Конгрессын завсрын сонгууль ойртсон мөчид Трампын рейтинг түүхэн доод хэмжээнд хүрч унав
Арванэгдүгээр сард Конгрессын завсрын сонгууль болж дээд болон доод танхимын хэд хэдэн суудлын төлөө Бүгд найрамдах, Ардчилсан нам өрсөлдөх юм. Энэ сонгууль болоход хоёр долоо хоног үлдээд байгаа нөхцөлд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын рейтинг түүхэн доод хэмжээнд хүрч унажээ.
Трамп Израилын хүслээр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас дэлхий даяар мөн АНУ-д инфляц өсөж, шатахууны үнэ нэмэгдээд байгаа. Үүнтэй холбогдуулан амьжиргааны зардал нэмэгдсэн явдал болон бусад асуудлын улмаас Трампын рейтинг дахин шинэ түүхэн доод хэмжээнд хүрч унав. Тодруулбал “Reuters” болон “Ispos”-ийн явуулсан санал асуулгад оролцсон америкчуудын 31 хувь Трампын хийж буй ажлыг дэмжиж байна гэж хариулжээ. Энэ нь түүний ерөнхийлөгчөөр ажилласан хугацааны хамгийн доод түвшин болж байгаа юм.
Конгрессын сонгууль өнөөдөр болбол аль намд саналаа өгөх вэ гэсэн асуултад 47 хувь нь Ардчилсан нам, 35 хувь Бүгд найрамдах нам гэж хариулжээ. Ардчилсан нам 12 хувиар илүүрхэж буй нь одоогийн сонгуулийн мөчлөгт огт харагдаж байгаагүй өндөр үзүүлэлт юм. 2024 онд Трамп болон Бүгд найрамдах нам гарч ирсэн сонгуулиар иргэдийн хувьд хамгийн чухал асуудал нь амьжиргааны түвшин байсан. Тэгвэл энэхүү санал асуулгад оролцсон америкчуудын 68 хувь нь Трампын эдийн засгийн бодлогыг дэмжихгүй байна гэж хариулжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.