БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны хуралдаанаар Ши Жиньпин эрх мэдлээ улам бэхжүүлэх төлөвтэй байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт /2026.10.26/ Бээжин хотноо Коммунист намын 20 дахь Төв хорооны тав дахь хуралдааныг нээн үг хэлсэн юм. Энэхүү хуралдаанаар Коммунист намын ирээдүйн дүр зургийг тодорхойлж магадгүй. Хятадын төрийн хэвлэлүүд уг хуралдаан намын сахилга батыг чангатгах үйл явцыг эхлүүлэх суурь болно гэж мэдээлжээ. Энэхүү хуралдаан Ши Жиньпин эрх мэдлээ улам бэхжүүлэх боломж болно гэж барууны шинжээчид үзэж байна.
Төв хорооны өмнөх хуралдаанаар Коммунист нам Ши Жиньпинийг намын цөм хэмээн тодорхойлсон. Ингэснээр бүрэн эрхийн хугацааны хязгаарлалтыг цуцалж түүнд төрийн эрхийг хугацаагүйгээр барих боломжийг нээсэн өгсөн юм.
Энэ удаагийн хурал нь Коммунист намын их хурлын өмнө болж байгаа гэдгээрээ онцлог. Ийм учир Ши Жиньпин тус хурлаар намын гишүүдийн байр суурийг нэгтгэж, их хуралд оролцох төлөөлөгчдийн үнэнч байдлыг баталгаажуулах зорилготой байна.

Есдүгээр сард Коммунист намын Улс төрийн товчооноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус хурлаар намын удирдлагыг сахилга баттайгаар бэхжүүлэх ажлыг урагшлуулахтай холбоотой хэд хэдэн томоохон асуудлаар шийдвэр батлах аж. Энэ мэдэгдэл нь алслагдсан бүс нутагт ажиллаж буй намын албан тушаалтнуудын дуулгавартай байдал, ажлын үр нөлөөг улам бэхжүүлнэ гэсэн утгатай хэмээн шинжээчид тайлбарлажээ.
Ши Жиньпин Коммунист намд цэвэрлэгээ явуулж байгаа. Авлига болон ёс суртахууны ялзралын хэрэгт буруутгагдсан олон өндөр албан тушаалтан албан тушаалаасаа алдаж, намаас хөөгдсөн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, ёс суртахууны ялзрал гэх ойлголтыг Ши Жиньпинд үнэнч бус хэмээх хүмүүсийг шахан гаргахад ашиглаж байгаа аж. “Asia Society Policy Institute” тооцоолсноор, 2022 онд Төв хорооны бүрэлдэхүүнд томилогдсон цэргийн 44 албан тушаалтнаас хоёр нь л албан тушаалдаа үлджээ. Мөн БНХАУ-ын зэвсэгт хүчнийг удирддаг долоон гишүүнтэй Цэргийн төв зөвлөлийн бүрэлдэхүүн цөөрсөн. Одоо тус зөвлөлд Ши Жиньпин болон өөр нэг генерал л алба хашиж байгаа юм.
Энэ удаагийн хурлаар Ши Жиньпин Цэргийн төв зөвлөлийн шинэ гишүүдийг томилох боломжтой билээ.
Эх сурвалж: BBC













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.