УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дахин шүүх эсэхийг УДШ маргааш шийднэ

Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсээс рейтинг нь хамгийн өндөр явсаар ирсэн нь Н.Алтанхуяг. Гэвчиг нэр холбогдсон Хөгжлийн банкны гэх хэрэг нь тээг саад болсоор. Гурван шатны шүүхээр түүнийг цагаатгасан ч өдгөө дахин хэлэлцүүлсээр буй.

Угтаа Хөгжлийн банкны хэргийг 2024 онд НДЗШШ-д хэлэлцэж Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгаж, 20 хүний цагаатгах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байлаа. Тодруулан хэлвэл, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нар уг шүүх хурлыг удирдсан. Гэтэл тэд хоёр жилийн дараа |2026.03.10| өөрсдийнхөө шийдвэрийг няцааж, дахин хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн буцаасан байдаг.

Улмаар давж заалдах шатны шүүхийн эл шийдвэрийг хэрэгт нэр холбогдсон хүмүүс, тэдгээрийн өмгөөлөгчид эсэргүүцэж УДШ-т хандсан. УДШ |2026.09.29| Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон этгээдүүдийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэтэл нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн үзэж тус шүүх хурлыг хойшлуулсан юм. Тус шүүх хурал маргааш УДШ-ийн Эрүүгийн танхимд болно.

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг бол дөрвөн жилийн өмнөөс хуулийнхны овоо хараанд буй. Ерөнхийдөө анхан шатны шүүхээр хоёр, давж заалдах шатны шүүхэд хоёр, дээд шүүхэд нэг удаа шүүгдсэн.

Гурван шатны шүүхээр цагаатгах шийдвэр гаргасан байтал яагаад дахин эсэргүүцэл бичих болов гэдэг сонин. Эсэргүүцэл бичсэн прокурорууд бол Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт нар. АН-ынхан болон олон нийтийн зүгээс Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж буй тул дахин хэргийг нь сөхөж, шүүх хурлыг сунжруулах, эсхүл ямар нэгэн ял оноож өрсөлдөх боломжгүй болгох гэж байна хэмээн хардаж байгаа.

Юутай ч Н.Алтанхуягт холбогдох хуулийн заалт нь ийм "ЭХ-ийн 22.1-2 | Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ".

Шуудхан хэлэхэд Н.Алтанхуягийн Ерөнхийлөгчид нэр дэвшихийнх нь өмнө шүүхийн шатаар алхуулах эсэхээ УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчид шийдэхээр болчихлоо. Шүүхийн процесс дахин өрнөлөө ч нэр дэвших эрхэд нь нөлөөлөхгүй гэх тайлбарын хуулийнхан хийх болсон.

УДШ-ийн Ерөнхий шүүгчээр 2026 оны зургаадугаар сарын 15-ны Ерөнхийлөгчийн зарлигаар Ц.Цогтыг томилсон. Түүнийг өнгөрсөн хугацаанд хэвлэл, олон нийтэд нээлттэй, хуульчдынхаа дунд ч нэр нүүртэй хэмээн тодотгосоор ирсэн билээ. Түүнийг эл суудалдаа сууснаас хойших хамгийн анхны улс төрийн томоохон хэргүүдийн нэг УДШ-ээр хэлэлцэгдэх гэж байна. Хэрхэн шийдвэрлэгдэх бол хэмээн олон нийт чих тавин хүлээж байна.

УДШ-ийн шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дураараа бичих юм. Шүүх одоо хамаагүй болсон.

Холбоотой мэдээ

Back to top button