СпортСПОРТ

Биднийг нэгтгэж чадсан энэ цаг үеийн Монгол бахархал болсон долоон ЭРХЭМ

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол Бахархал"-ын өдөр тохиож буй. Тэгвэл бид тив, дэлхийд Монгол улсынхаа нэрийг алдаршуулж, энэ цаг үед салбар бүрд бидний бахархал болсон эрхмүүдийг онцолж байна.

-Монгол мөрөөдлийг биелүүлсэн Ш.Энхийн-Од-

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-ын драфтад Монгол хүү нэрээ өгсөн нь МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од байв. Тэрбээр зөвхөн өөрийн хүсэл мөрөөдөл бус Монгол хүн NBA-д тоглохыг харах Монголчуудын мөрөөдлийг биелүүлсэн юм. Өчигдөрхөн түүний “Осеола Мэжик” баг Хөгжлийн Лигийн шинэ улирлын эхний тоглолтоо талбайдаа ОКС-ийн эсрэг хийж тус тоглолтод Ш.Энхийн-Од сэлгээнээс гарч төвийн байрлал дээр тоглолоо. Тэрбээр хөгжлийн лигийн эхний тоглолтдоо таван оноо, дөрвөн самбар, хоёр оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, нэг хаалт хийсэн юм. Энэ цагийн Монгол бахархлаар сайн хүний үр, сүйт гүүний унага Ш.Энхийн-Одыг нэрлэж байна.

-Дэлхийн аваргын гурван медалийн эзэн эмээгийн энхрий охин Л.Энхрийлэн-

Монголын жүдо бөх хэзээнээс л тив, дэлхийд нэртэй, данстай байсан. Тэгвэл эмээ нь тэтгэврийн зээл авч жүдогийн кимоно авч өгөн тэмцээнд явуулж байсан эмээгийн энхрий охин Л.Энхрийлэн хоёр өөр жинд дэлхийн аваргын медаль хүртсэн анхны тамирчин болов. Мөн тэрбээр Монголын эмэгтэй жүдочдоос дэлхийн аваргаас гурав болон түүнээс олон медаль зүүсэн гурав дахь тамирчин гэж дуудуулах нь. Түүний амжилтаас дурдвал,

  • 2020 оны Узбекистанын дэлхийн аваргын хүрэл медаль,
  • 2023 оны Катарын дэлхийн аваргын хүрэл,
  • энэ сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд зохиогдсон Азербайжан улсын Баку хотод болсон 39 дэх удаагийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж ДАШТ-нээс гурав болон түүнээс их медаль хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй жүдогийн тамирчин болж байна.

Эмээ нь бэлтгэл, тэмцээнээс ирэх бүрд нь халуун хоолтой тосон энхрийлэн өсгөсөн Л.Энхрийлэн дэлхийн шилдэг тамирчин болсон юм. Түүнийг энэ цагийн Монгол бахархлаар нэрлэхгүй байхын араггүй.

-Монгол бахархал GenZ Даян аварга-

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдаж Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат өдгөө 28 настай Б.Орхонбаяр 10 даван түрүүлж Даян аварга цол хүртсэн. GenZ үеэс Даян аварга төрж Монголчуудын эв нэгдэл, үнэт зүйлсийг нэгтгэж Монгол бахархал болсон юм. Мөн тэрбээр "Physical Asia" шоунд эх орноо төлөөлөн оролцож Монгол эр хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, үндэсний бөхийг олон улсад сурталчилж чадсан.

-Азийн пара наадмаас 10 медаль зүүсэн Монголын бахархлууд-

“Айчи–Нагоя 2026” Азийн пара наадам Япон Улсын Айчи муж болон Нагоя хотод өнгөрсөн аравдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Монгол Улсаас тус наадамд спортын 10 төрөлд 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож таван өөр төрөлд медаль авч, нэг наадмаас дөрвөн алтан медаль хүртсэн түүхэн амжилт үзүүлэв. Түүнчлэн Монголын пара тамирчид Азийн олон орны шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, медалийн чансаагаар 14 дүгээр байрт жагслаа. Тэдний хичээл зүтгэл, хөдөлмөр, тэсвэр тэвчээр Азид гайхагдаж гэр бүл, дасгалжуулагч, баг хамт олон, Монголчуудын хамтын бахархлыг төрүүлсэн юм.

-Монгол дуу хоолой дэлхийн сонгодог урлагийн төвд-

Монголын дуурийн урлагийн төлөөлөл дэлхийн сонгодог урлагийн өлгий нутаг Итали болон Европын нэр хүндтэй театруудын тайзнаа амжилттай уран бүтээлээ туурвиж, монгол хүний хоолойн цар хүрээ, ур чадварыг дэлхий дахинд таниулж байна. Энэ зуны онцлох үйл явдлын нэг нь Италийн дөрвөн том театрт Жузеппе Вердийн алдарт “Набукко” дуурийн гол дүрд Монголын дөрвөн баритон ээлжлэн дуулсан явдал байв. Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Ч.Бадрал, Э.Анхбаяр нар Вавилоны хаан Набуккогийн дүрийг бүтээж, Италийн үзэгчдэд Монголын дуурийн урлагийг төлөөлөн хүргэлээ.

Үүнээс гадна Сицили арлын Сиракуза хотын олон мянган жилийн түүхтэй Грек задгай театрт Гавьяат жүжигчин Ч.Бадрал, О.Хүрэлбаатар нар “Набукко” дуурийн гол дүрүүдэд хамтран гоцолсон нь онцгой үйл явдал болов. Монголын нэрт баритон Э.Амартүвшингийн олон улсын амжилтыг Италийн төр засаг өндрөөр үнэлж, 2026 оны долдугаар сарын 27-нд Италийн Одонт одонгийн Офицер зэрэглэлээр шагнасан нь Монголын урлагийн салбарын бахархалт үйл явдлын нэг байлаа. Мөн Г.Ариунбаатар энэ намар Италийн Парма хотын Teatro Regio di Parma театрын тайзнаа “Набукко” дуурийн гол дүрийг бүтээж, Германы Берлин хотын Staatsoper Unter den Linden театрт тоглохоор төлөвлөгдсөн нь түүний олон улсын уран бүтээлийн замнал үргэлжилж буйн илрэл юм.

-ДАШТ-д таван жил дараалан түрүүлсэн Монголын даамчид-

Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүлсэн түүхэн амжилт үзүүлэв. 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шинтай хотод болж, Монголын баг 10 медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ.

Энэхүү тэмцээнд 15 орны 350 орчим тамирчин таван насны ангилалд өрсөлдөхөд Монголын баг дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл, нийт 10 медальтай багийн дүнгээр түрүүлж, цомын эзэн болжээ. Ингэснээр 2022 оноос хойш таван жил дараалан аварга багаар тодорсон түүхэн амжилт үзүүллээ.

-18 настай гавьяат хүртсэн Н.Нандинхүсэл дэлхийн тамирчин болов-

18 настай Монгол Улсын Гавьяат Тамирчин болсон Н.Нандинхүсэл нь АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн хамгийн дээд түвшин болох "WNCAA Division I"-д тоглож буй анхны Монгол эмэгтэй тамирчин болсон. Тэрбээр энэ сард "WNCAA"-д албан ёсны эхний тоглолтоо маш амжилттай хийсэн. Тус тоглолтод 17 минут талбайд гарахдаа 9 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, баг нь ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Монголын залуу гавьяат дэлхийн тамирчин болоод байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button