Караоке, баар цэнгээний газрууд зохиогчийн эрхийн төлбөрийг улирлаар нь төлбөл 30 хувийн хөнгөлөлт эдэлнэ

Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлөөс хөгжмийн бүтээл, дуу бичлэг ашиглуулах тарифыг баталсан нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Тус зөвлөлийн 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) болон Монголын дуу, бичлэг бүтээгчдийн үндэсний төв (MCPP) байгууллагын зохиогчийн эрх, дуу бичлэгийн хамаарах эрхийн тарифыг тус тус хянан баталгаажуулсан байна.
Шинэ тарифаар Улаанбаатар хотын төвийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг караоке баар нэг өрөөнөөс сард 30 мянган төгрөг, захын бүс болон орон нутагт 20 мянган төгрөгийн зохиогчийн эрхийн төлбөр төлөхөөр болжээ. Харин төлбөрөө улирлаар нь төлсөн тохиолдолд 30 хувийн хөнгөлөлт эдлэх юм байна.
Мөн олон өрөөтэй үйлчилгээний газруудад өрөөний тооноос хамаарсан хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт тусгажээ. Энэхүү зохицуулалт нь зөвхөн караоке баараар хязгаарлагдахгүй. Онлайн караоке үйлчилгээ, амьд тоглолт, наадам, шоу, хүлээн авалт, телевизийн концерт, шоу нэвтрүүлэг зэрэг хөгжмийн бүтээл ашигладаг үйл ажиллагааг мөн хамарчээ.
Тэгвэл цугларсан төлбөрийг уран бүтээлчдэд хэрхэн хуваарилах вэ?
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг нь цугларсан хураамжийн 25 хүртэлх хувийг үйл ажиллагаандаа зарцуулж, үлдсэн 75 хувийг хөгжмийн зохиолч, үг зохиогчдод хуваарилна. Ингэхдээ тухайн бүтээл хэдэн удаа ашиглагдсан мэдээлэлд үндэслэн төлбөрийг тооцох юм байна.
Караоке бааруудад дууны ашиглалтыг бүртгэх зориулалттай тоолууртай төхөөрөмж байршуулж, онлайн караоке үйлчилгээ үзүүлэгчдээс ашиглалтын тайлан авах замаар хяналт тавихаар төлөвлөжээ. Зохиогчийн эрхийн төлбөр төлсөн анхны жишээ ч гарсан байна. Тодруулбал, дуучин Л.Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолтыг зохион байгуулсан “Тэлмэн Эмүүжин” продакшн оюуны өмчийн төлбөр төлжээ.
Тус тоглолтод нийт 44 бүтээл дуулагдсанаас 38 нь Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн гишүүдийн бүтээл байсан бөгөөд зохиогчдод нэг сая гаруй төгрөг хуваарилсан байна. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51.1-д заасан зохицуулалтын хүрээнд баталгаажуулсан уг тарифыг танилцуулснаар хүчин төгөлдөр мөрдөх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах боломжтой юм байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.