БаримтУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Ж.Золжаргал: Нам бол парламентын бодлого боловсруулах баг болохоос эдийн засгийг удирддаг корпорац биш

Нам байгуулахад сонгуулийн насны хүн амын нэг хувиас доошгүй гишүүн шаардах Үндсэн хуулийн заалт 2028 оноос хэрэгжих гэж байгаа нь залуусын улс төрийн оролцоог хумьж, жижиг намын эрхэд халдсан гэх шүүмжлэлийг нийгэмд өрнүүлж буй УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа. Намын гишүүнчлэл, төрийн өмчит компаниудын үр ашиг, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, татварын орчин, Оюу толгойн ногдол ашиг тойрсон асуудлыг тойрч ярилцсаныг хүлээн авна уу.  

-Ерөнхий сайд 100 гаруй төрийн өмчит компанийн удирдлагыг бүгдийг нь чөлөөлж, сонгон шалгаруулалтаар шинэ хүн тавина гэж байна. ТӨК-иудын алдагдлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлэхэд энэ нь өөрчлөлт авчрах уу?

-Төрийн өмчит компаниудыг ашигтай байлгая гээд хийж байгаа зөв алхам гэж бодож байна. Хүн солих нь нэг алхам мөн. Удирдлагыг сонгон шалгаруулалтаар шалгана гэж байгаа юм байна. Сайн хэрэг. Гэхдээ суурь асуудал нь бол төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэлбэрийг өөрчилмөөр байгаа юм. Хэлбэр гэдэг нь нээлттэй хувьцаат компани болгох. Компанийн засаглалд хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компани гэх мэт хэлбэр байдаг шүү дээ. Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгоод хувьцааных нь нэг хэсгийг Засгийн газар, нөгөө хэсгийг иргэд эзэмшинэ. Жишээ нь, "Эрдэнэс Тавантолгой" шиг тодорхой хувийг нь иргэдэд үнэгүй хувьчилсан даа. Цаашдаа нэмж гаргах хувьцаагаа хөрөнгийн биржээр борлуулж, Засгийн газрын оролцоог багасгаад явах хэрэгтэй гэж бодож байна.

-Монгол Улсад нүүрсний үнийн индекс гэж байхгүй. Үүнийг бий болгох хэрэгтэй-

-Та 2025 оны экспортын бүтцэд "Эрдэнэс Тавантолгой"-н урт хугацааны том гэрээнүүдийн эзлэх хувийг дурдахдаа биржийнх 20 орчим хувьтай байна гэж хэлж байсан. Энэ харьцаа одоо ямар байгаа бол?

-Харбины хэлэлцээрийн үеэр Монгол Улс хэт их хэмжээний нүүрсийг урт хугацааны ам нөхцөлөөр, хямдруулсан үнээр зарчхаад, бирж дээрээ маш багыг зарж байгааг шүүмжилсэн хэрэг. 80:20 байсан харьцаа энэ жилээс бараг тэгширч, ойролцоогоор 50:50 болсон байна лээ. Өөрөөр хэлбэл, манай нүүрсний 50 орчим хувь нь бирж дээр зарагдсан. Энэ бол сайн хэрэг. Урт хугацааны ам нөхцөлөөр, хямдралтай үнээр хийсэн том дүнтэй гэрээнүүдийн хугацаа одоо үндсэндээ дуусаж байна. Тэгэхээр дахиад ийм том гэрээ хийхдээ төрийн өмчит компанийн зарж буй нийт нүүрсний гуравны нэг, хамгийн ихдээ талаас илүү хэсэг нь хямдралтай ам нөхцөлтэй байж болохгүй гэсэн зарчмыг баримталмаар байгаа юм. Гэтэл эдгээр гэрээ дуусаж байхад тэдгээрийн нийлбэртэй тэнцэх хэмжээний том гэрээ дахиад яригдаж байна. Одоохондоо тав, зургаан сая тонн нүүрс гэж байгаа ч цаашид жилд 20 сая тонныг “China Energy” гэдэг ганц компани харьцангуй хямдралтай үнээр авах гэж байгаа шүү дээ. 

Монголын нүүрсийг яавал боломжийн үнээр зарах вэ гэдгийг Монголын компани, Монголын Засгийн газар бодож байх ёстой. Гэтэл бидэнд үнийн бодлого гэж юм алга. Монгол Улсад нүүрсний үнийн индекс гэж байхгүй. Үүнийг бий болгох хэрэгтэй гэдгийг би уул уурхайн сайдыг томилогдох үед нь л хэлж байсан. Манайх шиг нүүрс зардаг Индонез, Австрали, Хятад бүгд үнэ тооцдог индекстэй. Гэтэл Монгол Улсын экспортын гол орлого нь нүүрс. Бид Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч. Хятад бол дэлхийн коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч. Ийм атал Монголд нүүрсний үнийн индекс байхгүй байгаа нь буруу. Тиймээс Монголын нүүрсний үнийг тогтоодог үндэсний индекс боловсруулж, үнийн зөвлөл ажиллуулах хэрэгтэй. Тэр нь төрийн өмчит компани дотор эсвэл Сангийн яамны хүрээнд биш, төрийн болон хувийн хэвшлийн нүүрс борлуулдаг бүх талыг оролцуулсан тусдаа байгууллага байх ёстой. Тэгээд хөрөнгийн биржтэй зөвшилцөж, судалгаагаа нийлүүлж байж үнээ гаргадаг.

Ямар нэг байдлаар мөнгө олох хэрэгтэй учраас хямд үнээр ч хамаагүй зарах том дүнтэй гэрээ хийгээд, тэр мөнгөөрөө улс төрийн амлалт, сонгуулийн өмнөх шоу, санал худалдан авах аргадаа ашигладаг энэ байдлаасаа салах хэрэгтэй. Нүүрсний хулгайгаар баахан сонсгол хийсэн ч тэр нь эсрэгээрээ намын доторх талцал болж хувирсан. Энэ бол дуусахгүй сэдэв. Тиймээс нээлттэй, биржээр түлхүү арилжаалах, Монголын үндэсний үнийн индекстэй болох, цаашид ам нөхцөлтэй гэрээг аль болох хязгаарлахын төлөө нэгдэж, зүтгэх ёстой.  

-Өчнөөн жил экспорт хийчхээд энэ хооронд яагаад үндэсний үнийн индексээ ч гаргаагүй юм бол. Та үүнийг сайдад нь хэлсэн гэлээ. Хууль тогтоогчийн хувьд та өөрөө энэ асуудлыг манлайлаад явах, ямар нэг үйлдэл хийв үү?

-Жишиг үнэ гэж нэг юм байдаг. Монголоос гарч байгаа нүүрс 70 ам.доллароор зарагдсан ч бай, татвар, нөөцийн төлбөр авах үнээ 130 ам.доллароор тооцно гээд Сангийн яам тулгачхаад, төрийн болон хувийн компаниудаас авчихдаг. Тэгээд сэтгэл ханачихна. Яагаад гэвэл "Нүүрсний үнэ сайн байхад нь татвар аваад төсвөө бүрдүүлэхэд зарцууллаа" гэж боддог. Гэтэл татвар авах нь Сангийн яам, Засгийн газрын л асуудал. Улсын төсөвт хэрэгтэй. Гэтэл Монгол Улс чинь ганцхан улсын төсөвт анхаарах ёстой биш шүү дээ. Тэнд ажиллаж байгаа компани, уурхайчид, тээвэрчид бүгд Монгол Улсын хамаарах ёстой сэдэв.

Тэгэхээр зөвхөн татвар авах үнээ биш, Монгол руу орж ирж байгаа нийт үнийн дүнг өсгөх нь төрийн бодлого байх учиртай юм. Татвараа аваад болчхож байгаа учраас сэтгэл ханамжтай, цаашаа нэг их хөдөлж хүчилж өгдөггүй.Энэ талаар би Сангийн яамны жишиг үнэ тогтоодог зөвлөлтэй зөндөө маргалдаж, мэдээлэл солилцож байсан. Өөрчлөгдөж өгдөггүй юм. Одоо Эдийн засгийн байнгын хороон дээр энэ асуудлыг гаргаж тавиад, салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор дахиад хөндөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгэхгүй бол Засгийн газрын хэмжээнд яриад нэг их нэмэр алга.

-Ногдол ашгийг бэлнээр тараах нь эдийн засагт хортой-

-Оюу толгойн ногдол ашгийг яах гээд байгаа нь тодорхойгүй, иргэд хүлээлттэй хэвээр. Байнгын хороогоор 100 мянган иргэний гарын үсэг зурсан өргөдлийг хэлэлцэх гэж байгаа. Гэтэл нөгөө талд нь “Оюу толгой” компанитай үнэхээр ногдол ашиг авах талаар тохирсон юм уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойгоос ногдол ашиг авах хугацааг наашлуулсан нь бол нэг том алхам мөн шүү дээ. Та бид хоёр жишээ ньнэг компани байгуулчхаад, бүх өрөө дарсныхаа дараа л ногдол ашиг хуваана гэж тохирсон байг. Гэтэл бидний борлуулж байсан зүйлийн үнэ хэд дахин нэмэгдээд, их мөнгөтэй болчихлоо. Тэгвэл "За, эртхэн юмаа авчихъя, амьдрал хэцүү байна шүү дээ" гэх   бол хэвийн бизнесийн харилцаа. Манайхан үүнийг харин ч эрт шахах ёстой байсан. Одоо болсон яах вэ, ингээд ямар нэг тохиролцоонд хүрсэн нь зөв алхам, амжилт гэж үзэж байна.

Харин ирэх онд ногдол ашгаа яг өгөх, эсэх тухай мэдээлэл нарийн мэдээлэл надад алга. Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр “Тохирчихсон, өгнө” л гээд байгаа. Тэгэхээр өгөх байх гэж бодож байна. “Монгол Улсын Засгийн газар “Онтре” компанитай нөгөө хоёр ордын лиценз, тусгай зөвшөөрлийн талбайн асуудлаар гэрээ хийчхээгүй байгаа. Тэр гэрээг хийлгэхийн тулд тохироод, ногдол ашиг өгөхөөр болчихсон юм биш биз” гэж зарим улстөрч хардаж байгаа шүү дээ. Би ч үүнийг сонирхож харж байна. Гэхдээ надад батлах зүйл алга.

Лиценз шилжүүлсэн юм шиг татвараа төлчихсөн байдаг, манайхан болохоор хүлээж авсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Гэтэл “Онтре” компани саяхан нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө босгож байгаа мэдээлэл гарсан байна лээ. Тиймээс компанийн гүйцэтгэх удирдлага албан ёсоор, бичгээр тайлбар өгөх ёстой гэж үзэж байгаа. Хэрэв тэр компани лиценз шилжүүлсэн мэтээр мэдээлэл гаргаад, дараа нь хувьцааныхаа үнийг өсгөсөн бол эрх зүйн хувьд зөрчил байх ёстой. Энэ зүгээр нэг хүний мэдүүлсэн зүйл биш шүү дээ.  

-Авахаар боллоо гэхэд Баялгийн сандаа хийх үү, иргэддээ хувааж өгөх үү гэдэг маш том асуудал нийгэмд өрнөж байна. Талцуулсан нь улстөрчид өөрсдөө байдаг...

-Наадахыг чинь би харин ойлгоогүй. Засгийн газар эхлээд 2 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ, цахилгаан станц барих гэхчлэн том төсөл рүү хийнэ гээд төсөвт оруулж ирсэн. Гишүүд ч гэсэн тэр мөнгөөр нь ийм гоё гоё юм барина гээд бодчихсон байсан. Гэтэл гэнэт “ард түмнээсээ асууя” гэсэн. Төрийн төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтад итгэдэг ард түмэн хаана байгаа юм. Мэдсээр байж тэгж асуучхаад "Ард түмэн мөнгөө авъя гэж байна" гээд төсвийн хуулиар оруулж ирсэн саналаа буцааж татчихсан нь нэг тийм техникийн арга л байх болов уу гэж бодсон.

-Хэрэв энэ асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр оруулж ирлээ гэхэд та дэмжих үү? 

-Бид уг нь энэ талын хуультай шүү дээ. Тэр нь Баялгийн сангийн тухай хууль. Тэр хуулийн дагуу ногдол ашиг баялгийн сандаа орж хуримтлагдах ёстой. Хүн болгоны нэр дээр хуримтлагудаад ирээдүйд боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлдээ ашиглаж болно гэсэн байгаа. Байгаа хуулиа бүгдээрээ хэрэгжүүлж сурмаар байна. Энэ бол миний анхнаасаа баримталж ирсэн байр суурь.

Жил болгон өөр хууль, өөр дүрэм гаргаад “Энэ жил энэ мөнгийг аваад тийм зүйлд зарцуулчихъя" гэх юм бол олон жил хэлэлцүүлэг хийж, бөөн юм болж байж баталсан Баялгийн сангаа яах юм. Тэрийгээ ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Энэ мөнгө орох юм бол Баялгийн сандаа л байх хэрэгтэй. Хүмүүсийн хувьд өнөөдрийн өр зээлээ 800 гаруймянган төгрөгөөр ч гэсэн бууруулъя гэхээр сайхан л санагдах байх. Гэхдээ минийхээр ийм хэмжээний бэлэн мөнгө гэнэт тараавал энэ нь Монголын эдийн засагт хортой үзэгдэл болно. 

-Та сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор залуусын үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхэд халдах болсныг нэлээд ярьж байна. Дор хаяж 20 мянган иргэн нэгдэж байж нам байгуулах гэдэг заалт яагаад болохгүй гэдгийг Та уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Монголд нэг том авлигын систем бий болсон. Энэ хаанаас үүсэлтэй вэ гэж бодохоор эцсийн дүндээ масс буюунамын сүрэглэсэн гишүүнчлэлээс үүдэлтэй. Хэдэн арван мянга, хэдэн зуун мянгаараа энэ хүмүүс яах гэж улс төрийн намд орж байгаа юм бэ? “Энэ намд орчихвол наад зах нь хүүхдийн маань сургуульд хэрэгтэй, өөрсдөө ч ажил төрөлтэй байх, албан тушаал  ахихад тустай. Цагаан сар, Ахмадын баяраар бэлэг сэлт тараавал арай түрүүлээд авчихна” гэж боддог. За арай томрохоороо “Төрийн худалдан авалтад орно. Тэнд манай намын хүмүүс тийм албан тушаалд байгаа учраас миний бизнес хөгжинө” гэж нам дагах хэсэг нь байхад зэрэгцээд нөгөө талд нь төрийн албанд орж, карьераа өсгөхийн төлөө орно. 

Ийм нөхцөлд гадаадад олон жил сурч, ажиллаж ирсэн мэдлэг боловсролтой сайхан залуус Монголд карьер хийхийн тулд “Намд л орвол зүгээр юм байна” гэж эрхгүй бодно. Жижиг намууд нь “За бид энэ удаа энэ хэсгийг нь авъя, дараагийн удаад заавал энийг нь авна даа” гэх маягаар ингэж явсаар манайд нам гэдэг нийгэм, эдийн засаг, төрийн алба, тэрийгээ хамгаалахын тулд хүчний байгууллага, тусгай албыг хүртэл битүү хамарч, улс төрийн бодлогын баг биш, бүхэлдээ эдийн засгийн корпорацын хэлбэрт орчихсон.

Гэтэл улс төрийн нам гэдэг бол бодлого боловсруулах баг шүү дээ. Бодлогыг мэдлэгтэй хүмүүс боловсруулж, туршлагатай хүмүүс хэрэгжүүлдэг. Хэдэн арав, зуун мянгаараа сүрэглэсэн намын гишүүд энэ бодлогыгболовсруулж, хэрэгжүүлэх боломжгүй. Ангийн тэмцлийн үед буюу 20 дугаар зууны эхэнд бий болгосон энэ сүргийн бүтэц 100 жилийн дараа ч байгааг өөрчлөх ёстой. Сүрэг гишүүнчлэлийг бүр хориглох хэрэгтэй байгаа юм. Гэтэл эсрэгээрээ сүрэг гишүүнтэй байх ёстой гэсэн нэмэлт өөрчлөлтийг 2019 онд Үндсэн хуульд оруулчихсан. Сонгуулийн насны хүн амын нэг хувиас илүү гишүүнтэй байна гээд. Би энд зөвхөн нам байгуулах тухай асуудал яриагүй. Монголд нам зөндөө л байна шүү дээ.

Харин намын сүрэг бүтэц Монголын улс төр нийгэм, эдийн засгийг бүхэлд нь авлигад автах үүр уурхай, үндсэн шалтгаан болоод байгаа учраас “20 мянгаас дээш гишүүнтэй байна” гэж биш,  магадгүй “20 мянгаас доош гишүүнтэй байна” гээд ганц, хоёрхон үсэг солиход л энэ нүсэр бүтцийг задлах өөрчлөлтийн эхлэл болно.

Өнөөдрийн манай улсын эдийн засаг тэр чигээрээ улс төрийн эдийн засаг болчхоод байна. 70 гаруй хувь нь төрийн оролцоотой буюу намын эдийн засаг. Тал нь төрийн өмчит компани, тал нь төсөв. Үндсэндээ “Бид л эзэн нь байгаад байя” гэж байна.

-“20 хэдэн мянган гишүүнтэй байх гэсэн шаардлага дэлхий дээр байхгүй. Германд ч намын гишүүнчлэлд тоо заадаггүй юм байна” гэж та байр сууриа илэрхийлсэн байсан. 

-Тийм ээ. Узбекистан зэрэг ганц нэг орон намын гишүүнчлэлийг хүн амынхаа 0.1 хувь гэж байгаад сүүлдээ бүтэхгүй юм байна гээд больсон. Бодит байдал дээр хүмүүс үзэл санаагаараа нийлээд нам байгуулна уу, тэр нь сонгуульд ялна уу, үгүй юү гэдэг тэдний өөрсдийнх нь эрх шүү дээ. Манайхан “цүнхний нам” гэж хүмүүсийг шоовдорлодог юм билээ. Ирээдүйд шал өөр орчинд өссөн тав, 10 залуу нийлээд одоогийнхоос өөр арга барил, өөр технологи, өөр үзэл баримтлалтай нам байгуулах гэвэл яах вэ? Тэдэнд “Үгүй ээ, та нар заавал 20 хэдэн мянга болох ёстой, сум, аймаг болгонд хороотой бай” гэж тулгах чинь “мөнгөний систем рүү ор, эдийн засгаа эзлэн түрэмгийл” гэсэн үг. Үүнийг л би эсэргүүцээд байгаа юм. Эрдэмтэн судлаачид, хуульчид байр сууриа илэрхийлж байна. Олон улсын байгууллагууд ч ийм зүйл бүтэхгүй гэсэн дүгнэлтийг аль тэр үед хэлж сануулж л байсан юм билээ. 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх учраас үүнийг анхаарч наана нь Үндсэн хуулиа өөрчлөх юм уу, эсвэл хэрэгжих хугацааг нь хойшлуулах хэрэгтэй. Үндсэн хууль өөрчилнө гэдэг маш том, хэцүү асуудал л даа.

“Нийт хүн амын нэг хувиас дээш иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна” гэж байгаа. Эвлэлдэн нэгдэнэ гэдэг нь юу гэсэн үг юм. Гишүүд нь юм уу, эсвэл дэмжигчид нь байж болох юм уу гэдгээ тодорхой бичих хэрэгтэй. Дэмжигч гэвэл яах юм. Хэд хэдэн нам гарч ирээд, 20 хэдэн мянга, 30 мянга, 100 мянган гишүүнтэй гэвэл бүгдийг нь тулгаж үзэх юм уу, яаж хянах юм. “Болдоо гэдэг хүн энэ намд ч бүртгэлтэй, тэр намд ч бүртгэлтэй” гээд ард түмнээ хэдэн “хашаа”-нд хувааж, ялгаварлан гадуурхаж, намын тамга дарах гэж байгаа юм уу. Ийм балай юмнаас болоод монголчууд бид гэр дотроо ч хуваагдаж талцаж байна шүү дээ.  

-Намын сүрэг бүтэц Монголыг авлигад автуулж байгаа үндсэн шалтгаан учраас үүнийг задлах ёстой-

-Үүнийг өөрчлөхөд юу хамгийн чухал вэ. Улстөрчдийн манлайлал, эр зориг уу? 

-Таны хэлснээр эр зориг хэрэгтэй. Үүнийг болохгүй байгааг ер нь хүмүүс ойлгож байгаа. “Уг нь ч тийм шүү” гээд том намын гишүүд ч ойлгож байна. Залуучууд, эрдэмтэн судлаачид  ойлгож байгаа. Тэгээд яагаад зүгээр дуугүй байгаад байна вэ гэдэг асуулт гарна аа даа. 

Нам гэдэг бүтэц эдийн засаг, төрийн албыг эзэлснээр хүн амын 20 хувь нь л тэндээс ашиг хүртэнэ. Учир нь эдийн засгийн нөөц боломж өөрөө хязгаарлагдмал. Бүх иргэнээ намдаа оруулах боломжгүй. Тэгээд хүн амын 80 хувь нь ялгаварлан гадуурхалтад өртөж, бизнес хийх гэхээр төрийн худалдан авалтаар дарамтлуулж, бизнес нь агшиж, унаж босоод, гомдоллоод явж л байна. Намын мафижсан системээр дарангуйлж байгааг ханз татаж хаях хэрэгтэй. Үүнийг ойлгуулахын тулд би хэд хэдэн алхам хийж байгаа. Нэг нөхөр энд УИХ-ын гишүүний хувиарасуудлыг гаргаж тавих гэж оролдоод л явж байна. Энэ өөрөө жижиг асуудал биш. Гэхдээ аливаа юм жижгээс эхэлдэг учраас одоогоор нэг их газар авахгүй байгаад би өөрөө айхтар сэтгэл зовох юм алга. Чухал асуудал учраас бууж өгөхгүй. Цаашид харин ч газар авах ёстой. Хүн амын 80 хувь нь хэт намчирхал, намын эдийн засаг, нам гэдэг юм төрийн алба, эдийн засгийг эзэлж авснаас болж улсаараа хохирч байна. Эдийн засгийг намын дарангуйлал дотор байлгаж болохгүй.

-Та одоо ХҮН намдаа байна уу, үгүй юу?

-Би 2025 оны наймдугаар сарын 22-нд намаас гарах өргөдлөө өгчихсөн шүү дээ. Намын гишүүнчлэлгүй байгаа. Мэдээж нам гэдэг зүйл хэрэгтэй. Парламентын бодлого боловсруулах баг учраас. Түүнээс биш нам бол эдийн засгийг удирддаг корпорац биш. Үүнээс салгаж авах нь гол асуудал байна шүү дээ. Нам бодлогын баг байг, түүнийг олон түмэн дэмжинэ. Нам итгэл эвдвэл хаячхаад өөр намыг дэмжээд явж болно.

Залуучуудыг улс төрийн оролцооноос тусад нь гаргаж хаячхаад, одоо байгаа 100 мянга, хэдэн зуун мянган гишүүнээрээ хэр хол явах билээ дээ. Ойрын 10, 20 жилдээ асуудалгүй гэж бодож магадгүй. Гэтэл улс төрд оролцох нь хүний суурь эрх. Хэдүүлээ нийлж нам байгуулаад парламентад оролцох боломжгүй болбол өөр байдлаар заавал оролцоно. Тэр оролцоо нь гудамжинд гарч ирдэг юм. Олон улсад болж байгаа үймээн самуун эндээс л үүдэлтэй.

-Та парламент дотор ганцаардаж байна уу?

-Үгүй ээ. Янз бүрийн чиглэлээр хуулийн төсөл дээр хүмүүстэй хамтарч ажиллаж л байна шүү дээ.

-“Эрх баригчдыг дэмий шүүмжлэхээс өөр шидгүй байна, сөрөг хүчин ч нэмэр алга, бусад намын бүлэг ч нэмэргүй юм” гээд олон нийт аль алинд нь итгэхэд хэцүү байна. Та сөрөг хүчин, бусад намын төлөөллийн ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Холимог парламентын 126 гишүүнтэй анхны парламент бэхжиж, тогтоход хугацаа орох байх. Харьцангуйшүүмжлэлт байр суурь, парламентын ардчилал, хяналт өмнөхөөсөө илүү нэмэгдсэн болов уу гэж бодож байна. Энэ сайн хэрэг шүү дээ. “Эв нэгдэлгүй, ажил урагшаа явахгүй байна” гэдэгтэй би нэг их санал нийлэхгүй. Суурь өөрчлөлт хэрэгтэй байгаа. Энэ бол төрийн оролцоотой эдийн засаг буюу намын эдийн засгийг 80 хувиас 40 хувь руу, түүний талаар ч бууруулах тухай асуудал.

-Татварын дарамт, үнийн өсөлт, инфляц ямар байгаа билээ. Нээлттэй өргөдлийн системд иргэдээс 100 мянган гарын үсэг цуглуулсан өргөдлүүд дунд татварыг бууруулах санал түгээмэл. ХАОАТ, НӨАТ-ыгбууруулах ямар ч боломжгүй гэдэг. Та үүнийг юу гэж хардаг вэ?

-Татварыг бууруулахаар урсгал зардлаа дийлэхээ болино гэсэн маргаан гардаг шүү дээ. Яг гарах ёстой маргаан нь гарч байна, өвдөж байна гэж би хардаг. Тэгэхээр урсгал зардлаа л танах ёстой гэсэн үг. Данхар бүтцээ багасгах, хэрэггүй яамдаа таллах хэрэгтэй. Ер нь төрийн яамд, агентлаг, ТӨК-иудын орон тоог шууд талаар нь багасгамаар л байдаг. Энэ олон яамд хэрэггүй. Эдийн засаг дахь төрийн оролцоо 80 биш, 40 хувь, төсөв 40 биш, 20 хувь байх ёстой. Ингэвэл зардал хэмнэгдэнэ. Хэмнэсэн зардлаараа татвараа бууруулж болно. Данхар бүтцээ хадгалсаар байж татвараа бууруулах боломжгүй.

Татвар бууруулахаар орлого олохын тулд төрийн өмчит компаниуд нэмэгдэнэ. Төрийн өмчит компани нэмэгдэхээр намын дарга нар улам их эдийн засгийг гартаа оруулна. Шударга бус байдал улам нэмэгдэнэ. Ийм сүүдэртэй тал бий. Тиймээс татвар бууруулахыг шаардаж байгаа бол дагаад төрийн данхар бүтцийг бууруулж таарна.

-Дэд байнгын хороодыг 11-ээс 8 болгосон. Одоо буцаагаад 8-аас 11 болгох гэж байгаа гэсэн. Дээр нь дэд сайдтай болох гэж байгаа гэсэн шуугиан дуулдах юм.

-Байнгын хорооны тоог нэмэхийг би эсэргүүцэхгүй, хэрэгтэй л юм. Энэ бол төсөв зарцуулж, ажил хийж байгаа Засгийн газрыг юу хийж байна, төсвөө зөв зарцуулж байна уу, хуулиар заасан ажлаа хийж байна уу гэдгийг хянадаг Их Хурлын нэг баг. Түүний төсөв улсын юманд нөлөөлөх хэмжээний зүйл биш.

Дэд сайдын тухай яриаг би сонсоогүй, үнэндээ залхаж байна. Ерөнхийдөө дэд сайд гэдэг намын кадр бэлтгэх нэг тийм албан тушаал байсан шүү дээ. Зарим дэд сайд зайлшгүй хэрэгтэй гэсэн, мэдэхгүй. Ажил хариуцаж байгаа хүмүүс хэрэгтэй гэж үзээд л томилоод явдаг байх гэж бодож байна даа.

Төрийн оролцоог бууруулахаар нийгмийн халамжаа бүр хаях гэж байгаа юм уу гэж манайхан ярьдаг шүү дээ. Тийм зүйл огт биш. Төрийн оролцоо их байснаараа илүү зэрлэг капитализм руу орж байгаа юм. Учир нь төрийн оролцоо гэдэг нэрийн цаана намын эдийн засаг байгаа. Нам гэдэг чинь масс шинжээсээ болоод ашиг сонирхлын бүтэц болчихсон. Тиймээс өөртэйгөө холбоотой том бизнесүүдийн лоббигоор хөдөлдөг. Өөрөөр хэлбэл, хөрөнгөтний бүтэц. Данхар төр бол хөрөнгөтний бүтэц болохоос ард түмний бүтэц биш. Тэгэхээр яг эсрэгээр нь яриад байгаа юм. Данхар байж байж ард түмнээ тэжээж байгаа юм биш шүү дээ. Харин түүнтэй нийлдэг том бизнесүүдийг тэжээж, чирч яваа юм. Ард түмний 80 хувь нь энэ данхар бүтцээс хүртэхгүй байна. Тийм учраас энэ бүтцийг багасгах нь суурь улс төрийн өөрчлөлтийн хувьд зөв. Айгаад байх юм байхгүй.

-2027 оны төсөвт эрчим хүчний төслүүдийг Оюу толгойн ногдол ашгаас санхүүжихээр тусгасан байсан нь худлаа боллоо. 10 аймгийн дулааны станцаас эхлээд эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийг хойшлуулаад яваад байх нь хэтдээ хор хөнөөлтэй шүү дээ. 

-Дулааны III, IV цахилгаан станцын турбин, генераторын шинэчлэлийн ажлыг зээл аваад явуулж байгаа юм байна лээ. 10 аймгийн дулааны станцын дампуурчихсан төслийг бол хойшлуулахгүй хэрэгжүүлэх л хэрэгтэй. Үүнийг дараа жилүүдэд гадаадын зээл, тусламжийн хэлбэрээр оруулаад явуулах нь илүү гэж бодож байна. Сүүлийн хэдэн жилд хувийн хэвшлийн хэд хэдэн цахилгаан станц, нүүрсний болон сэргээгдэх эрчим хүчний станц баригдсан. Дажгүй юм явж байна.

Эрчим хүчний салбарын хувьд миний бодлоор төсөвт мөнгө тавихаас илүүтэй өрсөлдөөнт зах зээл үүсгэх хэрэгтэй. Та шинэ том үйлдвэр барих гэж байна, хэрэглэгч болно. Би цахилгаан станц барина. "Миний цахилгааныг улсын сүлжээгээр дамжуулж худалдаж ав" гэнэ. Та бид хоёр үнээ хоорондоо тохирно. Энэ нь төрд хамаагүй. Төрд бид сүлжээгээр дамжуулсны төлбөрөө төлнө. Ийм харилцааг нээж өгөх нь 2024 онд шинэ Улсын Их Хурлаас байгуулсан эрчим хүчний эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн гол даалгавар байсан. Харамсалтай нь тэр ажлын хэсэг цахилгааных биш, дулааныхыг нь эхлүүлье гээд, тэр нь ч олигтой юм болсонгүй. Явцын дунд унтраад, байхгүй болчихлоо.

Үүнийг л хийх хэрэгтэй. Б.Найдалаа сайд үүнийг санаачлах болов уу гэж харж л байна. Өмнөх сайдыг ч бас тэгж харж байсан. Ийм суурь зүйлээ хийж, олон тоглогчийг оруулж ирээд, улс нь сүлжээгээ барьдаг байх ёстой. Тэгэхгүй бол та бид хоёр цахилгааныхаа үнийг хоорондоо тохирохгүй. Би Засгийн газартайгаа үнээ тохирчихно. Та надаас 7 центээр авах боломжтой байсан бол би Засгийн газартай 9 центээр тохирчхож байгаа юм. Яагаад гэвэл тэнд миний найз нар байна шүү дээ. Парламентад нөлөөтэй, надад ашигтай гээд. Ийм зүйл рүү оруулахгүй байх нь эрчим хүчний хамгийн гол асуудал. Суурь зүйлээ хийхгүйгээр жил болгон "өвөл боллоо, хөлдлөө, тэдэн зуун тэрбум хэрэгтэй" гээд л байвал хэзээ ч юм сайжрахгүй.

-2028 оны сонгуульд та нэр дэвших үү?

-Мэдэхгүй байна. Нөлөө гаргаж болдог юм бол хүмүүс улс төрд орох хэрэгтэй. Чадахгүй, нөлөө байхгүй бол цагаа бараад яах вэ дээ. Монголд иргэн бүр улс төрд орох, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үндсэн хуулийн энэ заалтыг жинхэнээсээ боломжтой юм байна гэдгийг манай нөхдүүд харуулсан. Дахиад олон залуучууд улс төрд орж ирэх ёстой. Тиймээс улс төрд олон хүн, мэргэжлийн хүмүүс, залуучууд орж ирээсэй гэж хүсдэг. Ийм боломж нээлттэй байх үед нь би парламент руу “гудамжаар” давхиж явж байгаад нөхөдтэйгөө орж ирсэн. Одоо гэтэл өөр залуучууд орж ирэх гэхээр “та нар эвлэлдэн нэгдэж болохгүй” гэж байгаа юм шиг тооны хязгаар заачихаар утгагүй хэрэг. Ийм балай юмыг л өөрчлөх хэрэгтэй.

-Та өөрийнхөө ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би урдах ажлаа сайнаараа хийхийг хичээгээд л явж байна. Дүгнэлтийг сонгогчид хийнэ. Цаг, боломж, бүх юмаа зарцуулаад л явж байна.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button