХХК 3 тэрбум төгрөгийн үндсэн зээл авч, 3.606 тэрбум төгрөгийн төлбөрийн дүнгээ бүрэн төлсөн гэж бүртгэгдсэн байна. Түүнчлэн “Хан Брэнд” ХХК 800 сая төгрөгийн үндсэн санхүүжилт авч, хүүтэйгээ 940.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны тавдугаар сарын байдлаар үндсэн болон хүүгийн төлбөрөө бүрэн төлсөн аж. 

Энэхүү санхүүгийн механизмын онцлог нь нэг удаагийн зээлээр дуусахгүй. Эхний зээл төлөгдлөө, мөнгө дахин эргэлдэж, дараагийн ААН-д зээл очих зарчимтай. Тиймээс эргэн төлөлт тасарвал дараагийн шатны санхүүжилт ч доголдох эрсдэлтэй. Харин эргэн төлөлтийн мөнгийг хаашаа төвлөрүүлсэн бэ гэдэг нь хамгийн ээдрээтэй.

Сангийн яам тухайн үед зургаан арилжааны банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан боловч зээлийн эргэн төлөлтийг ердөө Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь аудитын хамгийн ноцтой зөрчил болж асуудал  дагуулсан юм.

Аудитын дүгнэлтээр дамжуулан зээлийн гэрээ байгуулаагүй, шаардлага хангаагүй арилжааны банканд зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлсэн асуудал илэрсэн байна. Энэ бол төсөлд хамрагдсан компани зээлээ төлсөн үү гэдгээс ч илүү том асуудал. Энэ тухай дараагийн дугаарт хөндөх болно. 

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button