Байгаль орчин

Ленка Полякова: Дорнод Монголд нутагшуулах тахийн эхний тээвэрлэлтийг 2029 онд хийхээр төлөвлөж байна

Чех улсын нийслэл Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Ленка Поляковатай ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

- Монгол Улс, Прага хотын амьтны хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны талаар танилцуулна уу. Хэзээнээс эхлэлтэй билээ?  

-Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улстай олон жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн билээ. Манай амьтны хүрээлэн 2011 онд XX зууны дунд үед байгаль дээр бүрэн устаж үгүй болсон зэрлэг адуу буюу тахийг төрөлх нутагт нь сэргээн нутагшуулах ихээхэн амбицлаг, алсын хараатай “Тахь эх нутагтаа эргэн ирсэн нь” төслийг эхлүүлсэн түүхтэй. Тогтвортой сэргэн нутагшсан ч эмзэг хэвээр байсан тахийн популяцид генийн сэлбэлт хийх, тоо толгойг нэмэгдүүлэх зорилготой эхлүүлсэн уг төслийн эхлэлийн цэг нь Монгол Улс байв.

Манай хоёр талын өнөөг хүртэл тогтвортой үргэлжилж буй бат бөх, өндөр ач холбогдолтой түншлэлийн үндэс суурь нь энэхүү биологийн олон янз байдлыг хамгаалах үлэмж чухал төсөл юм. Бид байгаль хамгаалчдын судалгаа, хяналт-шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх, тогтмол хангалт хийхэд туслах замаар Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн бид “Зэрлэг амьтныг авран хамгаалах төв” ТББ-аар дамжуулан Дорнод Монголд тахь нутагшуулах шинэ төсөл эхлүүлээд байна. Энэ санаачлага бол олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, тахь хамгаалах үйлсэд түлхэц болж буй бас нэгэн чухал алхам юм. 

-Тахийг эх нутагт нь нутагшуулах “Тахь эх нутагтаа эргэн ирсэн нь” төслийг хэрэгжүүлэх явцад та бүхний туулсан сорилт бэрхшээл, ололт амжилт юу байв? 

-Логистик талаасаа зэрлэг амьтан сэргээн нутагшуулах төслийн хамгийн сорилттой, өндөр хариуцлага шаарддаг хэсэг бол тив дамнасан тээвэрлэлт байдаг. Тээвэрлэлт нэг бүр олон сарын бэлтгэл ажил, олон талт болон олон мэргэжилтнүүдийн нягт хамтын ажиллагааг шаарддаг. Агаарын болон хуурай замаар хэдэн арван цаг үргэлжлэх тээвэрлэлтийн явцад амьтны биеийн байдалд тасралтгүй хяналт тавьж, ажилбар нэг бүрийг чанд анхаарана гэдэг маш нарийн төвөгтэй ажиллагаа юм. Ямар ч амьтны амжилттай сэргэн нутагших эсэх нь тухайн зүйл амьтныг сэргээн нутагшуулж буй газрын экосистемийг урт хугацаанд цогцоор нь хамгаалсан эсэхээс шууд хамаардаг. Амьтдыг нутагших газарт нь тээвэрлэн аваачина гэдэг бол бүхэл бүтэн нэг цогц үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм.

Бид мөн Монгол Улсын биологийн олон янз байдлын судалгаа шинжилгээ, хамгааллын ажилд анхаарал хандуулан орон нутгийн байгаль хамгааллын хүчин чармайлтыг дэмжиж, тусгай хамгаалалттай газрын ач холбогдолыг олон нийтэд таниулан сурталчилдаг. Тахь сэргээн нутагшуулах төсөл нь олон талт нэгдмэл үйл ажиллагаа шаардсан нарийн төвөгтэй ажил боловч гарч буй үр дүн нь бодит бөгөөд өндөр ач холбогдолтой юм. Өнгөрсөн хугацаанд бид монгол орны баруун хязгаарт 34 тахь Европ тивээс тээвэрлэн аваачиж, анх тэнд нутагшуулсан тахийн сүрэгт генетик сэлбэлт хийсэн бөгөөд эдүгээ тэрхүү тахийн популяци ямарч хүнд зудыг даван туулахуйц болжээ.  

Гэрэл зургийг Оливер Ле Кэ

-Агаарын тээвэр болон логистикийн ажлынхаа тухай жаахан дэлгэрүүлэх үү? 

-Манай Прагын амьтны хүрээлэн амьтан зөөвөрлөж тээвэрлэх арвин туршлагатай ч түншлэгч бусад талуудын маань аль нэг нь үгүй бол тэрхүү нарийн агаад нүсэр ажлыг амжилттай гүйцэтгэх боломжгүй юм. Ялангуяа Чехийн зэвсэгт хүчний КАСА (CASA) цэргийн нисэх хүчинтэй хамтарсан түншлэл маань бидэнд онцгой үнэ цэнэтэй. Арилжааны нислэгүүдтэй харьцуулахад цэргийн нисэх хүчний онгоцоор амьтан тээвэрлэхэд илүү тухтай байдаг. Тухайлбал, тахийг тээвэрлэх явцад амьтан маллагч, малын эмч нислэгийн явцад хамт байж, замын турш тэднийг цагаар услаж, тэжээж, биеийн байдалд нь хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд тохирсон арга хэмжээ авдаг. Амьтан тээвэрлэх ажиллагаа нэг бүр олон байгууллага, хэдэн арван хүний оролцоотой хэрэгждэг бөгөөд тэдний туршлага, ур чадвар, олон сарын бэлтгэл ажлын үр дүнд тахь сэргээн нутагшуулах аялал бодит биеллээ олдог. 

-Монголд сэргээн нутагшуулж буй тахийн генийн санг хамгаалах, баяжуулахад ямар стратеги баримталж ажилладаг вэ?

-Тээвэрлэлт бүрт тохирсон тахь сонгон шалгаруулах үйл явц бол Прагын амьтны хүрээлэн, олон улсын түншлэгч талуудын оролцоотой нарийн төлөвлөсөн үйл ажиллагаа байдаг. Европын амьтны хүрээлэнгүүдээс тахийг сонгохдоо удам, нас, хүйс, биеийн байдал, зан төрх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалздаг. Энэхүү сонгон шалгаруулалтыг Прагын амьтны хүрээлэнгийн туруутан амьтан хариуцсан куратор, Европын амьтны хүрээлэн ба аквариумуудын холбоо (EAZA Ex-situ Programmes)-ны “Тахь хөтөлбөр”-ийн зохицуулагч Барбора Добиашова (Barbora Dobiášová) бусад мэргэжилтнүүд хамт удирдан чиглүүлдэг. Шаардлага хангахуйц бодгалиудыг нэр бүхмй шалгуур үзүүлэлтийг харгалзан тодруулдаг. Эцсийн сонголт хийхийн өмнө тэдгээр бодгаль нэг бүрийн эрүүл мэнд, биеийн ерөнхий нөхцөл байдлыг тодорхойлох мал эмнэлэгийн нарийн үзлэг шинжилгээ хийдэг.

Түүнчлэн бодгаль нэг бүрт байнга хяналт тавьж байгаль дахь тахийн популяцийн удамшлын үнэлгээ хийж, удамын хэлхээ холбоог нарийн тодорхойлж цугларсан мэдээллийг олон улсын тахийн бүртгэл (International Przewalski’s horse Studbook)-д оруулдаг. Тахь сэргээн нутагшуулсан газрын байгаль хамгаалагчид нутагшсан тахь гэрийн адуутай эрлийзжиж болзошгүй үйл явцад хяналт тавьж, үүсэх эрсдэлээс сэргийлдэг. 

-Байгаль хамгаалагчдад үзүүлж буй дэмжлэгийнхээ талаар танилцуулах уу? 

-Прагын амьтны хүрээлэн олон жилийн турш ГИДЦГ-ын Б хэсэг дэх байгаль хамгааллын үйл хэргийг тууштай дэмжсээр ирсэн билээ. Бид тус ТХГН-ийн байгаль хамгаалагчдыг бараат замын туулалт сайтай машин, мотоциклоор хангаж, эргүүл хяналтын цэгүүдийг барьж байгуулах, тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглох, гүний худаг өрөмдөх ажлыг санхүүжүүлэх, багийн төвийн хүн эмнэлгийн барилгыг засварлах ажилд дэмжлэг үзүүлж, хээрийн судалгаа шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэлээр хангаж ирсэн. Түүнчлэн бид хамгаалалтын захиргааны тээврийн хэрэгслийн шатахуун болон урсгал зардлыг санхүүжүүлж, байгаль цаг агаарын таагүй нөхцөлд бэлчээр хүрэлцээгүй болоход тахийн сүрэгт нэмэлт тэжээл худалдан авч, тавьж өгөх ажлыг дэмжин ажилладаг.

“Тахь хөтөлбөр”-ийн зохицуулагч Барбора Добиашова Казахстанд тахь нутагшуулах үеэр. 2026 он

-Тахь сэргээн нутагшуулах, хамгаалахын сацуу та бүхэн мөн л Их говийн шүхэр зүйл амьтан хавтгайг хамгаалахад ямар ажил санаачилан хэрэгжүүлж байна вэ? 

-Бид Хавтгай хамгаалах сантай хамтран ажиллаж устах аюулд орсон, Монгол орны нэн ховор зүйл амьтан хавтгайг хамгаалах ажилд гар бие оролцож байна. Хавтгай бол манай гараг дээрх цорын ганц зэрлэг тэмээ бөгөөд гэрийн тэмээтэй эрлийзжих, бэлчээр ус нь гэрийн малтай давхцах, уул уурхай, дэд бүтцийн үйл ажиллагаанд өртөх зэрэг аюул заналхийлэл дунд оршин буй амьтан юм. Амьдрах орчин ийнхүү өөрчлөгдөж буй нь өнөөг хүртэл тэсэж үлдсэн хавтгайн цөм популяцийг гадны нөлөөнд улам эмзэг мэдрэмтгий болгож байна. Эдүгээ ГИДЦГ-ын А хэсэг буюу Алтайн өвөр говьд 664 бодгаль хавтгай бий гэсэн статистик бий. Дэлхийн байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) 2025 оны 10 сард энэхүү өссөн үзүүлэлтэд үндэслэн хавтгайн ховордолын зэргийг дахин тодорхойлж, “нэн ховор зүйл” ангилалаас “ховор зүйл” амьтан болгосон. Тиймээс манай хүрээлэн хавтгай хамгаалахад гаргаж буй хүчин чармайлтыг дэмжин, хавтгай үржүүлгийн газар байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн.

Энэ хүрээнд ГИДЦГ-ын орчны бүсэд хамаарах Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт, Толь булаг хэмээх газар Хавтгай үржүүлгийн төв шинээр байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуйн усны хавтгай үржүүлгийн төвөөс хавтгай тээвэрлэх болон шинэ төвийг машин, мотоцикльтой болгох, хавтгайг чононд бариулахаас хамгаалах цахилгаан гүйлгэсэн хашаа зэрэг шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмжөөр хангахын сацуу Захуйн усны хавтгай үржүүлгийн төвийг сэргээн завсарлахад дэмжлэг үзүүлсэн.    

-Үржлийн төвүүдэд хавтгайн генийг хадгалах, гэрийн тэмээтэй эрлийзжихээс сэргийлэх ажлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Хавтгайг хамгаалахын тулд үржүүлж буй энэ хөтөлбөр тус зүйл амьтны генетикийн өвөрмөц онцлог, бие даасан байдлыг хадгалахад онцгой анхаарал хандуулж буйн илрэл юм. Ийнхүү хавтгайг үржүүлэхлээ тухайн зүйлийн генийн буюу удамшлын олон янз байдлыг дээд хэмжээнд байлгаж, цус ойртолтыг хязгаарлах, гэрийн тэмээтэй эрлийзжихээс сэргийлэхэд онцгой анхаарах ёстой. Тасралтгүй үргэлжлэх судалгааны ажил болон удамшлийн хяналт-шинжилгээ гэсэн хосломол үйл ажиллагааны үр дүнд дэлхийд ховор зүйл амьтан хавтгайг урт хугацаанд тогтвортой хамгаалах боломж бүрдэнэ. 

Захуйн усны үржүүлгийн төвөөс Толь булагийн шинэ үржүүлгийн төв рүү хавтгай тээвэрлэж буй нь /Гэрэл зургийг Дэвид Брода/

-“Захуйн ус”-ны болон шинээр байгуулагдсан “Толь булаг”-ийн үржүүлгийн төвийн онцлог, тэдгээр төвүүдийн үйл ажиллагааны талаар дэлгэрүүлбэл? 

-ГИДЦГ-ын А хэсгийн орчны бүсэд буюу Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дахь Захуйн усны хавтгай үржүүлгийн төвийг хавтгайн түүхэн тархац нутаг болон үндсэн популяцийг хадгалж үлдэх зорилгоор байгуулсан юм билээ. Их говийн хатуу ширүүн нөхцөлд ийм үржүүлгийн төвийг байгуулж, тогтмол ажиллуулна гэдэг үлэмж сорилт туулах ажил бөгөөд хамгаалалтын захиргааны болон үржүүлгийн баг санаанд оромгүй олон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж баймаажин даван гарчээ. Гэвч он жилийн явцад тус төвийн хүчин чадал хүрэлцэхгүй болж хавтгай үржүүлгийн хоёр дахь төвийг барихаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү Толь булагт Хавтгай үржүүлгийн төв нэмж байгуулснаар тус төвийн хүчин чадал бэхжиж, Захуйн усны хавтгайн популяцийг хоёр хувааж тус тусад нь байршуулснаар ямар нэг өвчний халдвар тархах зэрэг эрсдэлийг бууруулж, хамгааллын нөхцөлийг илүү баталгаатай болгосон. Нэмж хэлэхэд Толь булаг дахь Хавтгай үржлийн төвийг айл малын хөлөөс алслагдсан, буйд нутагт байгуулсан нь хавтгай гэрийн тэмээтэй эрлийзжих эрсдэлээс сэргийлэх давуу тал болж буй юм.  

-Хавтгайн үндсэн байршил нутаг Нарансэвстэй орчимд хилийн боомт сэргээн нээх талаар та ямар бодолтой явдаг вэ? 

-Нарансэвстэйн боомтын сэргээж нээх нь манай дэлхийн хамгийн уудам атлаа хүний нөлөөнд хамгийн бага өртсөн маш цөөн газрын нэг ГИДЦГ-ын А хэсгийн байгаль, экологийн тэнцвэрт байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Ялангуяа хүний нөлөөнд маш мэдрэг хавтгай төдийгүй зөвхөн Алтайн өвөр говьд орших, дэлхийд нэн ховор зүйл амьтан мазаалайд устах аюул шууд заналхийлнэ. Мөн зам тавигдаж, хөдөлгөөн нэмэгдэхийн хирээр бусад ховор амьтдын амьдрах орчин хуваагдаж, нүүдлийн зам нь тасарч, байгаль орчин бохирдож, улмаар Алтайн өвөр говийн экосистем доройтох аюултай. Яг ийм сөрөг нөлөө, үр дагавар 1992-1993 онд тус боомтыг анх нээх үеэр ажиглагдаж байсан бөгөөд энэ удаа боомт нээгдвэл тэр үеийнхээс хамаагүй их хөл хөдөлгөөн үүсэж, түүнээс үүдсэн хор хохирол ч хэд дахин үржигдэх болно.  

-Прага хотын амьтны хүрээлэнд “Монголын говь” төв байгуулагдсан гэж дуулсан. Энэ талаар танилцуулна уу. Мөн Монгол улстай цаашид хамтран хэрэгжүүлэх стратегийнхаа талаар?

-Прага хотын амьтны хүрээлэн 2024 онд тахь болон монгол орны бусад зүйл амьтдыг танилцуулах шинэ үзмэр бүхий “Говь” үзэсгэлэнгийн танхимаа нээсэн юм. Тус үзэсгэлэн үзэгчдэд зөвхөн монголын говийн биологийн олон янз байдлыг танилцуулаад зогсохгүй тухайн нутгийн өв соёлтой танилцах боломж олгодог. Амьтны хүрээлэнгээс Говь үзэсгэлэнгийн танхимдаа олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, сонирхолыг татах сэдэвчилсэн эвэнтүүд зохион байгуулдаг. Тухайлбал, бид энэ жил анх удаа наадам хийсэн. Наамдын үеэр Чехийн олон нийт болон манай улсад ажиллаж амьдарч буй монголчууд олноор хуран цуглаж Монгол өв соёл, ёс уламжлалаас суралцахын сацуу тахь болон монгол орны бусад зүйл амьтадтай танилцсан сайхан эвэнт болсон. Бид цаашид Монгол улстай тогтоосон найрсаг хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлж, Дорнод аймагт, Нөмрөгийн дархан цаазат газрын орчны бүсийн Сүмийн хоолой хэмээх газар тахь сэргээн нутагшуулахаар эхлүүлсэн шинэ төслийн үйл ажиллагааг бэхжүүлэх болно. Дорнод Монголд нутагших тахийн эхний тээвэрлэлтийг 2029 онд хийхээр төлөвлөж байна. 

Эх нутагтаа идээшсэн тахь

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Р. Болор

МУИС-ийг экологич мэргэжлээр төгссөн. Байгаль хамгааллын менежментийн чиглэлд 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button