Ирэх оны төсвийг батлахад 26 хоногийн хугацаа үлдэв | өнгөрсөн хугацаанд таван хэлэлцүүлгийн нэгийг л давлаа

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан зардлаа босгох нөхцөл энд үүсээд байна уу гэж хардан бодохоос аргагүй 2025 оныхоос 10 их наядаар данхайсан ирэх оны төсвийг хэлэлцэн батлахад 26 хоногийн хугацаа үлдлээ.
Энэ онд нүүрс, зэсийн экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс даруй 4.5 тэрбум ам.доллароор өссөн. Эдийн засгийн энэ өгөөж ирэх оны төсвийн орлогод нэмэртэй ч зарлагыг 10 их наядаар нэмэгдүүлнэ иргэдийн амьдралд ирэх дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй. Тэтгэвэр, доод цалин, төрийн албан хаагчийн цалинг нэмэх нь нэг талдаа татварын орлогыг улам өсгөх замаар төсвийн орлогыг нэмэх сонирхол.
Ирэх оны төсвийг өргөн мэдүүлсэн төсвийн бүтцээс харахад улсын төсвийн өөрийн тэнцвэржүүлсэн орлого 27.94 их наяд төгрөг байна. Үүнд Сангийн сайдын төсвийн орлого дангаараа 21.05 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан бөгөөд үүний 12.06 их наяд төгрөгийг Татварын Ерөнхий газар бүрдүүлнэ гэдгээс харж болно. Мөн төсөвт нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ гэж тооцсон бөгөөд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гүүрэн байгууламж ашиглалтад орсны дараа тээврийн зардлын үнэ буурч, экспортын орлогод ч жин дарах хүлээлт буй.
Мөн Оюу Толгойн гэрээний ногдол ашиг 3.5 их наяд төгрөгийг төсвийн орлогод суулгасан нь эрсдэлтэй, мөн байж болох хамгийн зоригтой алхамаар нэрлэгдээд байна.
Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард аман байдлаар тохирсон агуулгаа хууль болж батлагддаг ирэх оны төсөвтөө суулгачихсан нь анхаарал татна. Ингэж суулгачихсаныхаа ард иргэдээс юунд зарцуулвал дээр вэ гэж санал асууж байгаа нь ч хоржоонтой.
2026 оны төсвийн тодотголын сүүдэрт 50 хоног нуугдаж, хоёрдугаар хэлэлцүүлэгтээ яваа ирэх оны төсөв ямар замыг туулж ирэв
/2026.05.29/ Улсын Их Хурал 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, зарлагын дээд хязгаарыг тогтоосон.
/2026.08.31/ Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар төсвийн төслийг өргөн мэдүүлсэн. Төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, зарлагыг 43.6 их наяд, алдагдлыг 2.3 их наяд төгрөгөөр тооцжээ.
/2026.09.25/ Чуулганы нэгдсэн хуралдаан нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан нар дүгнэлтээ танилцуулж, 26 гишүүн асуулт асуусан. Улмаар төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад байнгын хороонд шилжүүлсэн.
/2026.10.16/ 2027 оны төсөвтэй зэрэгцэн хэлэлцэгдэж байсан 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталсан.
/2026.10.20/-ны байдлаар байнгын хороод 2027 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Цаашид юу болох вэ
Улсын Их Хурал төсвийн хуулийн төслийг таван хэлэлцүүлгээр батална. 2026 оны тодотгол энэ замыг /2026.09.07/-ноос /2026.10.16/ хүртэл туулсан.
Хоёр дахь хэлэлцүүлэг. Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд төслийг хэлэлцэж, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд ирүүлнэ. Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдаанд танилцуулга хийсний дараа гишүүд санал хураана. Ингэхдээ төсөл Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэхийг шийднэ. Тодотголын хувьд /2026.09.14/-нд хуралдаанд оролцсон 68 гишүүний 56 буюу 82.4 хувь нь дэмжсэн.
Гурав дахь хэлэлцүүлэг. Байнгын хороод төслийг дахин хэлэлцэж, Төсвийн байнгын хороо зарчмын зөрүүтэй саналаар санал хураана. Нэгдсэн хуралдаан тодорхой асуудлыг Төсвийн байнгын хороонд буцааж, дахин хэлэлцүүлж болно. Тодотголын үеэр /2026.10.05/-нд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалагчийн тэтгэмж, Боловсролын яамны түрээсийн төлбөрийн асуудлыг ийнхүү буцаасан.
Дөрөв дэх хэлэлцүүлэг. Төсвийн байнгын хорооны дарга байнгын хороодын хамтарсан санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулна. Гишүүд хэлэлцээд төслийг тав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ. Тодотгол энэ шатыг /2026.10.09/-нд давсан.
Тав дахь хэлэлцүүлэг. Нэгдсэн хуралдаан төслийг зүйл бүрээр санал хурааж, эцэслэн батална. 2026 оны төсвийн тодотголыг /2026.10.16/-нд 84 гишүүн буюу 82.4 хувийн саналаар баталсан. Өмнөх жил 2026 оны төсвийг /2025.11.12/-нд хуралдаанд оролцсон 96 гишүүний 69 буюу 71.9 хувь нь дэмжиж баталж байв.
Төсвийн тухай хуулийн 8.4.9-д зааснаар Улсын Их Хурал жилийн төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Тодотгол хоёр дахь хэлэлцүүлгийн санал хураалтаас эцсийн батлалт хүртэл 32 хоног зарцуулсан. Харин 2027 оны төсөв хоёр дахь хэлэлцүүлгийн санал хураалтад хараахан ороогүй байхад хуулийн хугацаа дуусахад 26 хоног үлдээд байна.
Төсөв хугацаандаа батлагдахгүй бол дараагийн төсвийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, бусад зардлыг өмнөх оны түвшинд олгож, хөрөнгө оруулалтын зардал бүхэлдээ зогсоно гэсэн үг.
Төсөвтэй холбоотой санал хураалтууд:
- Байнгын хороодод: тийм. Хоёр дахь хэлэлцүүлгийн явцад хорооны гишүүд өөрийн салбарын саналаар санал хурааж байна.
- Чуулганы нэгдсэн хуралдаанд: бүх гишүүн Төсвийн байнгын хороо саналуудыг нэгтгэсний дараа санал хураана.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.