"Лан ах" буюу Ш.Шинэбаяр: 19 жилийн дараа хүү минь ирж сэтгэлд тээглэсэн том хар чулууг зайлуулсан
Цахим орчинд "Лан ах" нэрээр танигдсан хувиараа бизнес эрхлэгч Ш.Шинэбаяртай ярилцлаа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, багаасаа хурдны морь унаж, мал ахуйтай ойр өссөн тэрбээр адуунаасаа одоо хүртэл холдож чадаагүй явна. Улаанбаатарт такси үйлчилгээ гараагүй байхад морин тэргээр хүн, ачаа тээвэрлэж аж амьдралаа эхлүүлж байсан "Лан ах"-ыг ойр дотнынхон нь "хөдөлгөөнтэй эр" гэлцэнэ.
Өдгөө Лан ах өөрийн гараар бүтээсэн хашаа байшиндаа солонгос машины сэлбэг борлуулан амьжиргаагаа залгуулан амьдардаг байна. Тэрбээр амьдралын урт замд алдаж, онож эхнэрээсээ салж, төрсөн охин, хүүгээ харах эрхгүй ганцаардаж бэтгэрч явахдаа амиа хорлох оролдлого хийж явснаа ч нуусангүй. "Хүн ганцаарддаг юм байна лээ. Одоо намайг Монголын сайхан сэтгэлтэй ахан дүүс маань дэмжиж байгаа учир ганцаардах зүйл алга" хэмээн ний нуугүй ярих эгэл жирийн, хөдөлмөрч, хичээнгүй түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Цахим орчинд хүмүүс таныг "Лан ах" гэж л мэдэх байх. Таны үндсэн ажил юу вэ?
-Үндсэн ажил маань солонгос машины сэлбэг зарах. Энэ ажлыг зургаа, долоон жил хийж байна даа. Цар тахлын үед гэртээ байхдаа 800 гаруй цахим зарын группийн админ л болсон юм. Түүгээрээ машины сэлбэгийн зараа оруулаад үндсэндээ гэрээсээ ажлаа хийгээд сууж байна.
-Таны хувьд бага наснаасаа мал ахуйтай ойр өссөн хүн шиг байсан. Сүүлийн үед тэр тусмаа адуутай ойр байгаа харагддаг?
-Би өвөө, эмээ дээрээ өссөн. Тийм болохоор багаасаа хөдөөгийн ажилд, мал маллах ажилд сайн байлгүй яах вэ. Адуунд их хайртай, бүх зүрх сэтгэлээ зориулж байна. Одоогийн байдлаар тав, зургаан адуутай болсон. Хонь хариулж байгаа юм шиг л өдөр бүр дагаж, манаж хонодог ажилтай. Монголчууд ер нь адуу малдаа хайртай шүү дээ.
-Хөдөө амьдрах бодол бий юу?
-Хөдөө гаръя гэж боддог. Хэдэн сайхан адуутай, үхэртэй болоод, ямар ч стрессгүй тайван амьдармаар байна. Хүн хөгшрөөд ирэхээрээ төрсөн нутгаа л бараадахыг бодно шүү дээ. Эр хүн 30 нас нэлээд даваад төрсөн нутгаа л боддог, зүүдэлдэг юм байна лээ.
-Ганцаардах үе гарч л байсан байх даа?
-Байлгүй яах вэ. 2024 онд надад маш хэцүү үе тохиолдсон. Эрүүл мэндийн асуудалтай болоод үхэх сэхэх дээрээ тулж байлаа. Тэр үед хань ижил, үр хүүхдийн нөмөр түшиг, дэм тусыг их үгүйлсэн. Ах нь ганцаараа хорвоог туулж яваа алдаж онож үзсэн л эр хүн. 20 гаруй настайдаа би амьдралын тухай юуг ч бодолгүй явсан тэнэг толгой. Машинаа унаж цэнгэж яваад хүн дайрч, осол хүртэл хийж явсан даа. Хүн ер нь 30 нас гараад ирэхээр л ухаан суудаг юм билээ.
-Амьдралдаа гаргасан алдаануудаа эргээд бодоход юун дээр их алдаж байв?
-Би охин, хүү хоёртой. Хорвоо дээр бас цор ганцаараа биш шүү. Миний охин одоо 20 гарсан, энэ хотын хаа нэгтээ л амьдарч байгаа. Хаа нэгтээ гэдэг нь ах нь төрсөн цагаас хойш харж чадаагүй юм. Миний буруу явсны л шан нь тэр биз дээ. Энд тэндээс хайж зургийг нь л харж сэтгэлдээ бодож тээж явдаг юм. Хэдий өсөхөд нь хамт байгаагүй ч гэсэн эцэг хүний хариуцлагаа бол үүрч ирсэн. Нэг л өдөр ороод ирнэ дээ гэж хүлээж суудаг. Хүү маань саяхан аав дээрээ ирсэн, гэнэт ороод ирдэг юм байна лээ. Хүний үр болсон юм хойно, тийм сайхан байгаа шүү.
-Та хоёрын уулзалт үнэхээр хайрламаар бас халгамаар болсон байх. Надад төсөөлөхөд ч бэрх санагдаж байна. Хэдэн жилийн дараах уулзалт байв?
-19 жилийн дараа миний хүү аавтайгаа уулзсан. 2004 онд хорвоод ирсэн үр минь. Надаас өндөр сайхан эр болсон байна лээ. Ээж, эмээ өвөө нь сайхан хүмүүжүүлж өсгөсөн байна гэж бодон их баярласан. Хамгийн гол нь аавыгаа гээд ороод ирдэг нь сайхан. Сэтгэлд байсан том хар чулууг түлхээд гаргачих шиг л болсон. Намайг бодвол даруу төлөв, томоотой болж төлөвшсөнд нь баярлаад байгаа. Хүүдээ ажлаа сайн хий, их зүйлийг сурч мэд л гэж захисан даа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.