Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 10.00 цагаас эхэллээ
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10.00 цагт Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нартай холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, шүүх хурлын товыг тогтоох юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай нь Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслүүдтэй холбоотойгоор эхнэр болон хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм. Тодруулбал, цагдаагийн байгууллагын мэдээлснээр Туулын хурдны зам болон 1-р тойрог замын төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс,
- Эхнэр болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
- Эхнэрийнх нь найзын байгуулсан хоёр компанид 709 сая төгрөг,
- Мөн эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компаниар дамжуулан 47.9 сая төгрөгийг ажил гүйцэтгэсэн мэтээр шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлж байв.
Улмаар Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр яллагдагчаар татаж, 2026 оны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаар 83 хоног хоригдоод, суллагдсан юм.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хужаагийн 25-тай хурлийзууд бнаа !