Ираны дайнаас хойш зогссон Украины дайныг зогсоох хүчин чармайлтыг дахин эхлүүллээ
АНУ хоёрдугаар сард Израилын хүслээр Иранд цохилт өгч дэлхий даяар инфляц, эрчим хүчний үнийг өсгөсөн дайн эхлүүлсэн. Дайны улмаас АНУ-ын Украины асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлт зогсонги байдалд орсон юм. Тэгвэл Вашингтон, Москва, Киевийн албан тушаалтнууд АНЭУ-ын нийслэл Абу Дабид мягмар гарагт /2026.11.10/ уулзаж, Украины дайныг зогсоох хүчин чармайлтаа дахин эхлүүллээ.
Абу Дабид болсон уулзалтыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио маш үр дүнтэй явагдаж гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэхдээ, хүмүүнлэгийн болон аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцсэн бүтээлч болон ач холбогдолтой уулзалт боллоо гэжээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Өөрчлөлтүүд гарсан гэдгийг олж харлаа. Уулзалтаас сонссон зүйлсдээ их баяртай байна. Дайны олзлогсдыг суллах асуудал бол нэн тэргүүний зорилт. Уулзалт дээр Украинд аюулгүй байдлын баталгаа олгох талаар болон тэр баталгааг урт хугацаанд хэрэгжүүлэх үндэс суурийн талаар дэлгэрэнгүй ярилцсан” гэж бичсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хэлэхдээ, лхагва гарагт /2026.11.11/ үргэлжлэх хэлэлцээнээс өмнө уулзалтын үр дүнг дүгнэхэд хараахан эрт байна гэжээ.
Уулзалтад АНУ-ыг төлөөлж оролцсон албан тушаалтнуудын нэг болох Дональд Трампын хүргэн Жаред Кушнер сошиал хуудас дээрээ “Өнөөдөр явагдсан бүтээлч хэлэлцүүлэг бидэнд урам зориг өглөө. Бүрэн эрхт, аюулгүй, хөгжин цэцэглэсэн Украиныг үүсгэж, Европ даяар энх тайван цогцлооход шаардлагатай аюулгүй байдлын зохицуулалт бий болгохыг АНУ зорьж байна” гэсэн юм.
АНУ-ын талаас өөдрөг мэдэгдэл гаргаж байгаа ч ОХУ, Украин зөвшилцөлд хүрэхээс хол хэвээр байна. Дайн дууссаны дараа аюулгүй байдлын баталгаа авахыг Москва, Киев нар аль аль нь хүсэж байгаа. Мөн Москва Украиныг НАТО-д элсэхгүй байж, төвийг сахисан байр суурь баримтлахыг шаардсан билээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.