Айчи-Нагояагийн пара наадамд Монголын төрийн дууллын оронд Ираныхыг тоглуулсандаа уучлал гуйв
Азийн пара наадам Японы Айчи-Нагояа хотод явагдаж байна. Тэгвэл наадмын шагнал гардуулах ёслолын үеэр улс орнуудын төрийн дууллийг андуурч тоглуулсан хэд хэдэн тохиолдол гарсан байна. Тодруулбал даваа гарагт /2026.10.19/ төрийн дууллыг андуурч тоглуулсан гурван тохиолдол гарчээ. Тэдний нэг нь пара таеквондогийн 52 кг-ын жинд Монгол Улсын тамирчин У.Сүрэнжавын авсан алтан медалийг гардуулах үед тохиолдсон байна. Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын бус Ираны төрийн дууллыг тавьжээ.
Мөн Монгол Улсынхаас гадна Өмнөд Солонгос, Тайванийн төрийн дууллыг андуурсан байна. Нагояа хотын дарга, Айчи-Нагояагийн пара наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга болох Хиросава Ичиро лхагва гарагт /2026.10.21/ эдгээр тохиолдлын талаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр хэлэхдээ, албан тушаалтнууд төрийн дуулал тоглуулахдаа давхар шалгасан эсэх, ийм арга хэмжээ авсан ч алдаа гарсан эсэхийг шалгах ёстой гэж хэлж, уучлал гуйсан байна. Мөн Айчи-Нагояагийн пара наадмыг зохион байгуулах хороо даваа гарагт төрийн дууллыг нь андуурсан орнуудаас уучлал гуйсан юм.
Мөн өнгөрсөн сараас аравдугаар сарын 4-н хүртэл үргэлжилсэн Айчи-Нагояагийн Азийн наадмын үеэр ч үүнтэй адил асуудлууд гарчээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээний өмнө Өмнөд Солонгосын оронд Хойд Солонгосын төрийн дууллыг тоглуулсан байна. Наадмыг зохион байгуулах хороо Өмнөд Солонгосын багаас уучлал гуйж, болсон явдал хүний гаргасан алдаатай холбоотой гэж тайлбар өгчээ.
Өөр хэд хэдэн тохиолдлын дараа зохион байгуулагчид төрийн дууллыг андуурсан шалтгааныг судалж, өөрчлөлт хийх тал дээр ажиллана гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: NHK













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө зүгээрштээ, манайхан чинь персүүдэд аймаар хайртай, ах дүүс гээл саяхан орлилдоод байсаншт