Инфляцыг хязгаарлана гэсэн сайдын амлалтаас хойш үнийн өсөлт 12.9 хувьд хүрэв
Сангийн сайд З.Мэндсайхан инфляцын өсөлтийг хязгаарлана гэж мэдэгдээд хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд үнийн өсөлт саарсангүй, харин ч гаарлаа. Иргэд эрх баригчдын хуурамч амлалтад чих дөжирч, үнийн өсөлтийн өмнө сөхөрч байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны есдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар өсөв.
З.Мэндсайхан 2026 оны дөрөвдүгээр сард Н.Учралын Засгийн газарт Сангийн сайдаар томилогдсон. Түүнийг томилогдохын өмнөх сард буюу гуравдугаар сард улсын инфляц 7.4 хувьтай гарсан. Дөрөвдүгээр сард 10.1 хувь болсон нь сүүлийн жил гаруйн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Улмаар тавдугаар сард 11.2 хувьд, долоодугаар сард 13 хувьд хүрсэн. Наймдугаар сард 12.5 хувь болж бага зэрэг саарсан ч есдүгээр сард дахин 12.9 хувь болов. 2025 оны есдүгээр сард инфляц 9 хувь байсныг бодвол өсөлтийн хурдац жилийн дотор 3.9 нэгж хувиар нэмэгджээ.
-Инфляцын 43.8 хувийг хүнсний үнэ бүрдүүлж байна-
Есдүгээр сарын 12.9 хувийн инфляцын 5.6 нэгж хувь буюу 43.8 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өссөн байна. Тээврийн бүлэг 2.2, боловсролын үйлчилгээ 1.2, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 0.9 нэгж хувиар нөлөөлсөн. Махны үнийн өсөлт зуны улиралд хамгийн огцом байлаа. Долоодугаар сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 55.9 хувиар, хонь, ямааны махны үнэ 63.6 хувиар тус тус өсчээ.
Үүнээс гадна мах, хатуу түлшнээс бусад дотоодын бараа инфляцын 4.4 нэгж хувийг, шатахуун, түлшнээс бусад импортын бараа 2.0 нэгж хувийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, инфляцын гуравны нэг орчим нь мах, түлшинд хамааралгүй дотоодын барааны үнийн өсөлтөөс үүдэлтэй.
-Засгийн газар ирэх онд инфляцыг 7 хувь гэж тооцсон. Удахгүй он дуусах ч төсөөллөө хоёр нугалсан инфляцтай хэвээр байна-
Засгийн газар тавдугаар сард Улсын Их Хуралд танилцуулсан 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлдээ инфляцыг 2027 онд 7.0, 2028 онд 6.0, 2029 онд 5.0 хувьд хадгална гэж тооцсон. Монголбанк ч 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлдөө инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах зорилт тавьжээ. 2027 оны зорилтод хүрэхийн тулд инфляц одоогийн 12.9 хувиас 5.9 нэгж хувиар буурах ёстой.
Гэтэл З.Мэндсайхан сайд урьдынхаараа буюу эдийн засгийн нөхцөл байдлыг гадаад болон нийлүүлэлтийн хүчин зүйлээр тайлбарласаар буй. Тэрбээр Орос-Украин, Иран-Америкийн дайнаас үүдэлтэй нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний салбарын нөлөөг нэрлэж, Монголбанк бодлогын хүүгээ нэмж эрэлтийн инфляцыг хязгаарлаж, Засгийн газар хүнсний стратегийн нөөц бүрдүүлэх замаар нийлүүлэлтийн инфляцыг барина гэж мэдэгдсэн. Мөн төр бүсээ чангалж, зардлаа танаснаар иргэдийн орлогыг хамгаална гэсэн байр суурьтай буй билээ.
Саяхнаас зарим төрийн албан хаагчдын цалин, 413 мянган ахмад насны суурь тэтгэвэр нэмэгдэв. Төр ийн гар сунгасан нь халаасанд орж ирэх мөнгөний тоо нэмэгдэх ч инфляц өндөр байгаа цаг үед үнийн өсөлт, инфляцын дарамтыг өдөөх эрсдэлтэйг шинжээчид, аудитын дүгнэлт ч сануулсаар байна.
Мөн ХҮН намын зүгээс энэ сарын сүүлч ирэх сарын эхээр инфляцын түвшин 15 хувьд ч хүрч магадгүй, мах, бензин шатахууны нийлүүлэлтийн хомсдол зах зээлд үнийн өсөлт бий болгоно гэдгийг санууллаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.