СпортСПОРТ

Яруу нутгийн хүү М.Лхагвагэрэл төрийн наадамд түрүү бий гэдгээ харууллаа

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд "шинэхэн" гарди Завхан аймгийн Яруу сумын харьяат Даян дэвжээний бөх МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Тэрбээр "Чингис хаан" цомыг гардсан гурав дахь бөх боллоо.

Чөлөөт бөхийн төрлөөр хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпын дэвжээнд эх орныхоо нэрийг дуудуулж шагналт тавдугаар байрт шалгарч явсан гавьяат тамирчин сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр түлхүү барилдах болсон. Завхан нутгийнхан төдийгүй Монголын ард түмэн түүнийг "төрийн наадамд түрүүлэх бөх" хэмээн харж, ярьж ирсэн. Өдгөө 28 настай гавьяат маань энэ жилийн үндэсний их баяр наадмаар найм давж гарди цол хүртэж есийн даваанд түрүү бөх Б.Орхонбаярт тахим буулгасан.

-Даян аваргаас даагаа нэхэж даван цом өргөв-

Тэгвэл гарди М.Лхагвагэрэл энэ удаад даагаа нэхэж Даян аваргатай барилдсан даваа, унааны тоог 3:3 болгон тэнцүүлэв. Энэ цаг үед барилдаж байгаа бүхий л "томчууд" дээш шахаж барилдсан тус барилдаан Улсын баяр наадмаас чансаагаар дутсангүй. "Ирэх жилийн Улсын баяр наадмын 6, 7 давааг харлаа" хэмээн бөх сонирхогчид ярьж байна. Долоо давж түрүүлэн цом өргөсөн М.Лхагвагэрэл гардийн давсан бөхчүүдийг хүргэе.

  • Нэгийн даваанд Увс аймгийн начин Ц.Мөнх-Эрдэнэ
  • Хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харцага Г.Гантулга
  • Гурвын даваанд Цэргийн арслан Б.Өлзийсайхан
  • Дөрвийн даваанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
  • Тавын даваанд Улсын арслан Э.Батмагнай /амлуулж барилдсан/
  • Зургаагийн даваанд Улсын заан Д.Алтанцоож /тунан барилдсан/
  • Долоогийн даваанд Даян аварга Б.Орхонбаярыг давж түрүүлсэн юм.

М.Лхагвагэрэл түрүүлснийхээ дараа "Цом маань маш хүнд юм байна. 2025 оны чөлөөтийн ДАШТ-нээс хойш жингээ хасаагүй яваа. Энэ маань үндэсний бөхөөр сайн барилдахад нөлөөллөө. Үндэсний бөхдөө төвлөрч бэлтгэлээ хийгээд явбал цаашдаа сайн барилдах байхаа" хэмээн ярилаа.

Үндэсний бөхдөө төвлөрч бэлтгэлээ хийвэл төрийн наадмын түрүү бий гэдгээ "шинэхэн" гарди М.Лхагвагэрэл "Чингис хаан" цом өргөж харууллаа. Тэрбээр Улсын наадамд дээгүүр даваанд таарах өрсөлдөгч бөхчүүдээ ч давж түрүүллээ. Ирэх жил Завханчууд Яруугийн хүүгийнхээ дээлийн захыг сайн мушгих биз ээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button